Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЯАВАЛ "ОЙМСОНД ХАВЧУУЛАГДСАН" УЛСТӨРЧ ОЛНЫГ СОНГОХГҮЙ БАЙХ ВЭ?

Ч.Болортуяа
2016 оны 3 сарын 23
iKon.MN

“...Оймсонд хавчуулагдаж үсрээд ороод ирчихсэн этгээд л дээ.

Монголын төрд өөр хийсэн гавьяа энэ хүнд байхгүй. Би маш тодорхой юм ярьж байна шүү. Оймсонд хавчуулагдаж үсрээд энд (УИХ) орж ирсэн хүн. Тэгээд Монголын төрөөр ингэж тоглож болдог юм байх даа. Ямар арилжаа наймаа үүний цаана явагддаг вэ. Ямар хэрэг явдлыг хаах тухай энэ арилжааны цаана явагддаг вэ. Энэ арай дэндэж байгаа юм биш үү?...”  гэж Ц.Нямдорж УИХ-ын нэгэн чуулганы хуралдаанд О.Баасанхүү гишүүнд хандаж хэлж байв. 

О.Баасанхүүдээ биш ер нь бид Ц.Нямдорж гишүүний хэлснээр “Оймсонд хавчуулагдсан улстөрчдийг” цаашид сонгосоор байх уу?!

Тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг сонгогчид нам, улстөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр болоод хувь хүний намтар, түүхийг харан сонгодог. Тэгвэл пропорционал тогтолцоо буюу намын нэрээр иргэдээс авсан хувийн дагуу УИХ-д сонгогддог гишүүдийг яах ёстой вэ. 

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан  “Ардчилсан оронд төрийн эрхийг хүнд биш намд өгдөг. Хүнийг биш намыг сонгох, дараа нь төрийг иргэд хянах систем тогтох учиртай”  гэж онцолж байгаа юм. Угтаа хөгжингүй оронд иргэд тухайн намын улстөрийн чиг баримжаа, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг сонгох ёстой ч манай улсын хувьд нэгэнт улстөрийн намууд нь чиг баримжаа, бодлого, хөтөлбөрөөрөө бус эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнд дарагдаад байгаа учир сонгогчид тухайн нэр дэвшигчдийг нь буюу хувь хүнийг нь харж сонголтоо хийх сэдэл илүү жин дарах магадлалтай байгаа юм. 

Д.Жаргалсайхан  “Ардчилсан оронд төрийн эрхийг хүнд биш намд өгдөг. Хүнийг биш намыг сонгох, дараа нь төрийг иргэд хянах систем тогтох учиртай”

Өөрөөр хэлбэл пропорционал тогтолцоотой үед хүмүүс “сохроор” буюу “Оймсонд хавчуулагдсан улстөрчдийг” сонгох магадлал их байна. 

Үүнийг гэрчлэх тоо баримт ч байгаа юм. Тодруулбал, 2012 оны сонгуулиас жилийн дараа буюу 2013 оны дөрөвдүгээр сард “Сант Марал” -с хийсэн Улс төрийн барометр №12(45) судалгаанд “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 65.3% нь буюу дийлэнх нь илэрхийлдэггүй гэж хариулжээ.

Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу?

Өөрөөр хэлбэл иргэдийн хүсч буй нийгэм, тулгарч буй бэрхшээлүүдийг намууд бодлогодоо тусгаж чаддаггүй гэж иргэд үзэж байгаа нь НАМД итгэх итгэл бага байгааг гэрчлэх мэт. 

Тэгэхээр бид тухайн нам, эвслийн үзэл, нэр хүнд, бодлого, хөтөлбөрийг харахаас илүү хүнийг нь шүүн тунгаах л хэрэгтэй болоод байна. 

Тэгвэл сонгогчдын шүүх, тунгаах үйл ажиллагаанд нэг их өртөлгүйгээр УИХ-д сонгогдох магадлалтай 28 хүний асуудлыг бид илүү товойлгон харах шаардлага байгаа юм. 

Нөгөөтэйгүүр жагсаалтанд орох нэр дэвшигчдийг сонгох үйл явц буюу нам доторх сунгаа сонирхолтой бөгөөд нууц байсаар байгаа юм. Намдаа тодорхой хэмжээний хандив өгч байж жагсаалтад ордог тухай ч мэдээлэл байдаг. 

