Уншиж байна ...

Брауны Их сургуульд гарсан зэвсэгт халдлагын дараа АНУ ногоон картны сугалаагаа зогсоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Брауны Их сургуульд гарсан халдлагын улмаас хоёр хүний амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа ногоон картны сугалаагаа зогсоожээ.

Уг халдлагыг үйлдсэн гол сэжигтэн Пүрэв гарагт нас барсан байдалтай олдсон юм. Португал улсын иргэн тэрбээр 2017 онд ногоон карт аваад АНУ-д амьдарч байжээ.

АНУ-ын дотоод хэргийн сайд Кристи Ноэм “энэхүү гамшигт хөтөлбөрийн улмаас америкчуудыг дахин хохироохгүй байх”-ын тулд ерөнхийлөгч Трампын өгсөн чиглэлийн дагуу ногоон картны сугалааг зогсоосноо өчигдөр мэдээлсэн байна.

Сэжигтэн 48 настай Клаудио Невес Валентег энэ долоо хоногийн эхээр Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн профессор Нуно Лурейрогийн амийг бас хөнөөсөн гэж эрх баригчид үзэж байгаа юм.

Ногоон картын хөтөлбөрийн шугамаар АНУ-д цөөн тооны иргэд нь цагаачилдаг дэлхийн улс орнуудад жил бүр 50,000 хүртэл тооны визийг сугалаа хэлбэрээр тараадаг.

2017 онд Нью-Йорк хотод ачааны автомашинаар найман хүнийг дайрч алсан халдлага гарахад ерөнхийлөгч Трамп уг хөтөлбөрийг зогсоохоор төлөвлөж байсан тухай Кристи Ноэм өчигдөр сошиал хуудсаараа мэдээлжээ.

Дээрх халдлагыг үйлдсэн Узбекистаны иргэн Сайфулло Сайпов бас ногоон картаар АНУ-д ирсэн хүн байсан юм. Исламын Улс террорист байгууллагыг дэмжигч тэрбээр одоо бүх насаар шоронд хоригдох ял эдэлж байгаа.

Брауны Их сургуульд халдлага үйлдсэн Валенте хоёр хоногийн өмнө Нью Хэмпшир мужийн Салем хотын нэг агуулахаас өөрийгөө буудсан байдалтай олдсон юм.

Түүнийг хууль хүчний байгууллагууд зургаа хоног эрэн сурвалжилсны эцэст эндээс олж байв.

Сэжигтэн 2000 оны намар Брауны Их сургуулийн физикийн докторантурын хөтөлбөрт элсэн суралцаж байжээ.

Харин аллага үйлдэх үедээ тус сургуультай ямар нэг хамааралгүй байсныг албаныхан баталж байна.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт тэр Брауны Их сургуулийн байранд гал нээсний улмаас хоёр оюутан алагдаж, есөн оюутан шархадсан юм.

Даваа гарагт Брүүклин дэх гэрийнхээ гадаа профессор Лурейро буудуулж алагдсанд бас түүнийг сэжиглэж байгаа. Тэд 1990-ээд оны үед Португалид хамт суралцаж байсан хүмүүс юм байна.

 

Эх сурвалж: BBC