Уншиж байна ...

Хятадын эрдэмтэд төмрийн хүдрийг нүүрс шатааж биш, нарны гэрлээр хайлуулах технологи хөгжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
31 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн зуу гаруй жилийн турш бага агуулгатай дулааны эх үүсвэрээс үйлдвэрлэлд ашиглах өндөр температур гаргаж авах хүн төрөлхтний мөрөөдөл Цельсийн 200 хэмийн босгыг давж чадахгүй байсан гэдэг.

Тэгвэл Хятадын эрдэмтэд энэ хязгаарыг давж чадсанаа мэдээлжээ.

Тэд ямар нэг хөдлөх эд ангигүй шинэ дулааны насосыг ашиглан 145 хэмийн эх үүсвэрээс 270 хэмийн дулаан гаргаж авч чадсан байна.

Ингэснээр нарны коллектор, үйлдвэрийн хаягдал дулаан зэрэг бага агуулгатай дулааны эх үүсвэрүүдээс металлурги, нефть хими, керамик үйлдвэрлэлд ашиглаж болох өндөр температур гаргах боломж нээгдэж байгааг Хятадын Шинжлэх Ухааны Академийн Физик, Химийн Технологийн Хүрээлэнгийн судлаачдын баг баталжээ.

Дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний тал орчим хувь халаалт, хөргөлтөд зарцуулагддаг гэдэг.

Үүний бараг тал хувийг аж үйлдвэрт ашигладаг байна.

Ингэхдээ голдуу нүүрс, газрын тос, байгалийн хийг шатаах замаар гаргадаг.

Зөвхөн Хятад улсын хувьд нийт эрчим хүчний 10-27 хувь нь хаягдал дулаан болж алдагддаг гэнэ.

Эрдэмтэн Луо Эрцаний ахалсан баг 2040 он гэхэд хэт өндөр температурын дулааны насосууд Цельсийн 1,300 хэм хүртэл халууныг хүлэмжийн хий огт ялгаруулалгүйгээр үйлдвэрлэдэг болно гэж үзэж байна.

Одоо айл өрхүүдийн халаалт, хөргөгч зэргийг ажиллуулдаг уламжлалт насосоос ялгаатай нь тэдний зохион бүтээсэн насос дуу чимээний физик, дулааны резонанс зэрэг Стирлингийн термоакустик зарчмуудыг ашиглан бага хэмжээний дулааныг өндөр температур гаргахад ашигладаг ажээ.

Тухайлбал дулааныг битүүмжилсэн орчинд хүчтэй акустик долгион болгон хувиргах замаар ажилладаг юм байна.

Эрдэмтэд уг бүтээлийнхээ мэдээллийг “Nature Energy”, “Applied Physics Letters”, “Energy” зэрэг шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлүүлжээ.

Луогийн баг одоо Стирлингийн термоакустик зарчмаар ажилладаг хэт өндөр температурын дулааны насосын туршилтын загварыг зохион бүтээгээд байгаа юм байна.

Уг насос нь Цельсийн 67 хэмийн эх үүсвэрээс 214 хэмийн дулаан үйлдвэрлэж чадаж байгаа гэнэ.

Зөвхөн акустик долгион ашигладаг тул дотроо ямар ч хөдөлгөөнтэй эд анги байхгүй. Тиймээс элэгдэл бага, урт удаан хугацаанд найдвартай ажиллах боломжтой гэж үзэж байна.

Одоо ашиглагддаг шингээлтийн дулааны насосууд Цельсийн 50 хэмээс 100 хэм хүртэл халаах чадвартай байдаг.

Цаас үйлдвэрлэх, будах, шар айраг эсгэх, эм үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд Цельсийн 100-200 хэмийн дулаан шаарддаг бол керамик, металлурги, нефть химийн үйлдвэрлэлд 200-1,000 хэмийн дулаан шаарддаг байна.

 

Эх сурвалж: South China Morning Post