Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Мөнхбаяр: Ховд аймагт Түрэгийн үеийн ХАДНЫ ОРШУУЛГА олдсон

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Түрэгийн үеийн хадны оршуулга олдсон тухай Ховд их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн багш, доктор Ч.Мөнхбаяраас тодрууллаа.

Ч.Мөнхбаяр хэлэхдээ "Энэ сарын 1-нээс 3-ны хооронд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Борт багийн Үзүүр гялан хэмээх газарт археологийн авран хамгаалах малтлагыг бид хийсэн.

Манай багт Ховд их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Пүрэвдорж, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан П.Сэмбэдорж нар байсан.

2010 онд нутгийн иргэд барагшунгийн баас олборлох үед тус олдворыг олсон. Үүний дагуу Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны 10-р сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримтжуулсан. Харамсалтай нь хуулийн дагуу малтлагыг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хийх ёстой гэж заасан байдаг учир цаг хугацааны хувьд малтлага хийж боломжгүй байсан.

Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын нэгэн буюу хуулийн дагуу малтлага хийх хугацаа эхлэж, бид малтлага хийж эхэлсэн. 

 

Олдворын хувьд ОХУ-ын Горно-Алтайск нуруудаас олдсон булшнууд /Түрэгийн хаант улс/-ын хэлбэр, хэв маягтай адилхан байсан. Түрэгийн үед оршуулгын зан үйл хийхдээ морьтой хамт оршуулдаг байсан. Үүнээс гадна төмөр аяга, эсгий, богц уут зэргийн хамт оршуулдаг уламжлалтай байсан аж.

Малтлагын үеэр эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, 4-н янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан 4-н шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгий богц зэргийг олсон.

Цаашид бид Улаанбаатар хотын Соёлын өвийн төв рүү олдворыг зөөж, сэргээн засварлаж, улмаар нарийн судалгаа хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.


ФОТО
Оршуулгын анхны байдал
Адуун болон хонины толгой, модон тэвш илэрч байгаа байдал
Үзүүр гялангийн оршуулга бүхий хад
Малтлагын эхлэл
Адууг гаргаж байгаа нь
Адууг гаргасан байдал
Модон тагш (аяга)
Шаргал тааран дээл
Арьсан дээл
Эмээл
Эсгий олбог
 
 
 
 
 
хонины толгой