Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

НЭР ДЭВШИГЧ ухаантай байх нь чухал уу, СОНГОГЧ ТА ухаантай байх нь чухал уу?!

Ч.Болортуяа
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуртай зун гэдэг шиг сонгуультай жилийн хавар үнэхээр сонирхолтой. 

Хэвлэл мэдээллийн салбараас нөлөө бүхий хэд хэдэн хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байна. “Өглөөний сонин”-ыг үүсгэн байгуулагч Л.Нинжжамц, “Open door” сонины үүсгэн байгуулагч Б.Ганчимэг зэрэг алдар цуутай сэтгүүлч нар УИХ-д нэр дэвших тухай бодлоо аль хэдийнээ илэрхийлээд байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд сэтгүүлч улстөрчдийн амжилттай жишээнүүд манайд олон бий. 

Тэднээс гадна УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Б.Арго багш зэрэг хүн ч сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн. 

Мөн сүүлийн өдрүүдэд олны сонирхлыг татаад буй дуучин М.Нарантуяа буюу олонд Нара нэрээр алдаршсан дуучин бүсгүйн дуулиан үргэлжилсээр. 

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ дэмжиж чаддаггүй, чаддаг” зэрэг янз бүрийн агуулгатай хэлэлцүүлэг үүсээд байна. 

Ер нь парламент нийгмийн олон бүлэг, давхаргын төлөөлөл байхын тулд бид хэн хүссэнийг нь дэмжих ёстой юу. Эсвэл УИХ-ын гишүүн болох хүнд тусгай шаардлага байх ёстой юу?

ЭМЭГТЭЙ Л НЭР ДЭВШИГЧ БОЛ ХЭНИЙГ Ч ХАМААГҮЙ ДЭМЖИХ ЁСТОЙ ЮУ?

Олон улсын IPU байгууллагын парламентэд эзлэх эмэгтэй гишүүдийн эзлэх жингээр нь 190 улсыг 144 байр (зарим улсын хувь ижил) эзлүүлснээс Монгол Улс 95-р байрт жагссан байна. 

76 гишүүний 11 нь буюу 14.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Ардчилсан Монгол Улсын хувьд чамлалттай тоо ч эмэгтэй л нэр дэвшигч байвал хэнийг ч хамаагүй дэмжээд бай гэсэн үг үү?

 Монгол Улс 2012 онд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 11 эмэгтэй парламтентийн гишүүнтэй болсон. Энэ тоог тасралтгүй нэмэх ёстой. 

Гэхдээ эмэгтэйчүүдийг л дэмжих ёстой гээд хэнийг ч хамаагүй дэмжиж болох уу. 

Энэ талаар “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга, судлаач Х.Номингэрэл “Эмэгтэй учраас л дэмжинэ гэвэл мэдээж үгүй. Эмэгтэй байвал дутаж байгаа дуу хоолой гэдгээр нь илүү сонирхоно. Гэхдээ эмэгтэй байлаа гээд намайг төлөөлж чадахгүй хүмүүс улс төрд өрсөлдөж л байдаг шүү дээ. Тэгэхээр олон асуудлыг зэрэг харгалзаж үзэх хэрэгтэй болно.

"Хүүхэд хамгаалал, төрөх эмнэлэг, боловсрол, эрүүл мэнд, гадаад бодлого, эдийн засаг, маргаан шийдвэрлэх тогтолцоо гэх мэт нь эмэгтэй эсвэл эрэгтэй хүний асуудал биш бөгөөд бүх монголчуудын асуудал юм" Х.Номингэрэл

Улс төрд эмэгтэйчүүд орсноор эмэгтэй хүний асуудлыг биш эмэгтэй ХҮМҮҮС өөр өөрийн өнцгөөс нийгмийн асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхэд эрэгтэй хүмүүстэй хамт оролцох зорилготой. Хүүхэд хамгаалал, төрөх эмнэлэг, боловсрол, эрүүл мэнд, гадаад бодлого, эдийн засаг, маргаан шийдвэрлэх тогтолцоо гэх мэт нь эмэгтэй эсвэл эрэгтэй хүний асуудал биш бөгөөд бүх монголчуудын асуудал юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх дүр төрх, төсөөлөл, хэн байх, хэрхэн амьдрах талаарх хүлээлтээс шалтгаалаад асуудлын чухлын эрэмбэ, шийдвэр гаргахад харгалзах нөхцөлүүд, харах өнцөг өөр байх нь бий.

