Зураач Р.Батцэнгэл нь "Монголын нууц товчоо түгээмэл эх" цуврал зурагт (illustration) номыг бүтээсэн эрхэм бөгөөд тэрээр "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн тэргүүн, "Чингис Хаан бүрэн хэмжээний анимэйшн кино" төслийн санаачлагч бөгөөд одоо уг төсөл дээрээ шаргуу ажиллаж байгаа юм. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та яагаад Нууц товчоо, түүхэн сэдэвтэй зураг зурдаг юм бэ?
-Миний хувьд өнөө цагт уран зураг зурах ганц шалтгаан бол түүх л юм гэж хардаг. Яагаад гэхээр тэр үе рүү нэгэнт хүмүүс яваад орчихож чадахгүй өнгөрсөн зүйл. Дээр нь түүх, соёлоо таниулж мэдүүлэх хэрэгцээ байна. Тийм учраас л зураг зурж байна.
-"Монголын нууц товчоо түгээмэл эх" illustration номыг хийх болсон хүчин зүйл юу байв?
-Үнэндээ нэрэлхээд хэлдэггүй болохоос биш ихэнх нь “МНТ”-г уншиж чаддаггүй. Уншсан ч ойлгож авсан зүйл бага байдаг. Олон зуун жилийн түүх, асар их мэдээллийг багтаасан учраас мэдээж хүнд. Дээр нь төсөөлөлд нь дүр дүрслэл үүсэхгүй байгаатай холбоотой гэж боддог. Яг уран зохиолын ном шиг дүрүүдийг, үйл явдал болж буй орчныг зураглаж дүрсэлсэн зүйлгүй, угаасаа зорилго нь өөр болохоор тэр биз. Тиймээс л "МНТ түгээмэл эх" гэж нэрлээд бүрэн зураглаж дүрсжүүлье гэж шийдсэн юм.
-Та сүүлийн жилүүдэд animation art гэх ертөнцөд хөл тавих болсон. Зураач хүний хувьд давуу тал болон бэрхшээл байв уу?
-Уулаасаа хүүхэлдэйн киноны гол бүтээгчид нь зураачид байдаг. Дэлхийн агуу кино найруулагчид ч зураачид дундаас төрсөн. Сонирхуулахад сая Хөх хотод явж байхад Урагшаа гэдэг өвөрмонгол залуугийн кино их амжилт олж, 7 хоногт 16 сая юанийн ашиг олсон гэж шуугиж байна. Тэр залуу бас л зураач байгаад сүүлд кино найруулж эхэлсэн гэнэ.
Ерөөс урлаг буюу арт гэдэг зүйлийг art хүмүүс л бүтээдэг юм байна. Тэр хүмүүс тодохой нөхцөл болоод асар их хугацааны туршид бэлтгэгдэн төлөвшдөг. Хэдэн их, дээд сургууль төгсөх хугацаа бол үүнд ер хангалтгүй. Бэрхшээлийн хувьд технологийн асуудал байна. CGI буюу Computer animation гэдэг зүйлд судлах сурах зүйл их байна.
-Уран бүтээлч хүний хувьд урам зориг, эрч хүчийг юунаас авдаг вэ?
-Хөгжим сонсохгүй зураг зурах боломжгүй. Маш уйтгартай, ганцаардмал мэдрэмжийг төрүүлдэг. Миний хувьд бол рок хөгжим сонсдог. U2, Muse ойрын үед The war on drugs хамтлагыг сонсож байгаа. Миний дотоод хэмнэлтэй их тохирдог юм л даа. Өдөржин эрч хүчээ тогтвортой хадгалж ажиллахад минь тусалдаг.
-"Монголын нууц товчоо бол кодтой зохиол", "Чингис хааны зургийг зурж зүрхэлдэггүй" гэх мэтчилэн зарим зураачид ярьдаг л даа. Харин таны хувьд "Чингис хаан бүрэн хэмжээний анимейшн кино" хийж байгаа. Эндээс таныг зоригтой, өөртөө итгэлтэй гэж дүгнэж болох уу? Эсвэл хэн нэгэн үүнийг хийх хэрэгтэй гэж бодсон уу ? Яагаад Чингис хааны тухай анимейшн кино хийе гэж зорьсон бэ?
