Улаанбаатар хотын Цагдаагийн газраас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн хонхны баярыг оюутан, сурагчид зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хуралд цагдаагийн газрын төлөөллөөс гадна Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбооны удирдлагууд оролцсон юм. Нийслэл хотын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 22,554 суралцагч төгсөнө гэсэн судалгаа гарсан байна.
Тэгвэл дээрх байгууллагуудаас хамтран хонхны баярыг “Эрдмийн баяр” болгон архи, согтууруулах ундаагүй, зүй зохистой тэмдэглэхийг уриалсан юм.
МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар:
“МОХ-д оюутнууд болон төгсөлтийн баяр зохион байгуулахтай холбоотой гомдлууд их ирж байна. Төгсөлтийн баярыг зүй зохистой эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх талаар мэдээ мэдээллийг бид оюутнууддаа өгч байна.
Хонхны баяр зохион байгуулж байгаа газрууд 180-200 мянган төгрөгийн багцыг санал болгож байгаа. Уг арга хэмжээг зохион байгуулах амлалтдаа хүрэхгүй хулхиддаг, монтажийг нь өгдөггүй, оюутнуудыг төгсчихөөр нь студиуд нь алга болчихдог тохиолдол байна.
Хэдхэн сарын настай студиуд хонхны баярыг зохион байгуулаад байгаа дүр зураг бий.
Тиймээс оюутан залуус гэрээнийхээ дагуу шаардлагаа тавьж ажиллах, нээлттэй арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалт дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахыг уриалж байна.
Оюутан залуус цаашид энэ баяраа эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэдэг баймаар байна. Сургуулиа төгсөөд дөнгөж эцэг эхдээ нэмэр болох гэж байтал архины халуунаас болоод гэмт хэрэгт холбогддог харамсалтай тохиолдлууд бий” гэв.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан ахлах байцаагч Т.Ариунтуяа:
“Нийслэлийн Боловсролын Газраас ЕБС-иудад эрдмийн баярыг тэмдэглэх зөвлөмж гаргаж дүүргийн боловсролын хэлтсүүдэд хүргүүлсэн байгаа.
Хонхны баярыг аль болох эрдмийн баяр хэлбэрээр зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг сургуулийн захиргаа зохион байгуулахаар энэхүү зөвлөмжинд тусгасан.
Хонхны баярын арга хэмжээний үеэр сурагчдаас гэмт хэрэгт холбогдож, архидан согтуурах зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно. Цагдаагийн газраас хонхны баяр тэмдэглэх талаар хамтарсан удирдамжийг баталж хэлтсүүддээ хүргүүлсэн” гэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран өрөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөгчдийн дунд төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр" болгон тэмдэглэх ажлын хүрээнд 2016 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Шилдэг-800 сурагч”-дад “Батламж” гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!