Бодлогыг шүүмжлэх нэг хэрэг. Харин таалагдахгүй байгаа байр суурийг нь “эмэгтэй учир” гэж хүйсд наан тайлбарлах, эсвэл эмэгтэй шинжүүд рүү нь дайрч давшлах байдлаар үгүйсгэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яг л бид эрэгтэй улс төрчийн таалагдаагүй байдлыг “эр учир” гэж ярьдаггүйтэй адил. Харамсалтай нь, нийгэм одоо ч зориуд болон санаандгүйгээр ялгаварласан хандлага гаргасаар байгаа тул квот буюу түр тусгай арга хэмжээг хэрэглэсээр байна” гэсэн юм. 

Мөн тэрбээр дуучин Нараг нэр дэвших тал дээр ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. 

Ямартай ч судлаачийн байр суурийг авч үзвэл бид УИХ-ын гишүүнийг сонгохдоо "Зөвхөн эмэгтэй учир дэмжинэ. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ дэмжих ёстой" гэсэн хандлагаар бус дутаж байгаа төлөөлөл гэсэн өнцгөөс л эмэгтэй нэр дэвшигчийг илүү сонирхож, сонголт хийхдээ анхаарах нэг үзүүлэлт болгох ёстой аж. 

БИД ЯМАР НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙГАА ВЭ?

Бид ер нь ямар нийгмийг бүтээхийг хүсдэг вэ. 

Монгол Улсын Үндсэн Хуульд “Монголын ард түмэн бид:

  • улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
  • хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
  • төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
  • хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
  • эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн байдаг.

Тэгэхээр бид дээрх зорилгыг биелүүлж чадахуйц хууль эрх зүйн орчныг бүрдүүлэгч хүмүүсийг сонгох ёстой аж. 

iKon.mn –д явуулсан санал асуулгаас үзвэл

УИХ-ын гишүүнээр БИД ямар хүнийг сонгох ёстой вэ?

(Нийт санал: 355, 2016.02.24-ний 08:55 цагт)

  • Өндөр боловсролтой 4.5%
  • Нас тогтсон (Хал үзэж, хашир суусан) 2.3%
  • Залуу эрч хүчтэй, ихийг хийх эрмэлзлэлтэй 1.7%
  • Улсад ч бай, хувийн хэвшилд ч бай ажиллаж тодорхой зүйл хийж бүтээсэн хүн 3.7%
  • Хууль, эдийн засгийн өндөр мэдлэгтэй судлаач хүн 15.8%
  • Нэр цэвэр хүн 1.1%
  • Удам судар сайтай 1.4%
  • Дээрхээс хэд хэдэн шинжийг агуулсан хүн 56.9%
  • Нийгэм өөрөө олон янзын хүмүүсийн нийлбэр учраас бүхий л давхаргын хүмүүс холилдож сонгогдвол зүгээр 6.8%
  • Сайн мэдэхгүй байна 0.3%
  • Бусад  5.6%

Үр дүнгээс үзвэл “Дээрхээс хэд хэдэн шинжийг агуулсан хүн” гэж дийлэнх нь хариулсан нь УИХ-ын гишүүн болох хүн нэлээд олон чадвар, чанарыг агуулсан байх ёстой аж. Харин үүний дараа хамгийн их санал авсан хариулт нь УИХ-ын гишүүн “Хууль, эдийн засгийн өндөр мэдлэгтэй судлаач байх ёстой” гэсэн хариултыг олон нийт сонгожээ. 

“Бид ямар хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох ёстой вэ” асуудалд судлаач Х.Номингэрэлийн байр суурийг сонирхвол “УИХ бол төлөөллийн байгууллага, иймд намайг төлөөлж чадахуйц буюу нийгмийн олон талт асуудал, байр суурь, шалтгаан нөхцөлийг ойлгодог, судалдаг, суралцдаг нөгөө талаар хариуцлагатай буюу иргэдийг болон мэргэжилтнийг сонсдог, шийдвэрээ өөрийн буруу, зөв, шударгын талаар тодорхой төлөвшсөн зарчимд тулгуурлан гаргадаг хүн байх ёстой. 

Энэ чадварууд боловсрол, туршлагаар бий болж болно, эсвэл хувь хүний зан чанар байхыг үгүйсгэхгүй. 

Зөвийн талаарх олон ургалч ойлголт нийгэмд нэгэнт амьдарч байгаа тул хүн бүр өөрийн зөв, бурууг тодорхойлж илүү ойр байгаа хүнээ сонгох нь зүй байх. Гэхдээ наад зах нь хүн бүрийн хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг, асуудлыг хууль ёсоор, ном журмаар нь шийдвэрлэх нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй хүнийг сонгох ёстой гэж боддог” хэмээсэн. 