- Нэгт бид нар хийхгүй юм бол хэн хийх вэ. Эргэн тойронд манайхаас гадуур хийгээд яваад байх юм. Бидний тухай хийсэн кинонуудыг манайхан байнга харааж зүхдэг. Үнэндээ бид захиалаад ганц төгрөг өгөөгүйгээс хойш элдвээр хэлээд яахав дээ. Монголд Чингис хааны тухай кино хоёрыг бүтээснийг бүгд үзсэн. Гэвч сэтгэл дундуур үлдсэн. Тиймээс хангалттай болтол нь хийх ёстой гэж бодож байна.
Хоёрт бахархан дээдэлдэг Их хаантайгаа холбоотой асуудалд монголчууд маш хүндэтгэлтэй бас болгоомжтой ханддаг л даа. Би бол айх шалтгаан олж харахгүй байгаа юм. Үндсэн баримталж байгаа үзэл санаа нь зөв бол том алдаа руу халтирахгүй гэж бодож байна. Дээр нь хангалттай сайн судалсан зөвлөхүүд байж байна.
“МНТ”-г кодолсон гэдгийн тухайд бол үнэмшилгүй санагддаг. Анхнаасаа хүн ойлгохооргүй зүйлийг бичих ямар шаардлага байх вэ. Чингис хаан ” … миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй… баримталж явтугай!” хэмээсэн зарлиг болгоныг бичиж үлдээсэн болохоор НУУЦ бичиг баримт байх нь ойлгомжтой биз дээ. Зөвхөн алтан ургийнхан л уншдаг сурах бичиг байжээ л гэж ойлгодог.
-Чингис хаан бүрэн хэмжээний анимейшн кино бусад кинонуудаас юугаараа онцлог вэ ? Чингис хааны тухай өөр орны бүтээсэн анимейшн кино ер нь байдаг уу?
-Италичуудын хийсэн бүрэн хэмжээний зурмал кино байгаа. Тэр бол хүмүүсийн сонирхлыг татаж чадаагүй юмаа. Маш муу хийцтэй хэцүүхэн юм байдаг.
Манай киноны хувьд бол хүмүүсийн бодож, төсөөлж үзээгүй их л сонин юм болно. Одоо миний толгой дотор бүх дүр дүрслэлээрээ бий болчихоод байдаг. Тэрийгээ гаргахаасаа л бүр байж ядаад байдаг юм.
-Гүйцэтгэлийн ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид нар одоо pre production гэдэг юмыг хийж байгаа. Кинонд pre production, production, post production гээд 3 үе шат байдаг. Production гэдэг нь яг үйлдвэрлэл. Pre production гэдэг нь үйлдвэрлэлийн өмнөх үе шат юм.
Одоо aниматик гэдэг зүйл хийх ёстой байгаа. Аниматик гэдэг бол ноорог кино юм. 90 минутын киног тэр чигээр нь хийнэ гэсэн үг. Зургаар бол эскиз юм даа. Үүнийг хийчихвэл бүх зүйл тодорхой болоод үйлдвэрлэл рүү ороход эрсдэлгүй болчихно.
-Ямар баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Манай багийн үндсэн цөмийг Монгол, Герман, Турк, Бельги, Өвөрмонголын кино, анимэйшн, дижитал технологид мэргэшсэн залуучууд бүрдүүлж байна. Үүн дотор Hollywood-д ажилладаг том мэргэжилтэн ч бий.
-Үзэгчдэд хэзээ хүрнэ гэж бодож байна?
-Санаагаар бүтвэл яг 2017 оны төгсгөлд гарах ёстой. Шийдвэрлэх ганц нөхцөл нь мөнгө шүү дээ.
-Хүмүүс ер нь хэрхэн хүлээж авч байна?
-99% нь бол их л сайхан хүлээж авч байна даа (инээв). Энэ чинь бид нарын хүлээж байгаа, ёстой хийх зүйлсийн нэг гээд л. Зарим нэг нь бол зөвхөн нэг үзүүрээс нь хараад бүтэшгүй, давшгүй зүйл болохыг нотлох гэж оролддог. Гэтэл аливаа зүйлийг шийдвэрлэх олон арга замууд байдаг шүү дээ. Хэрэгжүүлэх арга замуудаа харж байгаа учраас яадаг ч байсан бүтээнэ дээ.
