Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

З.ЭНХБОЛД: Хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл чигээр нь явуулж болно

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 14
iKon.MN

УИХ-ын дарга, Ардчилсан Намын дарга З.Энхболд зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сонирхсон асуултад хариу өглөө. Цаг үеийн асуудлуудыг хөндсөн түүний ярилцлагыг хүргэж байна.

 

АН ГЭДЭГ НЭГ Л ФРАКЦ БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДСЭН

- АН-ын 25 жилийн ойн хурал дээр Та “Фракцгүй Ардчилсан Нам” болно гэдгээ зарласан. Фракцын улс төр гэдэг танай намын имиж шиг болсон зүйл. Таны энэ зорилго биелэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
- Энэ бол манай намын жирийн гишүүдийн өгсөн захиа даалгавар. Фракцгүй байхаас өөр аргагүй байдалд орчихсон байна. Төв хэсэгтээ байгаа энэ хуваагдал орон нутаг руу тархчих гээд байгаа учраас намын олон арван мянган гишүүн санал тавьсныг би дэмжсэн. Бүх фракцын дарга нар гэгддэг улсуудтай яриад АН гэдэг нэг л фракц байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. 

Та нар мэдэх байх. Германы Бундестаг дахь намын бүлгүүдийг фракц гэж нэрлэдэг. Социал Демократ намын фракц, Христийн Ардчилсан Намын фракц гэх мэтээр нэрлэдэг. Фракц гэдэг нэг хэсэг гэсэн үг. Бундестагийг дээрх олон намын фракц бүрдүүлдэг. Тиймээс АН бүхэлдээ нэг фракц байх энэ дэлхийн улс төрийн жишгийг дагая гэсэн санаа юм. Гэхдээ хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга учраас фракцгүй болсон.

Цаашид асуудалд фракцын арга барилаар би хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ Үндэсний Зөвлөлдөх Хороо томилох ёстой. Тэр үед хамгийн олон санал авсан гишүүнийг л сонгоно. Түүнээс аль фракцын гишүүн бэ гэдгийг нь сонирхохгүй гэсэн үг. Хамгийн их амжилт олох хүнээ сонгож дэвшүүлэхийн тулд л фракцгүй болж байгаа юм.

- Нэгэнт фракцгүй болсон юм чинь 2016 оны сонгуулиас эхлээд санхүүжилтээ яаж бүрдүүлье гэж та бодож байна вэ. Мөн энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд тусгаж өгч байгаа байх?
- Миний хувьд өмнө намын дарга хийж байгаагүй учраас энэ асуудал надаас их хол явж байж.

"Цаашид асуудалд фракцын арга барилаар би хандахгүй" З.ЭНХБОЛД

Гэтэл намын санхүүжилт гэдэг шийдэхээс өөр аргагүй хэцүү асуудал болчихсон байна. Үүнийг намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Тиймээс УИХ-д суудалтай намуудын дарга нартай яриад намын санхүүжилт гэдэг ил тод байхгүй бол намуудад итгэх итгэл алдагдаад байна, том компаниудын халаасанд орсон байна гэсэн шүүмжлэл байна гэдэг дээр санал нэгдээд гурван хуулийн төсөл бэлдчихээд сүүлийн нэг жил ажиллаж байна. 

Санхүүжилтийн хувьд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа юм. Германд гэхэд намын улсын төсвөөс авдаг санхүүжилтийн хэмжээ нь нэлээн их юм байна лээ. Тэгж байж улс төрийн намууд нь том компаниудын халаасанд орохгүй гэсэн бодлого хэрэгжинэ. 

Одоо намууд улсын төсвөөс авдаг нь маш бага. УИХ-д суудал авсан намуудад татсан санал тус бүрийг нь мянган төгрөгөөр үржиж өгдөг. Энэ нь сонгуулийн дараах жил нь орж ирээд л алга болдог. Жил болгон авдаг мөнгө нь УИХ-ын гишүүний тоог үржих нь 10 сая төгрөг. АН-ын тухайд жил болгон 350 сая төгрөгөө Сангийн Яамнаас аваад тайлангаа тавьдаг. Энэ 350 сая төгрөг бол нам хэвийн үйл ажиллагаа явуулахад багадаад байгаа учраас үүнийгээ нэмэх бодлого баримталж байна.

Гэхдээ нам гэдэг бол 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Германы айлчлалын үеэр Бундестагийн дарга нартай энэ асуудлаар санал солилцож тэдний жишгээр явахаар ярилцаж байгаа. Санхүүжилтийн 50 хувийг гишүүдээсээ заавал авдаг байх ёстой. 50 хувиа аваагүй бол улсын өгдөг мөнгийг нь багасгачихдаг юм билээ. Энэ мэт жишээ бол дэлхийн даяар янз бүр байна.

