Уншиж байна ...

21 аймгийн байгаль орчны салбарынхан сумын хог хаягдлын менежментийн сайн туршлагыг газар дээрээс нь судалж байна

ikon.mn
2024 оны 4 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр Булган аймгийн Булган суманд “Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр” эхэллээ. Хөтөлбөрт Монгол улсын 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан төлөөлөл болон орон нутагтаа хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүсэлтэй иргэд, албан хаагчид оролцож байна.

Каритас Чех Репаблик ОУБ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа хөтөлбөрийн гол зорилго нь улсын хэмжээнд хүрээлэн буй орчны хог хаягдлыг бууруулж, орон нутагт хог хаягдлын менежментийг сайжруулах юм.

Хөтөлбөр 2 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр оролцогчид Булган аймгийн Булган суманд “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт бүтэн өдрийн сургалтад хамрагдана. Энэхүү сургалтаар манай улсад 2020 оноос хойш хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н багийнхан өнгөрсөн 4 жилийн турш хуримтлуулсан үнэт мэдлэг, сайн туршлагыг хуваалцана. Мөн салбарын мэргэжилтнүүд хууль эрхзүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.

зураг
 

“Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь” сургалтын агуулга:

  • Хууль тогтоомж, төрийн бодлого хөтөлбөр, түүний хэрэгжилт, үр дүн
  • Байгаль орчны төлөв байдал, статистик мэдээлэл
  • Экологийн ул мөр, Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл ногоон зээл
  • Орон нутгийн хэмжээнд хүлэмжийн ялгарлын тооллого хийх арга
  • Агаар, хөрс орчны бохирдлын өнөөгийн төлөв байдал, бууруулах арга зам
  • Аймаг болон сумын түвшинд хог хаягдлаа зохистой зохицуулах тогтолцоог бий болгох нь
  • Монгол улс дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал, хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах сэргээн ашиглах технологиуд, дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл
  • Хаягдал хуванцрыг дахин боловсруулан үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар
  • 3R зарчмын тухай Олон улсын туршлага Орчны бохирдлыг бууруулахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Хөтөлбөрийн хоёр дахь өдөр буюу 4 сарын 25-нд 21 аймгийн төлөөлөл Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах “Хог хаягдал зохицуулах төв”-н үйл ажиллагаатай танилцаж, сумын түвшинд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж буй сайн туршлагыг газар дээрээс судална.

зураг
 

“Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр” нь Каритас Чех Репаблик ОУБ, Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ, Экосум ТББ хамтран Европын Холбооны Switch-Asia хөтөлбөрийн санхүүжүүлттэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг төслийг 2020 оны 5-р сарын 1-ээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн үр дүнд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Хог хаягдал зохицуулах төв байгуулагдаж, улмаар сумын иргэд хогоо ангилж, ангилсан хогоо анхан шатны боловсруулалт хийх боломжтой болсон. Сумын түвшинд байгуулагдсан анхны төвийн үйл ажиллагаатай эндээс танилцана уу Facebook

зураг
 
зураг
 

Мөн уг төслийн томоохон үр дүн болж 2024 оны 4-р сард Монгол улсын хуванцрын салбарт хуванцар дахин боловсруулалт болон, хуванцрын эрүүл аюулгүй байдалтай холбогдох MNS ISO 15270:2024, MNS ISO 16869:2024 Үндэсний стандартуудыг батлуулж, салбарын үйлдвэрүүд шууд авч хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Стандартын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү:

estandard.gov.mn/standard/v/7033
estandard.gov.mn/standard/v/7032
ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ... - Caritas Czech Republic in Mongolia | Facebook

Цаашид “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н хүрээнд иргэд болон хуванцар дахин боловсруулах байгууллагуудыг холбосон хуванцар хаягдлаа таних, дахивар авах байршил харах зэрэг ухаалаг үйлчилгээ бүхий аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.