Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд, жижиг ААН-үүд 120,000 төгрөгт багтаад баримт хэвлэх тогтолцоотой болж болно"

Г.Номин, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

-НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гэсэн ойлголт иргэдийн дунд байна?

-НӨАТ-ын тухай хууль 1997 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж байсан. 2015 оны долоодугаар сарын 9-нд тус хууль шинэчлэгдэн батлагдаж, НӨАТ-ын хоёр хувийг иргэддээ эргүүлж олгохоор болсон юм. Та өмнө угаасаа л төлдөг байсан татвар. Та хаанаас ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахад түүн дээр НӨАТ шингэсэн байдаг.

Магадгүй татвараас зайлсхийж байсан хүн шинэ хуулийн хүрээнд татвараас зайлсхийх боломжгүй болсон учраас шинэ үнэ гаргаж ирж байж болох юм.  

-Шинэ хуулийн талаар мэдээлэл их цацагдаж байгаа хэдий ч иргэдийн зүгээс олон асуултууд ирсээр байна. Иргэд  НӨАТ-ын хоёр хувиа буцаан авах, сугалаанд хэрхэн оролцохын тулд хамгийн эхэнд хйиж хэвших үйлдэл юу вэ?

-Иргэд эхний ээлжинд баримтаа цуглуулж, хадгалж сурах хэрэгтэй байна.Баримтыг заавал цахим руу оруулж байж албажна гэсэн зүйл байхгүй. Амжихгүй, эсвэл интернетэд орох боломжгүй байхыг үгүйсгэхгүй.

Буцаан олголт 2017 оны нэгдүгээр улиралд багтаад таны дансанд орох болно.​ 

Тухайн жилдээ багтаад л вэб сайтад оруулахад ирэх жил хоёр хувийн буцаан олголтод хамрагдах боломжтой. Буцаан олголт 2017 оны нэгдүгээр улиралд багтаад таны дансанд орох болно.​ Баримтаа цуглуулж байгаад нэг өдөр интернет хэрэглэдэг хүүхдээрээ бүгдийг нь бүртгүүлчхэж болно шүү дээ.

Сугалааны хувьд та гар дээрээ байгаа цаасан баримтаа харж байгаад оролцож болно. Хэрвээ та сугалаанд хожчихвол баримтаа ebarimt.mn руу ороод бүртгүүлэх хэрэгтэй.

-Интернет хэрэглэдэггүй иргэдийн хувьд баримтаа хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлээд байхаар дараа нь хүүхдийнх нь орлогоос давсан зарлага бүртгэгдсэн байвал ямар нэгэн хариуцлага хүлээх эрсдэл үүсч магадгүй гэсэн айдастай байгаагаа хэлж байсан?

-Систем үндсэндээ бараа бүтээгдэхүүний борлуулалтыг л бүртгэдэг. Түүнээс биш хувь хүний орлогыг бүртгэхгүй. Тийм боломжгүй.

-Хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байгаа хэдий ч НӨАТ-ын буцаан олголт авах, сугалаанд оролцох боломжтой баримт хэвлэж байгаа худалдааны газрууд цөөхөн байна. Энэ нь шинэ системд шилжихэд ААН, худалдаа эрхлэгчдэд хүндрэлтэй байна гэсэн үг үү?

-Кассын машин гэдэг бол баримтыг хурдтай хэвлэж өгөх зориулалттай хэрэгсэл. Манайхан бүгдээрээ үнэтэй кассын машин худалдаж авах ёстой гэсэн ойлголттой байгаад байна. Тийм биш найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг иргэд үнэтэй кассын машин авах шаардлагагүй.

Бид тооцоо хийж үзэхэд, хамгийн хямдаар бодоход 120,000 төгрөгт багтаад иргэн, жижиг ААН-үүд баримт хэвлэх тогтолцоотой болж болно. 

-Ярилцсанд баярлалаа.