Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

ikon.mn
2013 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхуулсан байна.

Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцож байна.

Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ.

Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж ирсэн байна.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд гадаадын 51 орон, Хятадын 27 мужийн бизнес эрхлэгчид оролцож, хөрөнгө оруулалтын 1590 гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ жилийн тухайд, 70 гаруй орны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа ба үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтсан аж.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсгөх үүднээс нээлтийн ажиллагаанд нь гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг.

Энэ жилийн хүндэт зочин болсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Уг үзэсгэлэн нь олон улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх чухал талбар болсныг онцлоод, БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаа ийм чухал арга хэмжээнээс эхэлж буйдаа сэтгэл хангалуун байна” гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхуулсан байна.

Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэн энэ сарын 23-27-нд Хятадын эдийн засгийн төв болсон Чөндү хотод үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлт