Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хонхны баяраа дурсамж төдийгүй БАХАРХАХ ЗҮЙЛТЭЙ үлдээцгээе оюутнууд аа?

ikon.mn
2016 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

2015 онд дээд сургуулиа төгссөн Анхаагаас Хонхны баярынх нь сэтгэгдлийг асуухад “Сайхан болсон. Гэхдээ одоо дурсамж л болоод үлджээ” хэмээв.  Тэрбээр өнгөрсөн жил буюу 2015 оны хавар Улаанбаатар их сургуулийг Санхүүгийн менежментийн чиглэлээр төгсжээ.

Анхаа хонхны баяртаа 1.1 сая төгрөг зарцуулсан юм. Үүнд “Торго” салонаас дээл авахад 320 мянган төгрөг, даашинз 130 мянган төгрөг, хоёр ширхэг туфль 250 мянган төгрөг, хумс 30 мянган төгрөг, хүлээн авалт, автобус 250 мянган төгрөг, гэрэл зургийн цомог болон бусад зүйлсд 120 мянган төгрөг орсон тухай хэллээ.

Тэрбээр ийнхүү нэг өдрийн үйл ажиллагаанд орохдоо дундаж цалинтай хүний хоёр сарын цалингийн мөнгийг үржээ.

2014-2015 оны хичээлийн жилд Анхаатай хамт төгссөн нийт 37,315 оюутан байна. Харин энэ жил буюу 2015-2016 оны хичээлийн жилд 100 их дээд сургууль оюутнуудаа төгсөн гаргах нь. Тэдний төгсгөх оюутнуудын тоо 36,806. Тэгэхээр энэ жил 36 мянга гаруй оюутан хонхны баяраа тэмдэглэх нь.

Судлаад үзэхэд хонхны баярын цогц үйлчилгээг үзүүлдэг газрууд их болжээ. Ерөнхийдөө монтаж, аялал зугаалга, ресторанд хооллох, сургууль, багшдаа өгөх бэлэг зэрэгт нэг хүнээс 400-600 мянган төгрөг гарахаар байна. Үүн дээр хувцас, гоёл чимэглэл, бусад зардал нэмэгдэнэ.

Оюутан бүрийн зардлын бүтэц өөр учраас бид дундаж үнийг гаргахыг зорилоо. Ингээд судалж үзэхэд нэг оюутан хонхны баяртаа дунджаар нэг сая төгрөг зарцуулдаг гэсэн тоо гарлаа. Энэ тухай сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ тоог нийт 36 мянган оюутандаа үржүүлбэл 36 тэрбум төгрөг болно. Товчоор бол оюутнууд маань нэг хавар 36 тэрбум төгрөгийг хонхны баяртаа зарцуулдаг байх нь.

36 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

 

Хонхны баярын үр ашиггүй зардлаа хэмжиж, үлдэцтэй зүйл зохион байгуулах саналыг 2014 онд нэгэн сургуулийн төгсөгчид гаргасан юм.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид 2014 онд ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн үнэ бүхий өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх “зүрхний дефибириллятор” төхөөрөмж хандивласан билээ. Ингэхийн тулд тус сургуулийг төгсөгч оюутан бүр хонхны баярын төсвөөсөө 50,000 төгрөгийг сайн үйлсэд хандивласан байна.

Харин 2015 оны төгсөгчдийн хувьд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт 7.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулжээ.

Өнгөрсөн жил төгсөлтийн баяраа тэмдэглэсэн Анхаад дурсамж л үлдсэн гэсэн. Тэгвэл хонхны баярын энэ их зардлын багахан хэсгээр бодитой, гарт баригдахуйц ажил зохион байгуулах боломж, хэрэгцээ их байна.

"Оюун"-тан хүн гэдэг бусдаас соргог, шинийг эрэлхийлсэн, эрч хүчтэй, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх хэрэгтэй. Тэр ч утгаараа өндөр хөгжилтэй орнуудын Оюутны хөдөлгөөн, байгууллагууд нийгэмдээ тустай олон ажил хийдэг. 

Хонхны баяр тэмдэглэхийг буруутгах гэсэнгүй. Харин...

Төгсөх оюутан бүр ядаж 50,000 төгрөгийг нийгэмд хэрэгтэй зүйлст зарцуулж чадвал, хэдэн мянган хүний амь нас, эрүүл мэнд, боловсролд хувь нэмэр оруулах боломжтойг дээрх жишээ харуулж байна.

Эцэст нь, хонхны баяр тэмдэглээд “дурсамж” төдийгүй бахархах зүйлтэй төгсөцгөөвөл ямар вэ оюутнууд аа? 


Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн, Э.Лхамзаяа

Гэрэл зургийг: MPA.mn