"Бид иргэний нийгэм байгуулна гэж зорьсон. Тэгэхээр асуудлаа иргэд өөрсдөө шийдэх ёстой, төр биш"

Мөн бид МУИС-ийн Улстөр Судлалын Тэнхимд багшаар ажиллаж байсан, судлаач О.Машбаттай “Бид ямар хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох ёстой вэ” гэсэн асуудлаар цөөн хором ярилцсан юм. 

Судлаач О.Машбат

 

- Бид ямар хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох ёстой вэ?
- Байдаг л нэг махан бодитой, усан нүдтэй, цусан зүрхтэй хүн. 

УИХ-ын гишүүн ухаантай байх ёстой гэдэг. Гэтэл аль ч улсын ямар ч парламентад ухаантай хүмүүсээс бүрдсэн нь нэг ч байгаагүй. 

УИХ-ын гишүүн ухаантай байх ч албагүй. 

Ганцхан шаардлага бий. Тойргийн сонгогчийнхоо саналыг авсан байх.

Тойргийн сонгогч нь харин тэнэг хүнд өгөх үү, ухаантай хүнд өгөх үү гэдгээ өөрөө бодох ёстой.

"Сонгогч өөрөө л тэнэг хүнд өгөх үү, ухаантай хүнд өгөх үү гэдгээ бодох ёстой" О.МАШБАТ

- Тэгэхээр сонгогчдод нэр дэвшигчдийн талаар мэдэх ёстой ерөнхий шалгуур гэж байх ёстой болж таарна?
- Тийм юм байхгүй ээ.

Ардчиллын гол агуулга нь алагчлахгүй байхад оршино.

Нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй, боловсролтой, боловсролгүй, тэнэг мангуу хэн ч байж болно.

Ер нь бүх улсын парламент бол ард түмнийхээ толин тусгал л байдаг.

Хэрвээ бид тэднийг тэнэг гэж байгаа бол өөрийгөө толинд харчихаад л тэгж ярьж байна гэсэн үг.

Гудамжинд "ард түмнийхээ" төлөө хашгирч байгаа хүн УИХ-д орчихоод бас л ялгаагүй болчихно.

Харин УИХ-аас "хөөгдөж" гарсан нь "ард түмэн" гэж гудамжинд хашгирна шүү дээ. Яг адилхан.

"Бүх улсын парламент бол ард түмнийхээ толин тусгал л байдаг" О.МАШБАТ

- Тэгвэл яг таны хувьд ямар шаардлага тавьж УИХ-ын гишүүнийг сонгодог вэ?
- Би өөртөө таалагдсан хүнд л өгдөг. Яагаад гэвэл нэр дэвшиж байгаа хүмүүсээс сонгочихмоор хүн олдоггүй юм.

- Бид ямар хүнийг сонговол манай улсын хөгжил жаахан хурдсаж болох вэ гэдэг дээр судалгаа байдаг байх. Тийм үү?
- Үгүй ээ. Хүн сонгосноор сайхан болохгүй.

- Тэгвэл яавал бид хүсч буй нийгмээ бий болгож чадах вэ?
- Энэ тухайд олон юм ярьж болно.

Нэгд, бид иргэний нийгэм байгуулна гэж зорьсон. Тэгэхээр асуудлаа иргэд өөрсдөө шийдэх ёстой, төр биш. Хоёрт, төрийн ажил гүйцэтгэл сайтай байх ёстой. Тиймээс засгийн газар тогтвортой байх. Ингэхийн тулд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хазаарлах ёстой.

- Гэхдээ сайн хууль хэрэгтэй биз дээ. Сайн хуулийг сайн хүмүүс л гаргах ёстой?
- Сайн хуулийг сайн хүн гаргана. Гэхдээ сайн хүн нь заавал УИХ-д байх албагүй.

Тэр нь Хууль Зүйн Яаманд, УИХ-ынТамгын газарт байж болно.

- Муу хүмүүс сайн хууль баталж чадахгүй шүү дээ. 
- Хүнийг ер нь сайн, муу гэж шууд хэлэх хэцүү шүү дээ. Хүн бүр л бурхан, чөтгөрийн эрлийз, сайн, муугийн холимог.

УИХ гол нь хууль тогтоох ёстой. Үндсэн Хуулийг боловсруулах зарчим нь УИХ-д дандаа эргүү хүн сонгогдчихвол төр яаж явах вэ гэж бодож байгаад хийх ёстой. Ер нь хуулийг дандаа болохгүй талаас нь бодож хийх ёстой гэдэг зарчим байдаг шүү дээ.

- Тэгвэл явж явж бүх зүйл эргээд Үндсэн Хууль руу орж байна уу?
- Үндсэн хуульд ганц хоёр засвар хийх ёстой. Гэхдээ албагүй.

