ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол тэмээ өсгөх шинэ менежмент амжилттай хэрэгжиж байна

С.Уянга, Зууны мэдээ
2016 оны 3 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг

Тэмээн пологийн Монгол Улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээн Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ талаар Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Хоёр бөхт монгол тэмээг өсгөх, хамгаалах менежмент бүхий Монголын оюуны өмч болсон Тэмээн поло тэмцээн тэмээчдийн хүсэн хүлээдэг наадам хэдийнэ болж чаджээ?

-Жил бүрийн гурав­дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хурдан тэмээний уралдаан болон “Тэмээн поло” тэмцээнийг 10 гаруй жил зохион байгууллаа.

Энэ жил ч уламжлал ёсоороо зохион байгуулах гэж байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас жил бүр ирж сурвалжлахаас гадна олон улсын томоохон телевиз болох CNN, CCTV, NHK, ОХУ-ын телевизүүдээс “Тэмээн поло” тэмцээнийг сурвалжлах эрхийг хүсдэг. Тэмээн поло тэмцээн дэлхийд танигдсан, жилээс жилд хүрээгээ тэлсэн, өргөжин тэлж байгаа тэмцээн болоод байна.

Энэ бол Монголын хоёр бөхт тэмээ дэлхийн хэмжээнд гарч чадсаныг харуулж байгаа юм. Үүнийг цааш нь хөгжүүлээд явбал Монголынхоо аялал жуулчлалд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Ялангуяа өвлийн аялал жуулчлалд эргэлт болох юм.

-Монгол тэмээ гэхээр таныг заавал ярьдаг?

-Мал хувьчилсан үеэс хойш хоёр бөхт Монгол тэмээ нэг сая тоо толгойгоос 200,000 хүртэл эрс хорогдсон. Иймд тэмээн сүргийг өсгөх, үржлийг нь сайжруулах, ашиг шимийг нь олон нийтэд ойлгуулах бодлогыг шинэ менежментийн хүрээнд цогцоор нь боловсруулан хэрэгжүүлж байна.

Хоёр бөхт Монгол тэмээг өсгөх, хамгаалах чиглэлээр бараг 15 жил ажиллажээ.  

Мал хувьчилсан үеэс хойш хоёр бөхт Монгол тэмээ нэг сая тоо толгойгоос 200,000 хүртэл эрс хорогдсон. 

Тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа бид Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбоог 2002 онд анх үүсгэн байгуулсан юм.

Үүсгэн байгуулснаасаа хойш манай холбооноос улсын чанартай 30 гаруй тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлууллаа. Тэмээнд хандах олон нийтийн хандлага эрс өөрчлөгдөн малчдад тэмээ өсгөх сонирхол эрс нэмэгдсэн. “Тэмээн поло” уралдаан, тэмээн уяач, тэмээн аялалын маршрут гэх мэтчилэн олон чиглэлээр эрчимтэй хөгжиж байна.

2007 онд Сүхбаатарын талбайд 100 тэмээний парад хийснийг дэлхийн олон орны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж сурвалжлан олон улсад цацсан.

Энэ олон тэмцээн уралдаан дотроос “Тэмээн поло-2008” өвлийн тэмээн аялал нэлээд онцгой. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас гараагаа эхлүүлсэн манай аяллынхан өвөл, хаврын цаг агаарын хүнд нөхцөлд гурван аймаг 12 сумын нутгаар дамжин аймаг, сум бүрт “Тэмээн полог” зохион байгуулж, сурталчилсан.

Нийт 1,000 км аялсны эцэст төлөвлөсөн ёсоороо бид эртний их нийслэл Хархорин хотод очсон юм. Тэндээ Тэмээн поло болон хурдан тэмээний уралдааныг зохион байгуулсан маань хоёр бөхт тэмээ өсгөх, үржүүлэх, хамгаалах сонирхол хүмүүст байгааг баталсан. Манай холбооны тэмээ хамгаалах, өсгөх менежментийн цогц бодлого, үр дүн гарч байна.

Хүмүүс хурдан морь, адуу сонирхож байхад бид ажил үйлсээ тэмээнд зориулж байлаа. Одоо тэмээг хөдөөний малчид төдийгүй нийслэлийнхэн сонирхож байна.

Цонжин болдогт зохион байгуулсан 2013 оны өвлийн Тэмээн поло наадам Монголд өвлийн спорт хөгжих боломжийг харууллаа. 

Энэ мэт арга хэмжээ нь тэмээ өсгөх, ашиглах, тэмцээн уралдаанд оролцох малчдын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Тэмээний уралдаанаар улс, аймгийн алдарт уяачид тодорч, Тэмээн пологийн спортын мастерууд ч олноороо төрлөө. Спортын мастер цолтой 80 гаруй тамирчин одоогоор байна. Баянхонгор аймгийн 1,000 тэмээтэй Шийнэн гэгч уяачид анх удаа тэмээн уралдааны “Улсын алдарт уяач” цол олгосон.

-Одоо тэмээний тоо толгой хэдэд хүрээд байна?

-Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбоог үүсгэн байгуулж, монгол тэмээг хамгаалах, өсгөх хөдөлгөөн өрнүүлснээс хойшхи 15 жилийн хугацаанд 200 мянга болж хорогдсон тэмээ хоёр дахин өсч, 400 орчим мянга болжээ. Дэлхий дээр нэг бөхт тэмээ 20 сая, харин хоёр бөхт Монгол тэмээ нэг саяд хүрэхгүй байна.