- Нэр дэвшигчээс мөнгө авдаг байдал үргэлжилсээр байх уу?
- Нэр дэвшигчээс авдаг мөнгийг тэглэнэ. Чиний өмнө өгдөг байсан 50 сая төгрөгийг чинь авахгүй. Өөрийнхөө сурталчилгаанд түүнийгээ зарцуул гэж байгаа юм. Намуудын хамгийн гол бэрхшээл сонгуулийн үеэр гардаг. Тэрбумаар яригдах мөнгөөр сонгуульд ордог. АН-ын тухайд өнгөрсөн сонгуульд хоёр билүү гурван тэрбум төгрөгийн тайланг Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөн байдаг. Ирэх сонгуульд энэ хэмжээний мөнгө гарах байх. Гэхдээ Сонгуулийн хуулиар мөнгө төгрөг бага зарцуулахаа бодож зохих өөрчлөлтүүдийг хийхээр болж байгаа. Тэгэхээр миний ярьж байгаа яриа бүгд УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуульд тусгалаа олоод гарах юм. Би түрүүнд зүгээр нэг хэлээгүй. УИХ-д суудалтай бүх нам үндсэндээ тохироод том олигархуудын гараас гаръя гэж байгаа болвол бид гарна л гэсэн үг.

УИХ-д суудалтай бүх нам үндсэндээ тохироод том олигархуудын гараас гаръя гэж байгаа болвол бид гарна л гэсэн үг.

- АН-ыг фракцгүй боллоо гэж их итгэлтэй яриад байх юм. Олон жил олон фракцтай явсан намыг нэг удаагийн уулзалтаар шийдчихсэн гэхэд эргэлзээд байна. Өнгөрсөн хугацаанд энэ олон фракцыг бүхэл болгоход та яг юу хийсэн юм бэ?
- Фракцуудыг урамшуулсан тогтолцоог Н.Алтанхуяг даргын үед явуулсан. Тийм учраас намайг дарга болох үед энэ зүйл байдгаараа байсан. Өмнөх даргын өөрийнх нь үзэл баримтлалын хувьд үүнийг бас ажлаа явуулах арга гэж үзэж байсан.
 
Намын дүрэмд бол фракцтай байна, фракц нь тэгнэ, ингэнэ гэсэн зүйл байдаггүй. Та нар санаж байгаа бол 2006 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаасаа огцроод Ардчилсан Намын дарга болох үедээ фракцгүй нам байх бодлого бариад сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. 

Ер нь сонгууль хаяанд дөхсөн байхад фракцаараа ялгарч болохгүй. Сонгууль гэдэг бол үндсэндээ сахилга баттай байхыг шаарддаг. Гэтэл тав, зургаан тал болчихоод тав зургаан юм яриад байвал сонгуульд  амжилт олохгүй нь тодорхой. Тийм учраас фракцгүй болох нь сонгуульд амжилт олохын чухал элемент учраас үүнийг зорилго болгож байгаа юм. Ардчилсан Нам өөрөө таван намын нэгдэл учраас фракц гэдэг зүйлийг дуртайдаа байгуулаад, дуртайдаа салчихдаг зүйл ч бас биш. Гэхдээ энэ зүйлийг ямар ч байсан өөхшүүлж дэмжихээ болъё гэж байгаа юм.

- Ардчилсан намын залуучууд “насанд хүрээд” нам дотроосоо өрх тусгаарлах тухай яриа гараад байгаа. Энэ фракцгүй болох уриалгаас чинь дайжсан хэрэг гэж ойлгож болох болов уу. Үнэхээр өрх тусгаарлалаа гэхэд хүч тарамдах бэрхшээл танайд тулгарах магадлал бий юу?
- Л.Гүндалайг хэлж байна уу?

- Тийм.
- Л.Гүндалай чинь байнга орж, байнга л гарч байдаг учраас нэг их сонин биш. Миний мэдэхийн хоёр дахь удаагаа шинэ нам байгуулж байна уу. Бараг гурав дахиа болж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй улсуудаар АН дутахгүй л дээ. Л.Гүндалайг сайд болгоогүй учраас АН-аас гарсан хүн.  Та нарт үүнийгээ тайлбарласан уу, үгүй юу. 

Шинэ байгуулагдаж байгаа Засгийн газарт намайг сайд болгохгүй бол би шинэ нам байгууллаа гэсэн. Харин би “Чамайг сайд болгож чадахгүй” гэдгээ л хэлсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй л дээ. Өөр нам байгуулна гэж байгаа хүн сонсоогүй. 