Анх удаа хосолсон тогтолцоогоор явуулсан 2012 оны УИХ-ын сонгуулийг харъя. 

Ямар ч байсан 28 гишүүний жагсаалтад намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар УИХ-ын гишүүн болох магадлал хамгийн өндөр харагддаг.

Пропорционал тогтолцоогоор УИХ-д төлөөллөө оруулах босго давсан дөрвөн нам бий. Тэдгээр намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүд ба 28 нэр дэвшигчдийн жагсаалтыг харвал:

# АН МАН МАХН-МҮАН Шударга ёс эвсэл ИЗНН
1 Н.Алтанхуяг Сү.Батболд Ч.Улаан С.Оюун
2 З.Энхболд У.Хүрэлсүх (-) Н.Батцэрэг С.Дэмбэрэл
3 Х.Тэмүүжин Д.Дэмбэрэл М.Сономпил З.Ган-Очир
4 Ч.Сайханбилэг Ө.Энхтүвшин З.Баянсэлэнгэ М.Хүрэлсүх
5 Д.Эрдэнэбат Д.Лүндээжанцан О.Баасанхүү Ц.Ганбат
6 Ш.Түвдэндорж Ц.Нямдорж Ц.Цолмон Н.Дүгэрсүрэн
7 Р.Бурмаа Н.Энхболд Ц.Оюунбаатар М.Чойдорж
8 Ц.Баярсайхан Я.Содбаатар Ж.Батхуяг Ц.Энхтуяа
9 Р.Гончигдорж Ж.Энхбаяр Э.Эрдэнэжамъян Б.Наранзул
10 М.Батчимэг Д.Сарангэрэл (+) Т.Оюунаа Р.Лхагвадулам
11 Б.Мэдрээ Л.Оюун-Эрдэнэ М.Ангараг В.Дүгэрмаа
12 Л.Гансүх Ц.Гарамжав Л.Алтанчимэг Д.Тунгалаг
13 Б.Ургамалцэцэг Ц.Сүхбаатар Ж.Эрдэнэчимэг Ч.Наранцэцэг
14 А.Гансүх Б.Ундармаа Т.Дуламдорж Л.Энх-Амгалан
15 Г.Байгалмаа Э.Мөнх-Очир Л.Сэлэнгэ Т.Чулуун
16 П.Ганхуяг Б.Долгор Х.Энхтуяа Г.Жаргалсайхан
17 Х.Батырбек Ж.Цолмон Х.Алтангэрэл Д.Бадамханд
18 Р.Эрдэнэбүрэн Б.Батцэцэг Ц.Долгорсүрэн Н.Даваасүрэн
19 З.Нарантуяа Х.Баделхан М.Ганзориг Д.Эхбаяр
20 Ж.Батболд В.Удвал Ч.Пүрэв-Осор Т.Батбаяр
21 С.Сувдаа Д.Энхчимэг Д.Энхжаргал Х.Цэндсүрэн
22 Л.Пүрэвсүрэн Ж.Сауле О.Лхагвацэдэн Г.Оюунбилэг
23 Ц.Энхтуяа Г.Мөнхцэцэг Г.Энхтөр С.Болдхуяг
24 Б.Баттүвшин Ш.Раднаасэд Ш.Ариунаа Э.Батбаяр
25 Д.Үүрийнтуяа Ц.Цэнгэл - -
26 Б.Батбилэг Я.Төмөрбаатар - -
27 Ц.Оюундарь Д.Дондог - -
28 Б.Ариунболд П.Баянмөнх - -

(-), (+): МАН-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-н гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсанаар түүний оронд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болсон.

Гэхдээ АН-ын дарга З.Энхболд "2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулчихсан.  Энэ их атаархал дагуулсан. 

Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат гэсэн дөрвөн хүнийг гишүүн болгочихсон. Тодорхой хэмжээнд атаархал явсан. Тэгэхээр энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Бусад нам яахыг мэдэхгүй. 
Хоёрдугаарт, жагсаалтаар гарсан хүн давтан орж ирэх эрхгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт дэвшинэ гэсэн үг" гэж 2015 оны дөрөвдүгээр сарын 13-нд хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага -даа дурдаж байв. 

