Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУВРАЛ: Орон орны домог үлгэрээр аялахуй

МОНСУДАР
2016 оны 3 сарын 21
Монсудар

Бид “монгол ардын өв соёл, ёс заншлаа залуу хойч үеийнхэн маань битгий мартаасай” гэсэн үүднээс уншигч та бүхэндээ монгол ардын аман зохиолыг  танилцуулсаар байгаа билээ. Энэ удаад бид бусад улс орны домог үлгэрийн тухай, тэд домог үлгэрээ хэрхэн хөгжүүлэн таниулж авч явж байгаа талаарх мэдлэг мэдээллийг цувралаар хүргэж байна. Аль нэг улс орны домог үлгэрийн тухай ярихын тулд эхлээд дэлхий дахины буюу нийт хүн төрөлхтний домогзүйн нийтлэг ойлголтыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Тиймээс нэн тэргүүнд нийтлэг нэгэн домог үлгэрийг авч үзье.

ДЭЛХИЙ – ЯСТ МЭЛХИЙ 

Дэлхийн ерөнхий дүр байдал, бүтэц тогтолцоог илтгэсэн “Дэлхийн үүслийн тухай домог үлгэр” нь хүн төрөлхтний эртний домгийн сэтгэлгээний илрэл юм.
Хүн төрөлхтөн анх аварга том яст мэлхийн нуруун дээр дэлхий оршин тогтнодог хэмээн төсөөлж байжээ. Энэхүү үзэл санааг тусгасан “Гайхамшигт яст мэлхий” нэртэй бүтээлийг хамгийн анх Америкт Жаспер Данкартс 1678–1680 онд бичсэн байдаг. Уг домог үлгэрээр бол анх зөвхөн ус л байсан бөгөөд нэгэн аварга яст мэлхийн нуруун дээр ой мод, амьтан, улмаар хүн бий болсон гэж үздэг. Энэ нь Америкийн хойд зүгийн омгуудад тархсан бөгөөд улмаар дэлхий дахинаа түгжээ. 

Ийн түгэн дэлгэрэхдээ утга агуулга нь адилхан хэрнээ тухайн улс орны онцлогийг шингээсэн олон хувилбартай болсон байна. Тухайлбал, Хятадын яст мэлхийн домог үлгэрт яст мэлхийн доод талын хавтгай хуяг нь газар дэлхий, дээд талын дугуй хуяг нь тэнгэр гэж үздэг байжээ. Харин Энэтхэгийн яст мэлхийн домог үлгэрт ихэвчлэн өөрсдийн бэлгэдэлт амьтан болох заан болон могойг яст мэлхийн хоёр талд байгаагаар дүрсэлдэг байжээ. 

 

Тэд яст мэлхийг ямар нэгэн нэрээр нэрлэдэг байсан бөгөөд хамгийн түгээмэл нь Курма, Курмаража юм.

Ингээд та бүхэндээ домогзүйн эх үндсийг тавьсан Грекийн домог үлгэрийн талаар хүргэе. 

ГРЕК ДОМОГ ҮЛГЭР

Грект Платон домогзүйг анхлан судалж эхэлжээ. Эртний грек домогзүйн хамгийн эртний эх сурвалж нь МЭӨ VIII зууны үед зохиогдсон Гомерын Одиссей, Иллиад юм.
Эртний грекчүүдийн хувьд бурхадаар эд юмсыг төлөөлүүлсэн нь огторгуйн орон зай, тэнгэр эрхсийг эргэх эзэнтэйгээр хүмүүст ойлгуулахад оршиж байжээ. Грекийн “Тройн дайн”, “Аргонавтуудын тухай” домог үлгэрээс салбарласан домог үлгэр олон байдаг. Хамгийн их дэлгэрсэн нь “Хесиодын бурхад төрсөн нь” хэмээх домог үлгэр бөгөөд үүгээр бол ертөнцийг Олимп уулан дээрх бурхад захирч байдаг. Энэ дэлхий ертөнцийн анхдагч бол Хаос гэж өгүүлдэг. 

Хаос гэдэг нь угтаа хоосон, оргүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнц ор хоосонгоос үүссэн аж. Төд удалгүй Хаосоос Гаяа буюу Эх дэлхий хэмээгч бурхан төрсөн байдаг. Тэрээр хүүгээсээ анхны титануудыг (далай, гол мөрөнг бүтээсэн бурхан) олдог. Зургаа нь эрэгтэй (Койос, Криос, Кронос, Хипэрион, Лапето ба Океанос), зургаа нь эмэгтэй (Мнесоминь, Фойбэ, Реа, Теа, Темис ба Тетис). 

Гэвч Кроносыг төрсний дараа Гаяа хорвоо ертөнцөд дахин хэзээ ч өөр титан төрөх ёсгүй гэжээ. Иймд титануудын оронд нэг нүдэт циклопууд (духан дээрээ ганц нүдтэй аварга биет мангас) болон зуун гарт гекатонхейрүүд (зуун гартай аварга биет мангас) бий болжээ.

Залгамжлагч титануудын хамгийн анхдагч, хамгийн зоригтой нь болох Кронос аавынхаа эсрэг тэмцэн өөрийн дүү Реатай гэрлэн хүүхэдтэй болж, бүх эрх мэдлийг гартаа авчээ. Реа, Кронос хоёрын дундаас анхны хүү мэндэлсэн нь Зевс байв. Тэр тэнгэр бурхадын хаан бөгөөд аянга цахилгааныг захирдаг. 

 

Энэ мэтээр маш олон бурхад бий болжээ. Тухайлбал,

Зевсийн эхнэр Гера  Гэр бүлийн бурхан 
Зевсийн охин Афин  Оюун ухааны бурхан 
Афродита  Гоо сайхны бурхан 
Арес  Дайны бурхан
Посейдон  Далайн бурхан


Түүнчлэн кентавр, минотавр, сирена, сфинкс зэрэг нийлмэл дүр цөөнгүй байдаг. 

 

Өдгөө грек домог үлгэрээс сэдэвлэн “Тройн дайн” “Геркулес”, “Титануудын тулаан” зэрэг олон кино уран бүтээл туурвиж, хүүхэлдэйн кино, үгийн сүлжээ, судоку, электрон тоглоом зохиож олон нийтэд хүргэсээр байна. 

Мөн хүүхэд залуучуудын сонирхлыг татахуйц домог үлгэрийн баатруудын зурагтай “мортал” тоглоом гаргасан нь домог үлгэрээ танин мэдүүлж, хөгжүүлж байгаагийн илрэл юм. 

Та бүхэн монгол домог үлгэрээ хэрхэн хөгжүүлэх, таниулах талаар санал хүсэлтээ бидэнтэй хуваалцаарай!

Эх сурвалж: “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “Утга соёл” цувралын IV дахь боть “ДОМОГ ҮЛГЭР” номоос бэлтгэв.