Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төгсөгчид хонхны баяртаа хэдийг зарцуулж байна вэ?

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн суралцагчдын эцэг эхээс, баяр тэмдэглэх, анги тохижуулах, болон бусад шалтгаанаар хураах мөнгөний хэмжээ нь хэрээс  хэтрээд байгаа тухай өргөдөл, гомдлууд БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газарт удаа дараа ирж байгаа ажээ.

Тиймээс 1, 5-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглож, нийт төгсөгчдийг  хонхны баяраа “Эрдмийн баяр” болгон тэмдэглэхийг уриалан, Ерөнхий Боловсролын Сургуулиудад “Эрдмийн баяр” хэрхэн тэмдэглэх талаар  зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Зөвлөмжид төгсөлтийн баярын арга хэмжээ нь 9, 12-р ангийн сурагчдын дунд эрдмийн баяр ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд эцэг эх, сурагчдаас хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй байх чиглэлийг баримтална гэжээ.

Нийслэл хотод төрийн болон төрийн бус өмчийн 213 ЕБС-ийг 26,102 суралцагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22,000 орчим оюутан төгсөж байгаа аж. Нийтдээ 48 мянга орчим төгсөгч “Эрдмийн баяр” тэмдэглэнэ гэсэн үг.

Эцэг эхчүүдийн гомдол дагуулж буй “Эрдмийн баяр”-т хэчнээн төгрөг зарцуулж байгаа талаар төгсөгчид болон эцэг эхчүүдээс тодрууллаа.

ЕБС-иудын төгсөлтийн баярын зардал харилцан адилгүй байна

blog.school118.edu.mn-ээс авав.

Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчдийн хувьд их, дээд сургууль төгсөгчдөөс бага зардалтай хэдий ч улсын болон хувийн, хотын захын болон төвийн сургуулийн төгсөлтийн баярын зардал нэлээд зөрүүтэй байна.

Улсын сургуулийн сурагчдын төгсөлтийн баярын зардал дунджаар 100-200 мянга орчим төгрөг болж байгаа бөгөөд үүнд нь зургийн цомог, аялал, зугаалгын зардал, сургууль, багшдаа өгөх дурсгалын зүйлсийн үнэ багтжээ. 

Хотын захын сургуулийн сурагчдын хувьд 80-100 мянга орчим төгрөгөөр нийлж байгаа бол хотын төвийн сургуулийн төгсөгчид даруй хоёр дахин их буюу доод тал нь 160 мянга, дээд тал нь 200 мянган төгрөгөөр нийлж хонхны баяраа тэмдэглэж байна.

Төгсөлтийн үеэр сурагчид дүрэмт хувцас, эсвэл цагаан цамц хар юбка, өмд өмсдөг болохоор шинэ хувцас авахад нэг их зардал гараагүй хэмээн сурагчид хэлж байлаа. 

Харин хувийн сургуулиудын төгсөгчдийн төгсөлтийн баярын зардал дунджаар 400 мянган төгрөг байна. Энэ мөнгөнд сургууль багшдаа өгөх бэлэг, дурсгалын зүйл, зургийн цомог, ресторанд хооллох, хот дотор үйлчлэх автобусны хөлс зэрэг багтжээ.

Их, дээд сургууль төгсөгчид хонхны баяртаа дунджаар нэг сая  төгрөг зарцуулж байна 

 

БСШУЯ болон Нийслэлийн боловсролын газрын зүгээс их, дээд сургуулийн хонхны баярын үйл ажиллагааг хэрхэн тэмдэглэх талаар ямар нэгэн зөвлөмж, тушаал гаргадаггүй.

Их, дээд сургуулиудын хувьд хонхны баярын зардлыг  хувийн, улсын гэж ялгахад түвэгтэй бөгөөд монтаж, аялал зугаалга, ресторанд хооллох, сургууль, багшдаа өгөх бэлэг зэрэгт нэг хүний 400-600 мянган төгрөгт багтаж байна.

Ингэхдээ аялал зугаалга, монтаж, ресторанд хооллох, хот дотор тусгай автобусаар аялах зэргийг багтаасан багцын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас өөрсдийн мөнгөнд тохирсон багцыг сонгож үйлчлүүлдэг аж.

Үүн дээрээ эмэгтэйчүүд нь дээл захиалгаар оёулж, даашинз, туфль, эрчүүд костьюм пиджак, ботинк зэргийг худалдаж авна. Ингээд нийт хонхны баярт зориулах зардал нь нэг сая гаруй төгрөг болж байгаа талаар төгсөгчид хэлж байлаа. Ихэнх төгсөгчдийн хувьд энэ жил ийм хэмжээний зардал гарч байгаа гэсэн ч зарим сургууль тухайлбал, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн төгсөгчийн хувьд нийт зардал нь хоёр сая орчим төгрөг болж байгаа гэлээ.

Их, дээд сургууль төгсөгчид дор хаяж хоёр хоногоор амралт зугаалганд явдаг бөгөөд хилийн дээс давж Бээжин, Байгаль нуур, Утай гүмбэн явж хонхны баяраа тэмдэглэх тохиолдол ч бас байгаа юм. Ингэж хил давж аялж зугаалж байгаа тохиолдолд баярт зориулах зардал нэг, хоёр саяар тогтохгүй нь тодорхой.


Эдийн засаг хүнд байна гэж дээр дооргүй ярьж, хонхны баярын зардлын талаар эцэг эхчүүдийн гомдол тасрахгүй байгаа хэдий ч зардал ихтэй, нүсэр “Эрдмийн баяр”-ууд үргэлжилсээр байна.