- Намын санхүүжилтийн асуудлыг төсвөөс нэмэгдүүлэх талаар та ярьж байна. Төсөв гэхээр энэ иргэдийн татвар учраас санхүүжилтийн асуудлыг  ард иргэдээс асуух боломжтой юу?
- Ч.Сайханбилэг сайдын асуудлыг мессежээр асуусан тухайг зөв, буруу гээд л ярьж байгаа. Гол нь энэ асуулгын дүнд итгэхэд хэцүү. Арван жилийн хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асууна гэдэг бол өөрөө мөнгөний гарз. Та бүхэнд намын санхүүжилтийн асуудлыг ярьж байгаа нь цааш нь түгээгээд өгөөч ээ гэж байгаа юм. Үүнийг сонссон хэн бүхэн энэ хуулийн хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж болно шүү дээ. 

 

ЖИЖИГ 76 ТОЙРОГТОЙ БАЙХ УУ, 48:28 БАЙХ УУ ГЭДЭГ ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ҮНЭТЭЙ АСУУЛТ БИШ

- Танаас өмнө намын дарга хүн Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн. Харин одоо та УИХ-ын дарга. Энэ нь Ардчилсан Намын бодлогыг хэрэгжүүлэхэд саад болоод байна уу даа гэж харахаар байна. Хамгийн сүүлд Таван Толгойн асуудалд хандаж байгаа төрийн гурван өндөрлөгийн байр сууринаас энэ байдал ажиглагдаж байна. 
- Нам, төрийн ажил хоёр холилдсон асуулт болоод явчихлаа. Яагаад намайг Ерөнхий сайд болоогүй юм бэ гээд асуугаад байдаг. 

АН-ын дүрмээр 39 ба түүнээс дээш суудал УИХ-д авсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар бид 31 суудал авсан. Явцын дунд дөрвөн гишүүн нэмэгдсэн. Д.Батцогт, Д.Арвин гишүүн, Өвөрхангайн хоёр гээд нийтдээ 35 уулаа болсон. Тэгэхээр намын дарга болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх зорилготой байгуулсан. Тиймээс улс төржилтөөс эдийн засгаа хол байлгая гэдэг зорилгоор Ерөнхий сайдаа аль нэг намын дарга биш хүнийг томилсон. Улс төржилтийг энэ Их хурлын танхимаар л хязгаарлая. Түүнээс цааш гарахаа болъё гэж байгаа юм.

Та нар санаж байгаа бол С.Баяр гэж Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн Шадар сайд байсан. С.Батболд Ерөнхий сайдын үед бас байлаа. Тухайн үед С.Баяр нь эсвэл С.Батболд нь Н.Алтанхуягт үүрэг өгөөд олон суудалтай нам нь бусад намдаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйл ажиглагдсан учраас УИХ-д суудалтай намуудын дарга нь өөрсдөө УИХ-даа оръё оо гэж байгаа юм. Одоо хоёр намын дарга УИХ-д байхгүй байгаа. МАХН, МҮАН-ын дарга УИХ-д байхгүй байгаа. 

- Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэг дээр ард түмнээсээ асууна гэж  яриад байх юм. 76 жижиг тойрогтой байх уу. Одоогийн 48:28 гэсэн холимог тогтолцоотой байх уу гэдэгт АН ямар байр суурьтай байгаа вэ?
- Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асууна гэдэг тогтоол өргөн барьсан байна. Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа.

Жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг зургаан тэрбум төгрөгний асуулт биш гэж үзэж байна. Зургаан тэрбум төгрөг хаанаас олох юм. Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөр зүйлээр ард нийтийн санал асуулга хийж байгаагүй. Дөрвөн жил тутамд явдаг сонгууль бол хамгийн том санал асуулга. 

Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Одоо бидэнд Сонгуулийн хууль байна. Сонгуулийн тойргийг жижиг болгох уу, томруулах уу гэдэг санал асуулга бол цаг, мөнгөний гарз. Түүний оронд сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг зүйлээрээ л уралдахаас биш тогтолцоо тийм амин чухал зүйл гэж үзэхгүй байна. Тийм учраас МАН-ын энэ асуудлыг АН дэмжихгүй. Мөнгө нь илүүдээд байгаа бол асууж болно л доо.

- УИХ-ын сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдсэн байна. Судалгааны байгууллагуудын хийж буй санал асуулга, судалгаагаар АН-ын рейтинг их доошилжээ. Тэгэхээр нэг жилийн хугацаанд алдсан нэр хүндийг сэргээх тал дээр хэр боломж байна вэ?
- Рейтинг гэдэг бол их харьцангуй асуудал. Өнөөдөр асуувал нэг өөр. Маргааш асуувал нэг өөр. Гэхдээ энэ даяарчлал гэж зүйл явагдсанаас хойш дэлхийн нийтээрээ төр, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Зөвхөн Монголын үзэгдэл биш болоод байна. 

АН-ын рейтинг хамгийн их. Дараа нь МАН. Түүний дараа МАХН гэсэн дараалал бол алдагдахгүй байгаа. Намын рейтингийн асуудал яригдаад байдаг учраас та бүхэнд нэг зүйлийг бэлдэж ирсэн юм.