З.Энхболд "Би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт дэвшинэ"

Мөн энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Itoim" сайтад өгсөн ярилцлагадаа "Олон улсад листэнд жагссан хүнийг дараагийн удаад жагсаадаггүй жишигтэй.

Хувь хүний хувьд хэлэхэд, нэг удаа жагсаалтад бичигдсэн бол дараагийн удаад өнжих нь зөв гэсэн бодолтой явдаг. Намын зарчмын байр суурь эцсийн байдлаар гараагүй байна" гэжээ. 

Үүнээс үзвэл УИХ-д хамгийн олон суудалтай АН, МАН-ын тухайд 2016 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаас сонгогдсон гишүүн дахин жагсаалтад орохгүй нь. Энэ бол мэдээж зарчмын хувьд хийж болох дүгнэлт бөгөөд одоогоор аль ч намын бодлого албан ёсоор тодорхой болоогүй байна. 

Ёс зүйгээ бодох юм бол нэг удаа жагсаалтаар буюу намын рейтингээрээ сонгогдсон улстөрч дараагийн удаа нь өөрийн чансаагаараа нэр дэвших шаардлага бий болж байгаа юм. Ингэвэл тэр “Оймсонд хавчуулагдсан” гэгдэх улстөрчдийн чансааг сорих боломжтой болж байгаа юм. 

Тэгвэл одоо хэн жагсаалтад орох вэ?!

2012 оны сонгуулиар нөлөө бүхий улстөрийн хүчнүүдийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс нь жагсаалтад ороод сонгогдчихлоо. 

Дээрээс нь тойргуудад намын бодлогоор хамгийн чансаатай нэр дэвшигчдээ буюу намын нэртэй, нэргүй ч сонгогдчихдог улстөрчдөдөө илгээдэг. Тэдэн дээр энэ жил УИХ-ын гишүүнээр 2012 онд жагсаалтаас сонгогдсон мөн хамгийн өндөр рейтингтэй буюу олонд танигдсан улстөрчид давхар өрсөлдөх болоод байна. 

Тэгэхээр одоо жагсаалтад хэн бичигдэх вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байгаа юм. 

ХҮН-ын гишүүн Т.Бат-Оргил  “Яг баттай мэдэж байгаагаар #3-ийг таван тэрбумаар үнэлсэн. Хэн хэнтэй наймаалцаж явсныг өөрөө л мэдэх байх” гэж намын жагсаалтад дээгүүр бичигдэх үнэ ханшны талаар мэдээллээ олон нийтийн сүлжээд хуваалцаж байв. Үүнээс үзвэл намын жагсаалт гэдэг хөрөнгөтэй хүмүүст УИХ-д сонгогдох талбар болоо юу гэж харж болохоор. 

Улстөрчид нь тойрогтоо, мөнгөтэйнүүд нь жагсаалтандаа байрших хувилбар бий болсон мэт. 

Тиймээс ч шинээр байгуулагдсан зарим нэг улстөрийн хүчин гишүүдээ тэнэг харагдуулаад ч хамаагүй намаа л олон нийтэд таниулах бодлого бариад ч байх шиг.

Жамаараа бол сонгогчид тухайн намын бодлого, хөтөлбөрийг харж сонголтоо хийх ёстой байдаг. Гэтэл нам нь иргэдийн толь болж чадахгүйгээр үл барам ямар ч зүйлийг мөнгөний хэлхээст оруулчихдаг Монголын улстөрд сонгогч хэний, юуг нь харж сонголтоо хийх ёстой вэ?

Өөрөөр хэлбэл намыг нь (бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр) хараад сонгочихоор "оймсонд хавчуулагдсан" хүмүүс эсвэл мөнгөний дарааллаар жагсагчдыг сонгох болчихоод байдаг. Хүнийг нь хараад сонгоё гэхээр бид өөрсдийн байгуулах гэж, өөрчлөх гэж оролдож буй улстөрийн шинэчлэлээсээ ухрах гээд байдаг...

 

Ч.Болортуяа @Bolort 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.