П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг өчигдөр “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор эмнэлгийн захиргааны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр эмнэлгүүд олон нийтэд үүдээ нээдэг. Тэгвэл энэ удаагийн нээлттэй хаалганы өдөр өвөрмөц байсан.
Гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар зүрхний хурц шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээний тус бүр 20 ортой тасаг байгуулсан.
Учир нь тус эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ ажилчдад хаалгаа нээсэн юм. Энэ үеэр тус эмнэлгийн эмч нар хүссэн мэдээллээ олж авсан.
Өөрөөр хэлбэл, эмнэлгийн үйлчилгээний салбарыг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгахад эмч, ажилчдаас шаардагдах зүйлсийг хэрэгжүүлэх, мөн шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг эмч, ажилчиддаа таниулахыг зорьжээ.
Тус эмнэлгийн санхүү, хүний нөөц, эмчилгээний шнар, сувилгааны албад өөрсдийн өдөр тутамд хийдэг ажлаа танилцуулж, хэрэгжүүлж байгаа шинэ санаачилгаа хамт олондоо сурталчилж байв.
Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд эмнэлгийн захиргаанаас хэрэгжүүлсэн ажлын тайланг хамт олонд танилцуулсан юм. Энэ үеэр Ц.Төмөр-Очир даргаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэчлэлийн бодлогын хүрээнд танай эмнэлэг ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ?
-Манай эмнэлгийн хувьд хүлээгдэл чирэгддийг багасгах тал дээр анхааран ажиллаж байна. Мөн эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж Мянганы сорилтын сангийн санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар зүрхний хурц шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээний тус бүр 20 ортой тасаг байгуулсан.
Тархины харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх өндөр хүчин чадалтай, дэлхийн хөгжилтэй орнуудын эмнэлэгт хэрэглэдэг аппараттай болсон. Зүрхний бичлэг, хэвлийн эхо шинжилгээг өдөрт 100-120 хүнд хийдэг болоод байна. Энэ мэт шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон ажил бий.
-Иргэдээс ямар гомдол, санал их ирж байх юм?
-Ихэнхдээ иргэд эмнэлэгт үзүүлэх гэж олон өдөр алдлаа гэж бухимдцаг.
Энэ нь иргэд өглөө гараад тэр өдөртөө багтаж эмнэлэгт үзүүлнэ гэсэн ойлголттой байгаатай холбоотой. Бид энэ сэтгэхүйн хэвшилд нь тулгуурлаад чиглүүлэх кабинетууд гарган ажиллуулж байна.
Мөн зөвлөх поликлиникийн хэсэг дээр ачаалал ихтэй байдаг зүрх судас, элэг цөс, мэдрэлийн өвчтэй 60 хүнд нэг өдөр үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус бүр нэг кабинет байгуулж ажиллаж байна.
Ингэснээр өдөрт 180 хүнд үйлчилж байгаа юм. Манайх товлолт цагийн үйлчилгээг өнгөрсөн зургадугаар сараас нэвтрүүлсэн. Үйлчлүүлэгч маань урьдчилан цаг товлоод тухайн өдөр цагтаа ирж үзүүлдэг.
Энэ нь иргэдийг олон хоног дугаарлаж, цаг заваа алдахаас сэргийлж байгаа ажил. Гэсэн хэдий ч хүн амын нягтаршил, хотын төвлөрөлтэй холбоотойгоор бүх сард ачаалал ихтэй байна. Урьд нь өдөрт 1200 хүн хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан. Харин одоо 1500 хүнд үйлчилж байна.
Гэхдээ бид ард иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэхийг хичээдэг.
-Эмч, ажилчдад хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь юу байх юм?
-Эмнэлгийн ажилчид маш олон хүнд үйлчилж, хүнд нөхцөлд ажилладаг. Гэсэн хэдий ч хийж байгаа ажилтай нь авч байгаа хөдөлмөрийн хөлс нь нийцдэггүй. Өөрөөр хэлбэл хүнд ажил хийдэг хэрнээ бага цалин авдаг гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!