Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Соёлоо: Н.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд "Өдрийн сонин"-ы 2016 оны хоёрдугаар сарын 17-ны дугаарт нийтлэгдсэн "Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зоджээ" гэсэн гарчигтай ярилцлагад өөрсдийг нь гүтгэн доромжилсон агуулгатай мэдээлэл байгааг залруулахаар мэдээлэл хийж байгаа ажээ.

Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн А.Соёлоо "Өдрийн сонин"-д өгсөн Н.Эрдэнийн ярилцлагад манай төвийн, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн зүйлс гарсан учраас бид мэдээлэл хийж, залруулж байгаа юм. 

Н.Эрдэнэ ярилцлагынхаа үеэр "Ажилтнуудыг миний өмнөөс турхирсан. Манай нэг ажилтнаар миний гар утсыг хулгайлуулсан. Тэр ажилтан хэргээ хүлээсэн" гэж ярьсан байна лаа. Н.Эрдэнэ гар утсаа хулгайд алдлаа гээд манайд ажиллаж байсан нэг эрэгтэй ажилтныг цагдаад өгсөн байсан. Тэр хэрэг нь анхан шатны байцаалтын үеэр хаагдсан. Хэргээ хүлээсэн гэдэг нь худлаа. 

Мөн бид Н.Эрдэнэ гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ 2015 оны нэгдүгээр сараас эхлээд л илэрхийлж, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хандаж ирсэн.

Манай төв 2013 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл дөрвөн дарга солигдоод байна. Анх байгуулагдахад нь даргаар томилогдсон Н.Эрдэнэ текритээ авсан хугацаанд хоёр үүрэг гүйцэтгэгч ажиллаж, өчигдөрхөн шинэ дарга томилогдож ирээд байна.

Байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацааны хоёр жил орчимд Н.Эрдэнэ даргын албан тушаалд ажилласан. Тэрбээр даргаар ажиллах хугацаандаа 400-500 мянган төгрөгийн цалинтай ажилчдынхаа бүгдийнх нь цалинг нэг дор 15 хувиар хассан. Мөн бүх ажилчдадаа сануулах тушаал өгөх гэх мэт байж боломгүй дарамтуудыг үзүүлж, 4-5 цагаар хуралдан, загнаж доромжилдог, гэр бүлийнхэн, найз нөхөд руу утасдаж дарамталдаг байсан. 10-аад ажилтантай манай төвийн зургаан хүн халагдаж солигдсон.

10-аад ажилтантай манай төвийн зургаан хүн халагдаж солигдсон.

Бид энэ байдлыг удаа дараа холбогдох хүмүүст мэдээлж, ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн баримтууд байгаа. 2015 оны дөрөв, арваннэгдүгээр сард дүүргийн удирдлагуудад хандахад "Удирдлагатайгаа зохицож ажил" гэсэн хариу өгч байсан баримтууд байна.

2015 оны арванхоёрдугаар сард Н.Эрдэнийг тушаал бууруулж, мэргэжилтэн болгосон. Албан тушаал буурсан хэдий ч одоо болтол өрөөгөө хүлээлгэж өгөөгүй байгаа. Өдөр бүр ажилдаа ирээд зөвхөн биднийг дарамталж байна. Тийм учраас бидний зүгээс Н.Эрдэнэ гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлж өгөөч ээ гэсэн шаардлагыг өнөөдөр дүүргийн удирдлагуудад өгөхөөр бэлтгэж байна. 

Энэ хүнтэй холбоотой хэрэг дүүргийн засаг даргатай холбоотой хэрэг гарахаас өмнө үүссэн байсан. Н.Эрдэнийг зан чанарын хувьд хэцүү хүн гэдгийг дүүргийнхэн мэднэ. Харьяа хэлтэс, алба хамтарч ажилладаг бүх хүн хэлээд өгнө. 

Өөрийнхөө ёс зүйгүй байдлаас болж ийм байдалд хүрчихээд биднийг энэ хэрэгтэй битгий хутгаач ээ гэж хэлмээр байна" гэлээ