-Ирээдүйд таны нүдээр Монголд animation art хөгжих боломжийг хэрхэн хардаг вэ?
-Би бүтэмжтэй, өөдрөгөөр хардаг. Ялангуяа дэлхий даяар Япон анимэг үздэг болсон шиг "Монгол туульс" гэдэг хүүхэлдэйн киноны шинэ хэв маягийг бий болгочихож болмоор санагддаг. Гэсэр, Жангараас авахуулаад асар олон баатарлаг туульс бидэнд байна. Хүүхэд болгоны нийтлэг мөрөөдөл бол ерөөсөө л супер хүчтэй баатрууд шүү дээ. Тэгэхээр хэрэгцээ нь үүрд мөнх гэсэн үг. Үүнийг хийхэд ойрын 50 жил тасралтгүй нүдээд барахгүй их ажил байна даа. Гэхдээ үүнийг зөвхөн хил дотроо хараад хэрэггүй. Монгол туургатан даяараа харах хэрэгтэй.
-Ирээдүйн анимэйшин кино бүтээгч болох хүсэлтэй болон энэ чиглэлээр суралцаж буй залуучуудад та юу хэлэх вэ?
-Гадаадад сурч байгаа олон залуус холбогдож байна. Тэд нар ирээд холбоотой байж тэнд сурсан мэдлэг, know how-аа хуваалцаж, хамтарч ажиллаасай гэж бодож байна. Монголдоо сурсан залуучууд ч олон байна. Гэхдээ гадаад, дотоодод сурсан адилхан нийтлэг нэг юм байна. Эдгээр залуусын мэдсэн, сурсныг том төсөл дээр туршиж, баталгаажуулах шаардлагатай юм байна. Ер нь мэдлэг гэдэг бол сургуульд сурсан, хүнээс сонссон зүйл биш. Амьдрал дээр хэрэгжүүлээд баталгаажсан зүйлийг л хэлэх юм байна.
Бас монголчууд нэгдэж, нийлж ажиллаж чаддаггүй гэх нэг улиг болсон шүүмжлэл байна. Монгол ч бай, япон, солонгос ч бай хүмүүсийг олны хүч шаардсан, хангалттай санхүүжилттэй том төсөл л нэгтгэж, хүч чадлыг нь сорих юм байна. Тэр нөхцлийг бий болгохын төлөө л явж байна. Тэр цагт монгол залуучууд нэгдээд оюун, чадлынхаа хүчээр гайхамшиг бүтээнэ.
Зөвлөөд байх юу ч байхав дээ. Нэг төсөл амжилттай дуусгаж дөнгөвөл араас нь бүх зүйл явчих байх. Их туршлага болно доо.
-Тэгвэл эдгээр залуучуудыг дэмжих ямар нэг үйл ажиллагаа явуулах уу?
Улаанбаатар Их Сургуулийн Түүхийн тэнхим, Археологийн тэнхимтэй хамтарч 2 уралдаан зохион байгуулна. Нэг нь ирэх хүүхдийн баяраар ЕБС-ийн хүүхдүүдийн дунд "Монголын Нууц товчоо" сэдэвт гар зургийн уралдаан зарлана. Учир нь соёлын дархлаа үгүй болж буйг өдөр тутам мэдэрдэг хүмүүс бол зургийн багш нар байдаг юм байна.
Хүүхдүүд хуучин шиг хээр талд гэр, мал сүрэг зурахаа больсон гэнэ. Ерөөсөө Наруто, Гоку гээд аниме баатрууд л зурдаг болж. Тиймээс ЕБС-ийн зургийн багш нарыг сурагчдаа идэвхтэй оролцуулаарай гэж хэлмээр байна. Намар анимэйшн оролддог мэргэжлийн болон мэргэжлийн бус залуучуудын дунд бас нэг уралдаан зарлана. Тэрийг дараа хэлье.
-Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны эхлүүлсэн "Чингис Хаан бүрэн хэмжээний анимэйшн кино" гэх гайхалтай төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна.
-За баярлалаа! Танай хамт олны ажил үйлс ч гэсэн бүтэмжтэй байг.
Ярилцсан А.Булган
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!