 АНУ-ын "Пью" гэж судалгааны байгууллага байдаг. Энэ байгууллага 1958 оноос 2014 он хүртэлх АНУ-ын ард түмний төрдөө итгэх итгэлийг гаргасан байдаг. Кеннедиг Ерөнхийлөгч байх үед энэ итгэл 80 орчим хувьтай байсан бол өнөөдөр 24 хүртлээ буурсан байна. 

 

Энэ юу хэлээд байна вэ гэхээр 1960 оноос хойш 55 жилийн турш төр гэдэг зүйлийн үүрэг, хариуцлага их өөрчлөгдөөд байна.  Төрийг бүрдүүлдэг улс төрийн нам гэдэг зүйл бас их өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол Монголд 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувь байсан. Сонгууль болохын өмнө шүү дээ. Сүүлийн судалгаагаар энэ тоо 50 хувь болсон. 

АНУ-ын ард түмний 24 хувь нь л төрдөө итгэж байгаа ч хоёр гол намыг хаяад шинэ хүмүүсийг гаргаж ирэх хүчин зүйл бас болж чадахгүй  байна. Хэдийгээр одоогийн төрдөө итгэхгүй байгаа ч гэсэн сонгууль болохоор хоёр гол намыг л сонгож байна. 

Манайд бол 2012 оны сонгуулиар МАХН -МҮАН-ын эвсэл анх удаа бүлгийн босго давж гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Зөвхөн АН биш нам болгон иргэдийн төр, улс төрийн намуудад итгэх итгэлийг сэргээхийн тулд юу хийх вэ гэдгийг бодох цаг болсныг судалгааны дүнгүүд харуулж байна. Тийм ч учраас улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж дансаа шилэн болго, хэнээс яаж хандив авч шийдвэр гаргаснаа ил болго, намын гишүүдээрээ шийдвэр гаргуул гээд байгаа юм. 

АН намын гишүүдээрээ шийдвэр гаргуулахгүйгээр олон жил явлаа. Дунд нь нэг төлөөллийн байгууллага гаргачихаад байгаа юм. Аймгийн намын хороо, Сумын намын хороо, Үндэсний зөвлөлдөх хороо гэх мэт. 

Одоогийн шинэ хуулиар жирийн гишүүдээсээ асуудаг асуулга бол явах ёстой гэсэн миний санал байгаа юм. Тэр асуулгаар гол асуудлаа шийддэг байх ёстой. УИХ, Аймгийн хуралд, Сумын хуралд хэн дэвших вэ гэдгийг жирийн гишүүдээрээ шийдүүлдэг байх тухай юм. Магадгүй зовлонтой зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс өөр сайн арга бодож олохгүй байна. Харин энэ сонгуулийг шударга, дүрмийн дагуу явуулдаг ажлыг нам өөрөө хийхээс өөр аргагүй. Нийтдээ төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл бага багаар буурч байгаа нь намын тухай хуулийг эрс шинэчил л гэсэн үг. Хуучин шиг косметик засвар хийх боломжгүй боллоо гэсэн үг. 

- Боловсон хүчний тухай юу гэж боддог вэ. Сэтгүүлч нар ч мэднэ. Нэг даргын туслах хийгээд цүнх бариад гүйж байсан хүмүүс яам, тамгын газар дарга болоод боловсрол, туршлага нь гологддог гэдэг. Ер нь намуудын боловсон хүчний чадамж их муу байна гэдэг шүүмжлэлийг та бишгүй сонссон байх. Та өөрийнхөө намын боловсон хүчний чансаанд ямар бодлого барьж байна вэ?
 - Төрийн албаны тухай хуулийг та бүхэн мэднэ. Энэ бол намаас үл хамаардаг. 

- Гэхдээ л намтай хамаардаг шүү дээ. 
- Тийм ээ. Намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд төрийн албаны хууль дүрмийг зөрчдөг. Хаврын чуулганы нээлтийн үеэр ч хэлсэн үгэндээ дурдсан. С.Чинзориг сайдын тушаалыг буруу бөгөөд түүнийг засч залруулах шаардлагатай гэж. Яагаад С.Чинзоригийн тушаал буруу болчихсон бэ гэхээр ерөөсөө сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг зөвхөн С.Чинзоригийн ч өвчин биш. Манай намынхны хувьд ч бас байгаа.

Я.Санжмятав сайдын үед хоёр жилийн хугацаанд хүмүүсээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа байсан. Гэхдээ энэ нь тэдгээр хүмүүсийг халах үндэслэл болж болохгүй. Халагдсан хүмүүст буруу байхгүй. Үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэгчээр сольдог нь буруу. Зүгээр л сонгон шалгаруулалтыг нь хийчих хэрэгтэй. 

