Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батбилэг: ebarimt.mn -д баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох боломжтой

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн хүрээнд иргэд НӨАТ-ын буцаан олголт авч, сугалаанд оролцохын тулд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлж байгаа билээ. Тус вэб сайт өчигдөр техникийн шинэчлэл хийсэн.

Шинэчлэл болон системийн хандалт хэр байгаа талаар НӨАТУС төслийн нэгжийн технологийн албаны дарга Т.Батбилэгтэй ярилцлаа.

- Системийн хандалт хэр байгаа вэ, ачаалалтай байгаа бололтой их удаж орж байна лээ?

- Иргэдийн хандалт асар өндөр байна. Мөн систем рүү зөвхөн иргэд биш ААН-үүд бас хандаж байгаа болохоор ачаалал ихтэй байна. Бидний зүгээс ААН-үүдийг системд холбогдох бэлтгэл ажлыг хангах  гурван сар гаруйн өмнөөс  анхааруулсан. Тухайн үед ААН-үүд идэвхтэй хандаагүй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс ачаалал нэмэгдэж, эхний долоо хоногт гэхэд л 4,000 ААН системд холбогдох хүсэлт явуулаад байна. ААН-үүдэд зориулсан модулийг системээс гаргаж өгч байгаа учраас ачаалал нэмэгдэх үндэс болж байна.

ААН-үүдэд зориулсан модулийг системээс гаргаж өгч байгаа учраас ачаалал нэмэгдэх үндэс болж байна.

Бидний хувьд 2016 оны нэгдүгээр улиралд ачаалалтай ажиллана гэж тооцоолж байсан хэдий ч одоогоор тооцоолж байснаас найм дахин их ачаалалтай байна. Он гараад эхний сард 1,300 орчим касс холбогдох тооцоолжбайтал, одоогийн байдлаар 9,000 касс системд холбогдоод байгаа. Цаана нь дахиад 4,000 кассын хүсэлт ирээд байна.

Өдөртөө иргэдийн зүгээс 240-250 мянган удаа системд хандаж байна. Дээрээс нь 9,000 кассын системээс 1,400,000 гүйлгээний мэдээлэл ирсэн. Олон газраас их хэмжээний хандалт ирж байгаа учраас систем дээр ачаалал ирж байна.

Системийн ачааллыг нэмэгдүүлж байгаа бас нэг шалтгаан бол иргэдийн буруу ойлголт болоод байгаа. Иргэд худалдан авалтын баримтаа заавал ebarimt.mn сайтад бүртгүүлж байж сугалаанд оролцоно гэсэн ойлголт авсан бололтой. Тиймээс өнөөдрийн байдлаар бүртгүүлээд байгаа 85,000 иргэн худалдан авалт хийх бүртээ баримтаа бүртгүүлэхээр системд нэвтэрч байна. Нэг хүн өдөрт дор хаяж 3-4 удаа баримт бүртгүүлж байгаа.

Иргэддээ хандаж  баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлсэн эсэхээс үл хамааран сугалаанд оролцох эрхтэй. Цаасан баримтаараа сугалаанд оролцох боломжтой. Сугалааны хонжвор танд таарвал сугалаагаа дараа нь бүртгүүлээд хонжвороо авч болно. Мөн нэг гэр бүлийн хүмүүсээс нэг нь системд бүртгүүлээд баримтуудаа систем рүү оруулж байж болно гэдгийг хэлье. 

Сугалааны хонжворыг гурван сарын хугацаатай хадгална.

Хэвлэгдэн гарсан бүх баримтаар сугалаанд оролцох эрхтэй. Сугалааны хонжворыг гурван сарын хугацаатай хадгална. Тиймээс сугалааны хонжвор таарсан баримтаа гурван сарын хугацаандаа багтаж бүртгүүлээд хонжвороо авах боломжтой. 

- ebarimt.mn сайт өчигдөр оройн 18:00 хүртэл техникийн шинэчлэл хийсэн. Тухайн шинэчлэлийн ажил ачаалал нэмэгдсэнтэй холбоотой байсан уу?

- Бидний зүгээс системийн удаан хугацаагаар тасалдуулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, системийн өргөтгөлийг хийж байгаа.

 

Иргэд заавал баримтаа бүргүүлж, сугалаанд оролцоно гэсэн ойлголттой байгаагаас болоод техникийн шинэчлэл хийж дуусаад дөнгөж нээмэгц баримтаа бүртгүүлэх иргэдийн хандалт маш олон тоогоор орж ирж байсан.

Мөн томоохон ААН-үүд, үүрэн холбооны операторууд, сүлжээ дэлгүүрүүдгээд том гүйлгээтэй компаниудын ачаалал систем дээр орж ирж байна. Тиймээс цаашдаа нөөц төвүүдийг өргөтгөөд ачааллуудаа тэнцвэржүүлээд явна. Бидний хувьд тооцоолоогүй өндөр ачааллыг хүлээж авсан. 

- Техникийн шинэчлэл хийж дууссаны дараа болон өнөөдөр ebarimt.mn сайт руу хандахад "Гар утасны аппликейшнээр нэвтэрнэ үү" гэсэн мэдээлэл гарч ирж байсан. Энэ ямар учиртай вэ?

- Кассын системгүй ААН-үүд маань ebarimt.mn сайтын бизнес эрхлэгч гэсэн цэсээр нэвтэрч иргэдэд баримт хэвлэж өгөөд байгаа. Энэ нь системийн ачааллыг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болоод байна. Тиймээс ачааллыг аль болох багасгах зорилгоор иргэд буюу хувь хүнийг гар утасныхаа аппликейшнээр нэвтэрнэ үү гэсэн зөвлөмжийг өгч байсан.

- Одоогийн байдлаар хэчнээн баримт гүйлгээ бүртгэгдээд байгаа вэ?

- Өчигдрийн буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1,400,000 баримт буюу өдөрт 150-200 мянган баримт хэвлэгдсэн гэх мэдээлэл ирж, 85,000 иргэн системд бүртгэгдээд байна. 

Нэг талаас 1,400,000 баримт бүртгэгдэж, нөгөө талаас 85,000 иргэн тухайн баримтуудыг өөр дээр бүртгүүлэхээр хандаж байна гэсэн үг.