Уншиж байна ...

Япон даяар эзэнгүй болсон хувийн орон сууцны тоо 9 саяд хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2023 оны аравдугаар сарын байдлаар Япон даяар эзгүйрсэн хувийн орон сууцны тоо 9 саяд хүрснийг тус улсын засгийн газар саяхан мэдээлжээ.

Энэ нь 2018 онд явуулсан өмнөх тооллогын дүнгээс 510,000-аар өсөж, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт юм байна.

Эзгүйрсэн сууцнууд Японы нийт хувийн орон сууцны 13.8 хувийг бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл долоон хувийн орон сууц тутмын нэг нь эзгүйрсэн байна.

Ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь тэдгээрийг эзэмшдэг байсан өндөр настнууд нас барсан, эсвэл асрамжийн газарт шилжсэнтэй холбоотой гэнэ.

Эзгүйрсэн 9 сая орон сууцны 4.43 саяыг бусдад түрээслүүлсэн, 330,000-ыг худалдахаар зарласан, 380,000-ыг зуслан буюу хоёр дахь сууц хэлбэрээр ашиглаж байгаа ажээ.

Харин үлдсэн 3.85 саяынх нь статус тодорхойгүй байна.

Өмнөх эзэмшигчийн үр хүүхдүүд, төрөл төрөгсөд үлдээсэн сууцыг ашиглах сонирхолгүй, буулгах зардлыг гаргах хүсэлгүйгээс хаягдсан байж болзошгүй гэнэ.

Япон улс хувийн эзэмшлийн орон сууц, газрын тооллогыг 1948 оноос хойш таван жил тутамд зохион байгуулдаг болжээ.

Өнөөдрийнхтэй харьцуулах боломжтой хамгийн эхний тооллогын дүн 1973 онд гарч байсан бөгөөд тухайн үед Японд 1.72 сая хувийн орон сууц эзэнгүй байсан байна.

Энэ тоо 1993 онд 4.48 сая болсон бол сүүлийн 30 жил хоёр дахин өсжээ.

 

Эх сурвалж: Kyodo News