Төрийн алба өөрөө намуудад хөтлөгдөж байгаа нь буруу. Аль ч намын ямар ч сайд байсан өөрийн үзэмжээрээ ажилчдыг солихыг хаасан байгаа. Ийм зүйл хийгээд байвал сайд нартай нь л ярина гэсэн үг. 

 

ЗУРГААН ЖИЛ ХААЛГА, ЦОНХОО ХААЧИХЛАА ГЭЖ НАДАД БИШ ТҮРҮҮЧИЙН НАМЫН УДИРДЛАГУУДАД ХАЯГЛАГДСАН ҮГ БАЙСАН

 

- АН-д Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн ротацийг хийгээгүй багагүй хугацаа өнгөрсөн. Шинээр ҮЗХ-ны гишүүн болж орж ирсэн гишүүдийг баталгаажуулах ҮЗХ-ны хурал, намын Их хурлаа хийх санал гишүүдээс хэлээд байгаа. Үүнд хариулт өгвөл?
- АН-ын хамгийн сүүлийн ҮЗХ-ны хурал дээр намын Их хурлаа Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа хийнэ гэдгээ хэлсэн. Эхлээд бүх намыг дүрмээ өөрчлөхийг шаардах юм. Одоо намууд янз бүрийн бүтэцтэй байна. Гишүүдээсээ асуудаг, төлөөллийн байгууллагаараа дамжуулан асуудлаа шийддэг эсвэл бүр ганц хүний нам хүртэл байна.  

 Улс төрийн нам гэдэг гэрчилгээтэй бол нэг дүрмээр явъя. Жишээ нь, УИХ-д суудалтай бүх нам жирийн гишүүдээсээ асууж дотроо сонгууль явуулна гэдэг миний санал дэмжигдэх юм бол ҮЗХ эцсийн шийдвэрээ гаргаж СЕХ-нд бичиг өгнө. Гэхдээ намын жирийн гишүүдийн дунд хамгийн их санал авсан хүмүүсийг л дээш нь явуулна гэсэн үг. Энэ мэтээр намын үйл ажиллагаа иргэд сонгогчидтой илүү ойрхон болох төслүүд хийгдэж байна. 

Их хурлаа Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа хийнэ гэдгээ хэлсэн.

Сүүлийн зургаан жил юу болсон гэхээр намын эв нэгдлээ хадгална гээд дотоодын бүх сонгуулиа зогсоосон. Тэгэхээр ҮЗХ-ны хурал, Их хурал ч хийхгүй, жил болгон гуравны нэгээ сольдог байсан өөрчлөлтөө ч зогсоочихоор юу болж байгааг дөрөвдүгээр сарын 7-ны баярын хурлын үеэр харлаа.

Лоозон барьсан тэр хэдэн залуус зургаан жил хаасан намынхаа хаалга, цонхыг онгойлго, бид ормоор байна гэсэн байсан. Миний хувьд тэднийг байж байг л дээ гэсэн. Тэгсэн хэдэн гишүүн очоод хөөчихнө лээ.

 Тэр бол байдаг л, хэвийн зүйл. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад бив битүү зургаан жил явчихсан нь буруу байгаа юм. 

Сая би намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт ямар үйл явдал болсныг та нар мэдэж байгаа. Сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд л эхэлсэн. Энэ нь намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. 

Ялагдсан нь ялсан хүндээ баяр хүргээд явдаг болохоос суулт зарлаж явдаггүй л юм билээ. Ийм улс төрийн соёл манай намд яваандаа төлөвшинө. Эхний юм болохоор будилаантай юм шиг харагдаж байж магадгүй. Бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Зургаан жил хаалга, цонхоо хаачихлаа гэж надад биш түрүүчийн намын удирдлагуудад хаяглагдсан үг байсан.
 
Миний хувьд баярын хурал дээр байсан тэдгээр залуусын лоозонг нүдний шилгүй байсан учраас харахгүй байсан. Лоозон дээр нь яг юу гэж байсан бэ гээд асуутал дээр ярьсан зүйл байсан. 

Тэр улсуудтай Л.Эрхэмбаяр генсек уулзсан. 

Ер нь, намын тухай хуулиар нэлээн олон асуудлыг бүх намд адилхан үүрэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид ҮЗХ-ны 228 хүн дотроос УИХ-д нэр дэвшүүлнэ гэвэл ялалт бол харагдахгүй л байгаа юм. Олон хүнтэй уулзаж үзэхэд нэр дэвшээд гарах шаардлага хангахгүй байгаагаа ч хэлсэн нь бий. 

Лоозон барьсан н.Мөнх-Эрдэнэ гэж нөхөр бий.

Тэр залуу надтай ганцаарчилж уулзаад тохироод гарсан нөхөр шүү дээ. н.Мөнх-Эрдэнэ бол Баянхонгор аймгийн Уяачдын Холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баянхонгор аймагт Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж би хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал болсон. 35 гишүүний тойрогт намын дотоод сонгууль зарлахгүй гэсэн үг. Тэгсэн “За ойлголоо” гэсэн. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд явсан. 

