Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

МАН, МАХН-ын тохироо 51:25

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 4 сарын 18
www.ikon.mn
Зураг зураг

МАХН, МАН эвсэл болж сонгуульд оролцох эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг үр дүнгийнхээ талаар яг одоо мэдээлэл хийж байна.

Хоёр талын ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарын хэлж буйгаар "2016 оны сонгуульд МАН, МАХН хоёр эвсэж оролцох боломжтой" гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН МАХН-тай хамтарч намын баяр, эх орончдын өдрийг тэмдэглээд сар гаруйн хугацаа болж байна. 

Энэ хугацаанд хоёр намаас байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд хамтарч орох талаар хэлэлцээр хийлээ. Нийтдээ 10 гаруй удаа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийг МАН-аас би ахалсан. МАХН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж хийсэн. 

Хэлэцээрийн гол зарчим юу байсан гэхээр хэлэлцээр бүрт тохиролцсон, ойлголцсон асуудлаа баталгаажуулаад явна. Ойлголцоогүй үлдсэн асуудлаа дараагийн удаагийн уулзалт хэлэлцээрээр ойлголцоход дөхөм болгож ярилцана.Үндсэн ийм зарчимтайгаар ажиллалаа. 
Ингээд өчигдөр оройны байдлаар ойлголцоогүй үлдсэн асуудалдаа цэг тавьж дуусгасан. Ямар ямар асуудлаар ойлголцолд хүрснээ товчхон хүргэе. 

Эхний асуудал УИХ-ын сонгуульд оролцох УИХ дахь нам тус бүрийн квотын асуудал:

  • УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтанд 10 нэр дэвшигч буюу нийт 25
  • МАН тойрогт 33, жагсаалтанд 18 нийт 51  хүнийг тус тус нэр дэвшүүлнэ. 

Хоёрдугаарт, хариуцлагаа хамтдаа үүрэг, амласан амлалтаа тууштай биелүүлэх, эвслийн бат бэх байлгах, тогтвортой ажиллуулах зорилгоор УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг квотоос гадуур хоёр нам ээлжлэн нэр дэвшүүлнэ гэдэг дээр тохиролцсон.

Квот гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголын ард түмэн МАН, МАХН-ын эвсэлд санал өгч ялалт байгуулсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын бүрэлдэхүүнийн сонгуулийн бодит дүнг үндэслэж хуваарилна гэсэн зарчмыг барьсан. 

Орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно.

Орон нутгийн сонгуульд эвсэл болж оролцоно. Эвсэл болж оролцохдоо 2012 оны тухайн орон нутгийн сонгууль намуудад өгсөн санал, ИТХ дахь суудлын тоог харгалзан тухайн орон нутгийн намын байгууллагууд гэрээнд харилцан тохиролцоно гэдэг заалтыг оруулж өгсөн. 

Мэдээж түүн дээр ИТХ-ын дарга, Засаг даргын асуудлууд гарна. Энэ бол сонгуулийн үр дүн дээр үндэслэж шийдэгдэнэ гэдэг зүйл яригдсан. 

Нэг үгээр хэлэхэд энэ бүх хэлцлийн цаана юу явагдаж байна вэ гэхээр Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байна. Иргэдийн амьрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа ийм нөхцөл байдалд МАН, МАХН улс төрийн хариуцлагаа өндөржүүлж энэ сонгуульд ялахаас өөр аргагүй боллоо. Ингэж байж улс орны эрх ашиг, ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэж үзэж энэ гэрээ хэлцлийг хийсэн. 

Эвслийг удирдаж орох асуудал мөн яригдана. Эвслийн удирдах зөвлөл нь 50, 50-ын харьцаатай байна. ​Эвслийн тэргүүн нь УИХ-д хамгийн олон суудалтай МАН байна. Харин Удирдах зөвлөлийн дарга нь МАХН-ын дарга байна гэж ойлголцсон. 

