Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Пүрэвдаваагийн үйлдэл хэрээс хэтэрч, сард нэг хорооны Засаг даргыг халж, сольж байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 17
iKon.MN

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ажилчдаа дарамталж, дур зоргоороо халж байгаа талаар ажлаас халагдсан болон дарамтан доор ажиллаж байгаа гэх төрийн албан хаагчид мэдээлэл хийлээ.

БЗД-ийн Засаг даргын тамгын газар буюу Д.Пүрэвдаваагийн шууд удирдлага доор ажиллаж байсан 12 хүн хууль эрхзүйн туслалцаа хүсч, Нийтийн эрхийг хамгаалах төвд хандаад байгаа юм байна.

Хууль бусаар ажлаасаа халагдсан гэх иргэд болон зарим хорооны даргын байр суурийг хүргэж байна.

 

“Яг ямар үндэслэлээр халж байгааг үнэндээ ойлгохгүй байна”

 

БЗД-ийн 15 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байгаад 2015 оны тавдугаар сард ажлаасаа халагдсан иргэн Г.Гантуяа “Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа намайг байж болох бүхий л хэлбэрээр дарамталсан.  Шөнө  21:00 цагт гэрт минь ирж сүрдүүлсэн. Хорооны жижүүрийг маань зодож, намайг ажлаас гараад явж байхад машинтай хүмүүсээр мөрдүүлсэн. 

Миний хувьд ажлаас халагдсаныхаа дараа цагдаагийн байгууллагад хандахад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байсан хэрнээ бодит байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэхэд  Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шүүхэд хандаж, эрүүгийн хэрэг үүсгэчихдэг юм билээ. 

Тиймээс эрхээ хамгаалуулахаар Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандлаа. 

Миний бие 2015 оны тавдугаар сард ажлаасаа халагдсан. Надаас хойш дөрвөн хорооны дарга халагдаж, одоо гэхэд л хоёр хүнийг хална хэмээн өрөөндөө дуудаж сүрдүүлж байна.  Яг ямар үндэслэлээр халж байгааг үнэндээ ойлгохгүй байна” хэмээн ярилаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 2012 оны сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Засаг даргаар сонгогджээ.

Тус дүүргийн 28 хорооны Засаг дарга нар бүгдээрээ АН-ын гишүүн бөгөөд Д.Пүрэвдаваа нь дүүргийн АН-ын дарга  учраас улс төрийн үзэл бодлын зөрүү байхгүй гэдгийг БЗД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа хэлж байлаа.

 

"Д.Пүрэвдаваагийн үйлдэл хэрээс хэтэрч, сард нэг Засаг даргыг халж, сольж байгаа"

 

БЗД-ийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяа “Миний бие хорооныхоо хэсгийн ахлагч нарын эрх ашгийг хамгаалж үг хэлснийхээ төлөө янз бүрин дарамт шахалтад өртөж байна. 

Засаг дарга Д.Пүрэвдаваагийн үйлдэл хэрээс хэтэрч сард нэг Засаг даргыг халж, сольж байгаа.  Энэ их халаа сэлгээг тэр хүн өөрийн хувь хүний үзэмжээрээ хийж байна гэж харж байна. 

БЗД-ийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг зодож, биед  халдаж байх үед би хажууд нь байсан гэрч. Тухайн үед миний биед ч гэсэн халдаж түлхсэн. Түүнчлэн намайг олон хүний дунд чичилж, харааж, хурлаас хөөж гаргадаг. 50, 60 хүний дунд нэр хүндийг минь гутааж доромжилдог” гэлээ.

 

“Д.Пүрэвдаваа гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг гаргаж тавьж байгаа”

 

Хэргийн өмгөөлөгчөөр хуульч Г.Батбаяр ажиллаж байгаа юм байна. 

Тэрбээр “БЗД-ийн Засаг даргын шууд удирдлага доор ажиллаж байсан 10 гаруй хүн Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж, миний бие өмгөөлөгчөөр нь ажиллахаар болоод байна. 

Энэ хэргийг сонгуультай холбож тайлбарлах оролдлого гарах байх. Тиймээс энэ хэрэг сонгуультай ямар ч холбоогүй бөгөөд 2, 3 жилийн өмнөөс яригдаж байсан хэрэг гэдгийг хэлмээр байна.  Тухайн үедээ эрх нь зөрчигдсөн иргэд цагдаа, прокурор, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Засаг даргад хүртэл хандаж байжээ. Ингээд ямар ч үр дүнд хүрээгүй учраас нэгдэж, Д.Пүрэвдаваа гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг гаргаж тавьж байгаа юм.

Өөрөө хүмүүсийг доромжилж дарамталдаг хэрнээ өөрийнхөө тухай мэдээллийн хэрэгслээр ярих, өөрийг нь шүүмжилбэл цагдаад өгдөг, дарамталж, ажлаас нь халдаг, зоддог талаар иргэд хэлж байгаа” хэмээн ярилаа.


Энэ хэргийн талаар БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбогдоход “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Бодож байгаад энэ талаар мэдээлэл өгөх эсэхээ шийднэ” гэлээ.