Та нар Баянхонгор аймгийн Уяачдын Холбооны дарга н.Мөнх-Эрдэнэ гэж хүнийг таних уу. Тэр хүн өөрийгөө Х.Баттулга, Д.Ганбат гишүүнээс илүү рейтингтэй тэр хоёрын өмнөөс би нэр дэвшинэ гэж ярьж яваа. 

Энэ мэтийн нам доторх сахилга батгүй зүйл байна. Ийм амбицаа дарах л ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх н.Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ мэтээс болоод АН хагарч байна гэж яриад байгаа юм. 
       
- МАН жижиг тойргоор сонгууль явуулъя гэсэн. АН сонгуулийн тойрогт ямар тогтолцоо явуулахыг дэмжиж байгаа вэ?
- Жижиг 76-н тойргоос шилжсэн шилжилтийг санаж байгаа байх. 

 Яагаад жижиг 76-аар сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг буцаж санах хэрэгтэй. 2000 онд жижиг 76 тойргоор явуулсан. Энэ бол дэлхий дээр байдаг л систем. Англи, Америкт ингэж явж байна. 

Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХН /одоогийн МАН/ нийт ард иргэдийн  51 хувийн санал авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл 51 хувийн санал авч чадаагүй мөртлөө УИХ-ын 76 суудлын 72-ыг нь авдаг юм. Жижиг 76-ийн гажиг нь энэ.  Жаахан  илүү нь бүгдийг авчихдаг.  

Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАН-нд санал өгөөгүй байхад парламентын 90 гаруй хувийн суудлыг авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойрог томсгож явуулсан. Яагаад жагсаалт оруулсан юм бэ гэдэг. Жагсаалт бол хүмүүсийн саналыг яг байгаагаар нь тусгадаг арга. 

АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр өгсөн саналаар парламентын суудлын 40, 50 хувь гээд хувааж авна. Түүнээс жижиг 76 дээр гардаг шиг том гажуудал гарахгүй. 

Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. 

Монголын хууль эрх зүйн систем Германыхтай нийцүүлж яваа. Германы парламентын гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намаас сонгогддог системийг авсан нь хэлэлцүүлгийн явцад гуравны нэг, гуравны хоёр болж өөрчлөгдсөн. 

Жижиг 76 руу буцаад оръё гэдэг нь одоогийн тогтолцоог улам муутгах гээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Сонгуулийн системийн гол шалгуур бий. Ард түмний өгсөн санал төлөөллийн байгууллагад хэдэн хувь тусах вэ гэдэг. Хамгийн их алдаа гардаг нь жижиг 76 тойрог. Санал өгсөн хоёр хүний нэгийнх нь санал огт тооцогддоггүй.

АН-д 50 хувь, МАН-д 50 хувийн санал өглөө гэж бодоход түүгээр 76 гишүүнийг АН-гүйгээр авчихвал яах вэ. Тэгж болдог хувилбар нь жижиг 76 тойрог. Үндсэндээ адилхан санал авсан боловч 0 суудал авдаг онолын магадлал байгаа юм. Түүнийг 2000 онд бид харсан шүү дээ. Энэ тохиолдолд сумын Иргэдийн хурал, аймгийн ИТХ-д, нийслэлийн ИТХ, дүүргийн ИТХ-д ч тохиолдоно. 

Холимог системээ сайжруулах хэрэгцээ бол бий. Жишээ нь, АН-ын дүрмээр 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулчихсан. 

Энэ их атаархал дагуулсан. 

Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат гэсэн дөрвөн хүнийг гишүүн болгочихсон. Тодорхой хэмжээнд атаархал явсан. Тэгэхээр энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Бусад нам яахыг мэдэхгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлчихсэн. Хоёрдугаарт, жагсаалтаар гарсан хүн давтан орж ирэх эрхгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт дэвшинэ гэсэн үг.

Ийм байдлаар жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Нөгөө атаархал алга болно. 

Жагсаалтаар гарсан хүн жагсаалтад давтан орж ирэх эрхгүй.

Чи нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын Уяачдын Холбооны дарга шиг нөхөр гэнэт гарч ирээд хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байна. 

Үүнийг би намын залуучуудтай уулзахдаа ч хэлсэн. Та нар ямар нэгэн сонгуульт байх ёстой. Багийн дарга байсан ч хамаагүй. Ард түмнээр шүүлгэж сонгуулийн кампанит ажил хийлгэж үзсэн хүн энэ Уяачдын Холбооны дарга шиг аашлахгүй. 

- Таны энэ  яриа залуучуудаа улам л хаалттай болгоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа. Залуучууд яаж орж ирэх боломж бүрдэх юм бол?
-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байгаа. Үе солигдож байгаа үед дараалал дайрахыг би зөвшөөрөхгүй. 

"Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе" З.Энхболд

Үгүй ядаж над шиг Өвөрхангай аймгаас хоёр удаа сонгогд. Тэр Мөнх-Эрдэнэ гэж нөхөр. Ийм зүйл байхгүй бол замбараагүй юм болно. 

Манай намд гишүүдэд АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Монгол Улсад  улс төрийн албан тушаал болох 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар гэж бий.

 АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор чи орсон байх юм бол АН-ын үнэ цэнэ бүхий гишүүн гэсэн үг. Гэхдээ тэр шалгуурыг бид тогтоохгүй. Өөрөө өрсөлдөөд багийн Засаг дарга болоод, сумын ИТХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод явах эрхийг  нээж өгөх тоглоомын дүрмийг л бий болгох гэж байна. 

Түүнээс 1950-аад онд төрсөн нь ирэх сонгуульд орохгүй 1960-аад оныхон орно шүү гэж механик аргаар асуудлыг шийдэж болохгүй. Манайд маш олон удаа сонгогдсон,  настай мөртлөө  залуу сэтгэлгээтэй гишүүн ч бий. Залуу мөртлөө маш хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс ч байна. Тэгэхээр энэ бол насны тухай асуудал биш юм.

- Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ. Т.Хасбаатар гэхэд МАН-ын байрыг нэхээд яваад байгаа?
-Т.Хасбаатар АН-ын гишүүн биш. Өвөрхангайн АН-аас хөөгдсөн. 

Тиймээс тэр талаар ямар нэг тайлбар хэлэхгүй. 

Нам ер нь өмчгүй байх нь зүйтэй. 

Хууль гарвал намынхаа байшинг хүлээлгэж өгөхөд бэлэн.

Хууль гарвал намынхаа байшинг хүлээлгэж өгөхөд бэлэн. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгчихнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй байдаг байгууллага биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Аж ахуйн байгууллага биш. 

АН хуучин шилэн байшингаа гэхэд зараад дуусгачихсан. Шилэн байшингийн бууринд баригдах байшинд манайх нэг давхар л авна. Тэгээд л болоо. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй. Орон нутагт ч мөн адил улсын өмчийн байртай бол буцааж өгнө. Өөрсдийн гишүүдийн мөнгөөр барьсан бол зарна л гэсэн үг. 

- АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд үүрэг гүйцэтгэгч гэж явж байгаа. Хэзээ жинхэнэ нарийн бичгийн даргатай болох вэ?
- Генсекийн хувьд олон хүнийг оруулаад сонгодог зүйл байхгүй. Би ганцхан хүнийг нэрлээд тэр нь дэмжлэг авбал болно. Болохгүй бол болохгүй. 

 

УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм

 

-  Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван Толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж Та мэдэгдсэн. Энэ мэдэгдэл өмнө нь таны ярьж байсан УИХ Засгийн газрыг ажил хийлгэх боломжоор хангахгүй байна гэсэн байр суурьтай чинь  зөрчилдсөн мэт харагдаад байна. Эсвэл ТТ асудалд арай өөр өнцгөөс хандав уу?
- Таван Толгой бол олон жилийн түүхтэй компани. 
 
1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 

1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч болдог үед Сү.Батболдын компани Таван Толгойн лицензийг нь авсан байсан. 

Дараа нь Сү.Батболдын авсан байсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа Худагийг өгсөн. Харин энэхүү нэг толгой болох Ухаа Худагийг MCS аваад ажиллаж байгаа. 

Үлдсэн дөрвөн толгойг яах вэ гэдэг дээр УИХ шийдвэрээ гаргасан. 

Үлдсэн дөрвөн толгойн хувьцааг ард түмэндээ үнэгүй өгсөн мөн компаниуд мөнгө төлж авсан. Нийт гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд сууж байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Хувьцаагаа зарчихсан нэг хэсэг хүн бий. 
 
2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ Таван Толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-нд бичиж байсан. Тэр үед манай намын дарга Ц.Элбэгдорж энэхүү санаачилгыг гаргаад Сү.Батболдоос лицензийг аваад Ухаа Худагийг өгсөн байдаг. 

ТТ нөөц нийтдээ 6.5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг.  Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд, 10 орчим хувь нь ард түмний өмч гэсэн хувьцаат компани байгуулагдсан. Б.Энэбиш, Я.Батсуурь гээд захирал болгон нь шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. 

М.Энхсайхан гэдэг хүн юу хийсэн юм бэ. Миний хувьд тэр үед тэгж зогсоохоос өөр арга надад үлдсэнгүй. УИХ-ын веб сайтад байгаа тэр ТТ-н гэрээг зурахаар албан ёсоор санал авахаар явуулсан байгаа юм. 

