Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны ээлжит бус 46 дугаар хурал Нийслэлийн иргэний танхимд нээлттэй эхэлсэн ч хаалттай горимд шилжлээ.
Хурлыг нээж АН-ын дарга З.Энхболд үг хэллээ.
Тэрбээр "АСЕМ-ийн хүрээнд болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Төрийн ордонд зарлагдсан. Уулзалтад 22 орны төлөөлөгч оролцоно. Бэлтгэл ажил хийгдэж байгаа. Тиймээс манай намын ҮЗХ-ны хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Бусад намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хийж байгаа. Манай өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар мөрийн хөтөлбөр хийгдэнэ. Мөрийн хөтөлбөр олон нийтэд ил болохоосоо өмнө нууц байдаг учир хаалттай хийгдэнэ. Бусад намынх ч хаалттай хийгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа байх" гэв.
Тус намын ҮЗХ-ны хуралд 120 гишүүн оролцож байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд дөрөвдүгээр сарын 20-нд Үндэсний Аудитын газарт улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх ёстой гэж заасан байдаг. Энэ дагуу намууд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж байгаа аж.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!