Дараагийн асуудал бол ажлын хэсгүүд гарсан үр дүнгээ өөрийнхөө намын төлөөллийн байгууллагад хэлэлцүүлж танилцуулах үүрэг хүлээж байгаа. 

Үүнээс гадна улс төрийн бүр төрлийн хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө хамтраад сонгуульд орж байх үед эсвлээс нэр дэвшигч аль эсвэл нэг субьектийг нь хууль хяналтын байгууллагын зүгээс зогсоох, оролцуулахгүй байх гэсэн оролдлого гарах юм бол хоёр нам хамтарч тэмцэнэ" гэлээ. 

Ч.Улаан: Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана

УИХ-ын гишүүн Ч.Улаан “2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хоёр нам эвсэж орох боллоо. Ажлын хэсэг эхний хурлаараа шийдэх ёстой асуудлынхаа хүрээг тодорхойлсон. 10 удаагийн уулзлалт ярилцлагаар зарчмын тохиролцоонд хүрлээ.

Эцсийн шийдвэрийг хоёр намын удирдах дээд байгууллагууд гаргана. Үүний дараа эвслийн удирдах байгууллагуудыг байгуулж, мөрийн хөтөлбөрийг гаргаж Үндэсний Аудитын Газарт өгнө.

Хоёр нам эвсэж сонгуульд оролцох нь амжилт гаргах магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашдаа хоёр нам нэгдэх асуудал яригдана. Тиймээс том ажлын эхлэлийг тавилаа гэж үзэж байна. Тохиролцсон асуудлуудыг тусган эвслийн гэрээ байгуулна. Гэрээнд ажлын хэсэг дээр ойлголцсон асуудлууд орно” гэлээ. 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Эвслийн гэрээ хэзээ байгуулагдах вэ?

Ч.Хүрэлбаатар: -МАН-ын бага хурал хуралдаж байгаа. Маргааш МАХН-ын төлөөлөх байгууллага хуралдана. Бага хурал дээрээ асуудлаа хэлэлцээд, хамтарч орох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Энэ сарын 20-ноос өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлнэ. Тиймээс энэ сарын 20-ны дотор бүх шийдвэр гарсан байх ёстой. 

Ч.Улаан: -Сонгуульд орох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 30-нд СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор эвсэж орох эсэхээ шийдэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитын газар өгсөн байх ёстой. Маргааш манай бага хурал болно.

Ажлын хэсгүүд мөрийн хөтөлбөр боловсруулах тал дээр өнгөрсөн жилээс ажиллаж, ард иргэдээс санал асуусан. Цаг хугацаанд нь шийдэх бүрэн бололцоотой байгаа.

-Жагсаалтыг 18:10  байхаар ярьжээ. Дарааллыг нь яаж харгалзах вэ?

Ч.Хүрэлбаатар: -Дарааллыг хэрхэн жагсаах талаар ярилцсан. 3:1 гэж тусгаж явахаар тохирсон.   

Ч.Улаан: -Ажлын хэсгийн түвшинд шийдвэр гаргах хүрээнд ярьсан. Нэг бүрчлэн ярих бололцоо байхгүй. Бүтцүүд байгуулагдаад явахад арга механизмыг нэг бүрчлэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Суурь зарчим дээр үндэслээд нэг бүрчилсэн асуудлаа тохироод явна.

-Эвлийн нэрний тухайд ярилцсан болов уу?

Ч.Хүрэлбаатар: -Эцсийн байдлаар тохирсон зүйл байхгүй. Гэхдээ ярилцсан хувилбарууд бий. 

Ч.Улаан: -Ярилцсан, санал нэгдсэн зүйл ч байгаа. Намын удирдах дээд байгууллага, шийдвэр гаргах байгууллагадаа бид саналаа оруулж байгаа.

Ажлын хэсгийн энэхүү шийдвэрийг нам тус бүрийн бага хурлаар дахин хэлэлцэж, баталгаажуулах юм байна.