Хаврын чуулганы нээлтэд хэлэх үгээ ТТ-гүйгээр хэлэхээр бэлдчихсэн байсан. С.Ламбаа гуайн бэлдсэн үг байгаа юм. Гэтэл өглөө нь тэр гэрээг аваад үзтэл Монголын ард түмний эрх ашиг, тухайлбал хувьцаа эзэмшигч миний эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр ТТ жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон байгаа юм. 

 Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон байгаа юм. 

Нөгөө компани мэдээж татвараа төлөх л байх. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний ТТ-н 51 хувийг нь “Энержи ресурс”-т, 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” –д очихоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болчихсон байна. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа юм. Гол нь маш олон хууль зөрчсөн гэрээ. Өөрийнхөө талбай руу орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал хувиа чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. 

 

Иймэрхүү хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас тэгж зогсоохоос өөр арга байсангүй. 

Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлж болохгүй. Би бүх зүйл хуулийн дагуу явахыг л шаардаж байгаа юм. 

2006 оноос хойш ард түмний ТТ-г яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ ч, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан байдаг. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрийг байхгүй юм шиг шийдсэн байгаа юм. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн бичиг байхад М.Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. 

Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцоод байна.

Энэ үйл явдлын дараа та нарын үзэж байгаа чинь хуурамч гэрээ, жинхэнэ гэрээ энд байгаа гэх яриа гаргаж ирсэн.  УИХ-ын албан ёсны цахим хуудсанд хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад Хэргийн яам, Хууль Зүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээний хувилбарыг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй байна. Дараа нь буюу яг энэ хувилбараар зурна гэсэн шинэ гэрээг нь бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй. 

Энэ хоёр гэрээний ялгааг та нар өөрсдөө олоодох. Би энэ хоёр сая хүний хувьцааг яах вэ гэдэг дээр хариуцлага хүлээсэн хүн. Тиймээс  УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байгаа юм.

Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой. 

- Ерөнхий сайдын хүссэнээр 14 хоногт амжих болов уу?
- Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. 

Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу Толгой дээр гаргасан алдааг давтах нь гээд байна. Оюу Толгойд олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа юм. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. 

М.Энхсайханы шинэ гэрээнд ч байгаа, хуучин гэрээнд ч байгаа маш ноцтой заалтууд бий. А.Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. 

Гэрээнд нүүрсийг ямар өртгөөр олборлох, хэнд зарах, ямар тарифаар тээвэрлэх энэ болгоныг өөрөө тогтооно гэсэн байгаа. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол А лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна гэж бий. Энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон байгаа нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэх шаардлага тавихад  Лондонгийн Арбитрын шүүхээр "Миний олох байсан ашгийг өг" гэх ийм л балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй.

Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэх шаардлага тавихад  Лондонгийн Арбитрын шүүхээр "Миний олох байсан ашгийг өг" гэх ийм л балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй.

 Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх юм хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур явъя гэж байгаа бол тэр хуулиа эхлээд өөрчлөх ёстой.
 
- Зарим хүн эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр ч хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж харж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу? 
- Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад ТТ-оо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав бэлэглэхгүй. 

Ер нь бол баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Морио унаад л.

Доллараар юм авахаа болих хэрэгтэй. Доллараар юм аваад л байвал ханш чинь 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам бий. 

Гэхдээ 2012 онд Монголын ард түмэн санал өгөхдөө байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе л гэсэн. Тэр мандатынхаа дагуу л явж байгаа. Энэ төслүүд явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. 

2012 онд Монголын ард түмэн санал өгөхдөө байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе л гэсэн.

Дараа нь биднийг бүгд хараана. Мөнгөгүй болсон үе гээд үлдсэн дөрвөн толгойгоо "Энержи Ресурс"-т өгөөд, ингэхдээ 70 жилээр өгнө. Хамгийн ноцтой нь “Энержи Ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа”-д 100 хувь шилжүүлж өгөхөд бүх зам нь нээгдчихсэн байгаа. 

Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөөг Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар хүлээсэн үүрэггүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр нүүрсээ зарахыг зөвшөөрдөг юм. Оюу Толгой дээр шүүмжлэгддэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь хүртэл гэрээнд байж байх жишээтэй.

- УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?
- УИХ хуульд нийцүүлэх гэж л байгаа юм. Хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Дээр нь хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна. Засгийн газар чинь 70 жилээр тийм нөхцөлөөр өгөхөд бэлэн байгааг тооц. 

- УИХ-аар асуудал оруулахаар улс төрчдийн, намуудын өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?
- УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл чигээр нь явуулж болно шүү дээ. 

ТТ-гоо үнэ төлбөргүйгээр “Энержи Ресурс”, “Шинхуа” хоёрт өгөөд явуулъя гэж байгаа бол өгье. 

Үгүй ээ, үнэ цэнэтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана.

 

Ч.БОЛОРТУЯА  - @Bolort