Үндсэн хуулийг амьд байлгаж, хөгжүүлж байдаг өөр бүтэц, механизм байдаг. Жишээ нь, УИХ-аас органик хууль баталж болно. Эсвэл Үндсэн Хуулийн Цэц Үндсэн Хуулийг амьд байлгах тайлбар хийж болно.

АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жилийн өмнө батлагдсан. Хуульч хүний нүдээр харвал хууль гэж нэрлэхэд барагтай эд л дээ. Гэхдээ Дээд Шүүх нь энэ хуулийг одоо болтол амьд байлгаад байна.

- Тэгвэл төрийн институтууд л чадварлаг байх ёстой. Тийм үү?
- Гүйцэтгэх эрх мэдэл тогтвортой байх ёстой. Тогтвортой байвал яваандаа мэргэжинэ, чадваржина.

Гүйцэтгэх эрх мэдэл тогтвортой байж чадахгүй байгаа нь УИХ хэт их эрх мэдэлтэй, бас Ерөнхийлөгч их эрх мэдэлтэй байна. Засгийн газар хоёр тийшээ тэлэгдчихээд ажлаа хийж чаддаггүй юм. Гэхдээ үүнийг Үндсэн Хуульд хүрэхгүйгээр засах талаар ажиллаж л байх шиг байна.

Орон орны үе үеийн парламентын гишүүд дандаа зодолддог байсан.  Угаасаа тийм л хүмүүс сонгогддог. Гэхдээ тэд энгийн иргэнийг төлөөлж байгаа. Өөр юу ч биш. 

Харин УИХ-аас Засгийн газрыг хэрхэн хамгаалах вэ гэдгээ л шийдэх ёстой.

Сарандаваа, Арго, Мөнхбаяр хэн хэн ч билээ бүгд УИХ-ын гишүүн болж болно, сонгогдож чадвал.

"Дуучин Нараа "сайд болж" болох уу гэвэл өөр асуудал" О.МАШБАТ

Ер нь парламентад ийм хүмүүсийн төлөөлөл заавал байх ёстой. УИХ өргөн төлөөлөлтэй байх ёстой юм. Тэгвэл ядаж л гудамжинд улстөр хийгээд нийгмийг үймүүлээд байхгүй, парламент дотроо л хашгиралдаж, учраа олоод сууж байх ёстой юм шүү дээ. Тиймээс ямар ч парламент 100-аас дээш төлөөлөгчтэй байдаг. Ингэснээрээ төлөөллийнхөө хэмжээг нэмэгдүүлж байгаа юм.

- Манайд 76 хангалттай юу?
- Манайд 150-200 байх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын төлөөлөх чадвар муудаад, хуйвалдах чадвар нь нэмэгдээд байна шүү дээ.

- Тэгвэл дуучин Нара өрх толгойлсон ээжүүдийн эрх ашгаа хамгаалаад УИХ-ын гишүүн болъё гэсэн санаа зөв. Тийм үү?
- Зөв. Нээрээ.

Сонгогдож чадвал шүү дээ.  Яагаад болохгүй гэж. Гэхдээ дуучин Нараа "сайд болж" болох уу гэвэл өөр асуудал байхгүй юу.

- УИХ-ын гишүүн болно, болохгүй дээр л бид талцаад байна шүү дээ.
- Харин тийм. Болохгүй гэж бодож байгаа нь саналаа өгөхгүй, болно гэж бодож байгаа нь өгнө л биз. 
 


 

Сонгууль дөхсөөр л байна.

Нэр дэвшигчид ч тодорсоор байх болно. Судлаачдын байр суурийг бас санал асуулгаас үзвэл бид олон талын зөв шинж чанартай, мөн өөрсдийгөө төлөөлөхүйц чадвартай  нэгнийг сонгох ёстой аж. 

Гэхдээ ийм хүнийг ялгаж, салгаж, сонголтоо хийхэд юун түрүүнд СОНГОГЧ ТАНЫ БОЛОВСРОЛ хамгийн чухал. 

Өөрөөр хэлбэл, Бид НЭР ДЭВШИГЧдийг боловсролтой, туршлагатай, эх оронч, хүнлэг эсэхийг шүүхээсээ илүү СОНГОГЧИД өөрсдөө эхлээд “буруу” хүнийг сонгохгүй байх тухай буюу бид өөрсдийгөө шүүх нь АСУУДЛЫН ГАРЦ МЭТ.

Түүнээс 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн хэн ч Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших эрхтэй нийгэмд бид амьдарч буй.

 

Сонгогчийн боловсролын асуудлаарх сэдвээ бид үргэлжлүүлсээр байх болно. 

Bolortuya@ikon.mn 

Гэрэл зургийг mpa.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.