Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорьсон байна.
Айлчлалын эхэнд Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхжээ.
“Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гэж мужийн дарга Вэй Хун хэлсэн байна.
2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлсэн байна.
Бүс нутгийн чанартай болж өргөжсөн энэ үйл ажиллагаандаа жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийллээ.
Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Монгол Улсын аль нэг хотыг Сычуань мужтай “нөхөрлүүлбэл” илүү үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглээд, энэ хүрээнд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Сычуань нь Хятад улсын баруун өмнөд хэсгийн нэг муж хэдий ч манай улсаас 30 дахин олон хүн амтай, үүний дээр олон улсын хөрөнгө оруулалт татаж хөгжсөн том зах зээл. Иймд боломжит нөөц, баримтлах бодлого чиглэл гээд ижил төстэй олон салбарт хамтран ажиллах боломж бий гэдгийг ч дурьдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!