-Тэмээ хамгаалж, өсгөх энэ их ажлыг яаж ингэж амжуулж байна аа. Төрийн хоёр ч албан тушаалыг та давхар хашиж байгаа шүү дээ?

- Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбоог би санаачлан Ерөнхийлөгчийнх нь ажлыг хийдэг боловч, манай “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооны захирал, тэнд ажилладаг  залуучууд энэ бүх ажлыг зохион байгуулж авч явдаг. 

-Тэмээ өсөн нэмэгдэхийн хэрээр тэмээчид олшрох нь ойлгомжтой?

-Тэмээ маллах сонирхолтой залуу тэмээчид олширсон. Ингэний сүүгээр сахарын өвчин болон хавдрыг эмчилж байна. Ноос ноолуурынх нь үнэ цэнэ ч өсөв. Тэмээ өсгөх менежмент хэрэгжүүлснээс гадна “Тэмээн поло” тэмцээнийг спортын нэг төрөл болтол нь хөгжүүлж чадлаа.  “Тэмээн поло” тэмцээн үндэсний спортын цоо шинэ нэг төрөл гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Тамирчид нь жилээс жилд олширч байгаагаар энэ спорт хэр өргөжин тэлж байгааг харж болно. 

-Дэлхийн хоёр бөхт тэмээ нэг саяд хүрэхгүй байна гэсэн. Олон улсын хэмжээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Ойрын зорилт гэвэл тэмцээн зохион байгуулах зориулалттай том талбайтай болж, Кувейт, Арабын Эмират зэрэг улстай хамтран тэмээн уралдаан, тойргийн уралдаан зохион байгуулахаар ярилцаж байгаа.

 Зуны ганц наадмаараа ч биш, дэлхийд гайхуулах өвлийн тэмээний наадамтай болохыг зорьж байна.

Монгол тэмээний үнэ цэнийг эрс өсгөн өвлийн брэнд Тэмээн поло наадамтай болно. Монгол тэмээгээр сая, сая жуулчдыг татна. Зуны ганц наадмаараа ч биш, дэлхийд гайхуулах өвлийн тэмээний наадамтай болохыг зорьж байна.

БНХАУ, ОХУ-тай хамтран 2016 оны есдүгээр сард Бээжингээс Байгал нуур хүртэл “Торгоны зам” тэмээн аялал хийж, пологийн тоглолт үзүүлэн Монголоо сурталчлах юм. 

-Энэ жилийн тэмцээний онцлог?

-Хоёр бөхт  тэмээг дэлхийн хэмжээнд таниулах мянган тэмээний уралдааныг зохион байгуулахаараа онцлог. Мянган тэмээ уралдуулан Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгыг  Өмнөговьчууд анх гаргасан. Бид дэмжин оролцож байгаа. Бүр улсын чанартайгаар зохион байгуулж, цол зэрэг олгодог болгоё гэж бодож байна.

Энэ өдрүүдэд Өмнөговь аймагт 1,000 тэмээ уралдан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдаас 20 гаруй багийн тамирчин Тэмээн пологийн улсын аваргад өрсөлдөх юм. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Тэмээн полочид миний урилгаар ирж оролцоно. Мөн шагай шүүрэх багийн тэмцээнийг үзэгчдийн дундаас зохион байгуулж, тусгай шагнал, өргөмжлөл олгоно.

-Тэмээ хамгаалах тухай таны авч хэрэгжүүлж байгаа цогц бодлогын үр дүнд Тэмээн поло урд хөршид дэлгэрчээ?

- Өвөрмонголчууд ч тэмээ уралдуулж байна. Монгол Улс оюуны өмчөө БНХАУ-д анх удаа экспортолж, Тэмээн пологоо Өвөр монголчуудад зааж өгсөн.

БНХАУ-д очин Өвөр монголчуудтай хамт “Тэмээн поло” тэмцээн зохион байгуулахад аваргыг нь манай тамирчдаас гол төлөв авч байлаа. Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийнхан “Тэмээн поло” тоглохдоо гаргууд. Энэ нь монголын “Тэмээн поло”-гийн тамирчид хэр сайн байгааг харуулж байгаа юм.

-Тэр том биетэй тэмээг тэмцээнд бэлтгэнэ гэхээр сонин?

-Дэлхийн пологийн зүтгэлтнүүд монгол тэмээг гайхдаг. Монголын говь, хангайгүй тэмээн уралдаан болж байна, Тэмээн пологийн тэмээнүүд нь заан шиг том, морь шиг хурдан гэлцдэг. Тэмээний спортод асар их ирээдүй байна гэдэг юм.

Монголын хоёр бөхт тэмээ үнэхээр сурамгай. Тэмцээнд зориулан сургахад нэг сарыг л зарцуулдаг. Бөмбөг өнхөрхөд зог тусахгүй байж чадахыг сургаж чадсан тэмээчнийг тэмээтэй харьцаж сурсан гэнэ биз дээ. Тэмээг мөнгөний бохир бизнес болгочихгүй юм сан.

-Тэмцээнийг олон газартай хамтран зохион байгуулж байгаа гэсэн?

-Бүх ард түмний спартакиадын хүрээнд Завхан аймагт шатрын, Өмнөговь аймагт Тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. 

Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооноос гадна Биеийн тамир, спортын хөгжлийн төв, ЭМСЯ-тай хамтран Улсын аварга шалгаруулах “Тэмээн поло-2016” тэмцээнийг зохион байгуулж байгаа. Медальт байранд шалгарагсдад алт, мөнгө, хүрэл медаль болон өргөмжлөл, цом, мөнгөн шагнал олгоно.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг