Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-оос хойш гарах дараагийн том дэвшил ЧАТБОТ гэж Фэйсбүүк үзэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр эхэлсэн Facebook компанийн F8 хөгжүүлэгчдийн чуулган дээр Марк Зукерберг компанийхаа 10 жилийн бизнесийн замналыг танилцуулжээ.

Түүнд дурдсанаар ирээдүйд Facebook компани үндсэн гурван чиглэлд технологи хөгжүүлнэ.

 

Үүнд AI буюу хиймэл оюун ухаан, VR/AR virtual reality, augmented reality-хиймэл бодит байдал, Connectivity буюу интернэтэд холбох шийдлүүд орж байна.

Өчигдөр AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан Bots for Messenger платформоо танилцууллаа.

Үүнийгээ Facebook компани iPhone зах зээлд гарч технологийн дэвшил авчирсантай адил ирэх арван жилийн гол бизнесийн платформ болно гэж үзэж байна.

Facebook Messenger бүтээгдэхүүний менежэр Дэвид Маркус энэ явдлыг “өнөөдөр шинэ эрин үе эхэлж байж магадгүй” гэж тодорхойлсон юм.

 

ЧатБот гэж юу вэ?

Энгийн үгээр хэлбэл энэ нь хүмүүстэй чатлаж мэдээлэл өгдөг, зугаацуулдаг програм. Яг та найз нартайгаа чатлаж байгаа мэт аль нэг компанийн албан ёсны боттой мессенжэрээр харилцана гэсэн үг.

Ингэснээр ямар ч аппликэшн татах хэрэггүй болно. Цаг агаарын мэдээлэл авахын тулд цаг агаарын аппликэшн суулгахгүй, харин чатботоос өнөөдөр хэдэн хэмийн дулаан байхыг асууна.

Эцэстээ нэг л чатбот бүх хэрэгцээг хангадаг таны хувийн туслагч болох юм.

Жишээ нь та хэдэн цагаас ямар ажилтай болохыг сануулж, нислэг тань хойшолсныг мэдэгдэнэ.

Чатботын цаана робот ажиллаж байгаа ч зарим хэцүү асуултуудад нь хүн тусалдаг байх юм. Гэхдээ чатбот нь хүнээр заалгасан зүйлээ дараагийн удаад мартахгүй суралцаад явна гэсэн үг.

Чатботыг Майкрософтын CEO Наделла нэгэнтээ “conversation as a platform” буюу “ярилцдаг платформ” гэж тодорхойлж байв.

Өнөөдрийн байдлаар Майкрософт Cortana, Apple Siri зэрэг өөр өөрийн OS-д зориулсан хувийн туслахуудыг нэвтрүүлээд байгаа нь нэг төрлийн чатботууд юм. Эдгээр нь тусгай аппликэшн шаардахгүй тухайн экосистемдээ ажиллах ботууд.

Тэгвэл удахгүй хүмүүс зөвхөн хүмүүстэй биш, бүгдэнтэй чатлаж чаддаг болох юм.

 

Эх сурвалж: TheNextWeb, Techinsider