Уншиж байна ...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ганцаарчилсан уулзаж, албан ёсны хэлэлцээрийг байгууллаа.

Мөн энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр дараах баримт бичгийг байгуулсан юм.

  • “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал” -д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурлаа.

Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болно. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.

  • “Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар гарын үсэг зурав.
Дэлхийн эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялгийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх баримт бичиг болно. Санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгнө.
  • “Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн Геологийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Судалгаа, инновацын байгууллагыг төлөөлөх Британийн геологийн албаны захирал Карэн Хангхож нар гарын үсэг зурав.
Санамж бичиг геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлнэ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам