Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрхэмбаяр: АН эвсэхгүй, сонгуульд ДАНГААРАА ОРОЛЦОНО

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр хуралдсан ҮЗХ-оос гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдлээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэргээ гаргалаа. 

Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Энэ хоёр асуудлыг хэлэлцэж, хамтарсан шийдвэр гаргалаа. 

АН энэ удаагийн сонгуульд Монгол хүн 2020 гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн энэ мөрийн хөтөлбөртэйгөө оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах вэ гэдгээ хэлэлцэж баталлаа. 

АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно" гэдгээ илэрхийллээ. 
 

Л.Эрхэмбаяр: Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй

Уг мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тэгэхээр энэ асуудал одоо яригдахгүй гэсэн үг үү?

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртлэх хугацаанд нэгдэх тал дээр зарим боломжууд нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно.  
-Үндэсний зөвлөлдөх хорооны ирц хэдэн хувьтай байсан бэ. Х.Баттулга гишүүн хуралдаа суусан уу. Намаас гарах гишүүд бий юу?

-Өчигдөрийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй. Ирц 63 хувьтай байсан нь орон нутаг, нийслэл өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. 

-Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. Одоогоор АН дээр Сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн нэгдмэл байр сууринд хүрээгүй байна. 

-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ дахин үргэлжлэх вэ?
-Өчигдөр хурлаа хаагаагүй. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурал дахин хуралдана. Өнөөдөр ч товлогдож магадгүй.