Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.ПҮРЭВДАВАА: Би эмэгтэй хүнд амьдралдаа гар хүрч үзээгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өөртэй нь холбоотой мэдээллүүдэд өнөөдөр /2016.02.19/ албан ёсны тайлбар өглөө.

Тэрбээр хамгийн түрүүнд БЗД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Н.Эрдэнийг зодсон эсэх асуудлаар доорх тайлбарыг өгсөн юм.

 

"Н.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа ийм гүтгэлэгийн ажил зохион байгуулсан гэж бодохгүй байна" 

"Би эмэгтэй хүнд амьдралдаа гар хүрч үзээгүй. Энэ олон камерын өмнө албан ёсоор хэлье. Би охин дүүтэй. Гурван хүүхэдтэй, эхнэр маань тогоо шиг гэдэстэй, таван сард амаржина. 

Би ээжтэй, ах дүү, найз нөхөдтэй. Намайг гүтгэсэн нь энэ хүмүүст хамгийн хүнд тусч байгаа. 

Тухайн үйл явдал хяналтын камерт бичигдсэнийг, 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Одонтуяагийн телевизэд өгсөн ярилцлагатай харьцуулан та бүхэнд үзүүлье.

Өнөөдөр Д.Пүрэвдавааг яагаад ингэж онцлоод байгааг би ойлгохгүй байна. Цаг хугацаа ард түмэнд харуулах байх. Миний хувьд Н.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа ийм гүтгэлэгийн ажил зохион байгуулсан гэж бодохгүй байна. Тодорхой шалтгаан, шаардлага гарсан байлгүй дээ.

Надад зодуулсан гээд байгаа Н.Эрдэнэ гэдэг хүн 2016 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагад хандаагүй бөгөөд гомдол нь мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй болохыг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс баталж дүүргийн ЗДТГ-т  албан бичиг ирүүлээд байна. Үнэхээр зодуулсан юм бол яагаад цагдаад биш зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байгааг ойлгохгүй байна.

Энэ үйл явдал нэгдүгээр сарын 28-нд Цагаан сарын өмнө болсон байхад яагаад одоо яриад байна вэ.

Манай дүүрэгт ардчилсан хувьсгал гарснаас хойш 2012 оныг хүртэл ганцхан нам засаглаж ирсэн. Би БЗД-ийн анхны Ардчилсан намын төлөөлөл. БЗД нийслэлийн хамгийн том дүүрэг хэдий ч статусаараа сумтай адил байдаг. Энд гарсан энэ жижигхэн асуудлыг ингэж дэвэргэж  байгааг би цэцэр улс төрийн зорилготой бөгөөд сонгуулийн эхлэл юм уу даа гэж харж байна. Гэхдээ нэр цохож тэр энэ ажлыг зохион байгууллаа гэж хэлж мэдэхгүй. 

 

"Ажилтнууд нь хэд хэдэн удаа Н.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлж ирсэн"

Ингэхээр хэнд ч ойлгомжтойгоор Н.Эрдэнэ гэж хэн бэ гэсэн асуулт гарч байгаа. Тиймээс би Н.Эрдэнэ гэдэг хүний тухай хэдэн баримтыг хэлье. 

Гэр бүл хөгжлийн төв гэдэг байгуулагдаад хоёр жил гаруй болоход хоёр жил орчимд нь Н.Эрдэнэ гэдэг хүн даргаар нь ажилласан байдаг. Даргаар ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, ажилтнууд нь хэд хэдэн удаа Н.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлж, ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлүүд гаргаж байсан. 

Ажилтнуудынх нь гомдлын дагуу Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн даргын тушаал гарч, БЗД-ийн Гэр бүл хөгжлийн төвд дотоод хяналт, шалгалт хийгдсэн байдаг. 

Шалгалтын дүгнэлт "Төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, тарийн албаны стандартыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу төвийн дарга, ажил хариуцсан холбогдох ажилтанд хариуцлага тооцож, арга хэмжээ ав ажиллах нь зүйтэй байна" гэж гарсан. 

Ийм дүгнэлт гарчихаад байхад энэ хүнд арга хэмжээ авч өгөөч ээ хэмээн албан хаагчид нь хүсэлт гаргасан учраас миний бие тушаал гаргаж Н.Эрдэнийг тушаал бууруулан ахлах мэргэжилтэн болгосон. Н.Эрдэнэ одоо ч ажлаа хийгээд явж байгаа" гэлээ.

 

Хэвлэлийн хурлын төгсгөлд БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд илтэд хууль бусаар, зохион байгуулалттай хандаж байгаад харамсаж байна гээд энэ талаар хууль шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.