• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Авто замчдын олон жилийн хөдөлмөрийг үгүйсгэн, улс төр хийж байна гэв

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Авто замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар  авто замын инженер Б.Наранбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн үед авто замын бүтээн байгуулалтын талаар илт худлаа мэдээлэл тарах боллоо.

Тухайлбал, Монгол Улсын авто замчид 2012 оныг хүртэлх 80 гаруй жилийн хугацаанд 2,964 км зам барьсан бол 2012 оноос хойш гурван жил гаруй хугацаанд 3,405 км зам барилаа гэж илт ташаа мэдээлж үе үеийн авто замчдын 80 гаруй жилд хийж бүтээсэн хөдөлмөрийн үр дүнг үгүйсгэж байна.

Монголын авто замчид 2012 оныг хүртэлх хугацаанд хатуу хучилттай 2,947.9 км, хайрган хучилттай 1,111.8 км, нийт 4,059.7 км авто зам, 6 метрээс дээш урттай 277 ширхэг 12,260 урт метр гүүрийг барьж байгуулсны дээр автомашин явах боломжгүй олон давааг засаж намсгасан байдаг бөгөөд 2012 онд нийт 3.183 км замын ажил хийгдэж байсан.

Тиймээс сүүлийн гурван жил гаруй хугацаанд 3,405 км авто зам барилаа гэдэг нь ч үндэслэлгүй худлаа юм. Авто зам барих ажил нь ихээхэн хугацаа, хүн хүч шаардсан ажил байдаг. Сүүлийн гурван жил гаруй хугацаанд барьсан гээд байгаа 3,405 км авто замын 2,067.2 км буюу 61 хувь нь 2012 оны зургаадугаар сараас өмнө хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэн, гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэн барьж байсан зам байдаг.

Сүүлийн гурван жил гаруй хугацаанд 3,405 км авто зам барилаа гэдэг нь ч үндэслэлгүй худлаа.

3,405 км авто замын 1,000 км авто замын ажил нь 2012 оны зургаадугаар сарын байдлаар 50-95 хувь нь хийгдчихсэн байсан боловч дөнгөж 19,4 км зам ашиглалтад орсон нь ажил нь дууссан зарим замыг зориудаар ашиглалтад оруулаагүй байгаа нь харагдаж байгаа юм.

Ажил нь дууссан байхад замыг хүлээж авахгүй байх нь замын компаниудад хүндээр тусдаг. Замаа хүлээлгэж өгч байж ажилчдынхаа цалинг тавина шүү дээ. Сүүлийн үед замын бүтээн байгуулалтын салбарт ажиллаж буй иргэд цалин авна гэдэг хэцүү асуудал болоод байна.

Авто замчдын олон жилийн хөдөлмөр бүтээлийг өөрсдийн хийсэн ажил мэт худал мэдээлэл тарааж улс төрийн зорилгоор ашиглаж байгаа явдлыг олон түмэнд үнэн бодитоор нь ойлгуулах гэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1,000 гаруй км авто зам барилгын ажил хийгдэж байгаа. Үүнээс 800 гаруй км авто зам барилгын ажлыг нэг их наяд орчим төгрөгөөр концесс нэрийн дор гадны компаниудаар бариулж байгаа. Хэрэв 800 км авто замыг санхүүгийн зөв эх үүсвэрээр барисан бол 700 орчим тэрбум төгрөгөөр бариулах бүрэн боломж байсан. Зөрүү болох 300-400 тэрбум нь хөрөнгө оруулагчийн ашиг, хөрөнгө оруулалтын санхүүгийн зардал, гадны даатгалын компаниудад даатгал нэрээр очиж байгаа нь цэвэр гадны зах зээлийг дэмжсэн хөрөнгө оруулалт болж хувираад байна.

Концесс нэрийн дор гаднаас оруулж ирж байгаа хөрөнгө нь хөрөнгө оруулагчдын нэг халааснаас нөгөө халаасанд орж Монголын зах зээлд хангалттай хэмжээнд эргэлдэхгүй байна. Учир нь хөрөнгө оруулагчид тухайн авто замыг мөн л гадны компаниудаар бариулж байгаа бөгөөд бүх түүхий эд материал, тоног төхөөрөмж, хүн хүчээ гаднаас оруулж байна.

Энэ нь өнөөдөр гадны зах зээлийг дэмжсэн, дотоодын аж ахуйн нэгжүүд, түүнд ажиллаж байгаа ажилчид, тэдгээрийн гэр бүл орлоггүй байх, ажилгүй байх үндсэн шалтгаан нь боллоо” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг