Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны турш Украины тал анх удаагаа Газрын дундад тэнгист тусгай ажиллагаа явуулж, Оросын газрын тос тээвэрлэгч хөлөгт халджээ.
Тухайлбал өчигдөр буюу Баасан гарагт хойд Африкийн Ливи улсын эргийн ойролцоо хөвж байсан хөлөгт нисгэгчгүй онгоцоор довтолж, ноцтой гэмтэл учруулсан байна.
Энэ бол Украины хилээс 2,000 км орчим хол зайтай газар юм.
Орос улс Өрнөдийн хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд газрын тосоо тэнгисээр тээвэрлэх ажлыг “сүүдрийн флот” гэж нэрлэгддэг хөлгүүдээр гүйцэтгүүлж байгаа.
1,000 гаруй ийм эзэн тодорхойгүй хөлөг ойр ойрхон далбаагаа солих замаар Оросын дайны машины санхүүгийн гол эх үүсвэр болох газрын тосыг дэлхийн улс орнуудад тээвэрлэж байна.
Тэд зөвхөн газрын тос тээвэрлээд зогсохгүй, зарим нь Европын орнуудад Оросын гибрид дайныг явуулахад оролцдог байж болзошгүй гэж мэргэжилтнүүд сэжиглэдэг.
Украины тусгай албад өмнө нь Хар тэнгист хөвж байсан тээвэрлэгч хөлгүүд рүү довтолж байв.
Газар дундын тэнгисийн халдлага ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний жил тутмын хэвлэлийн хуралтай давхацсан юм.
Сэтгүүлчид энэ талаар түүнээс асуухад “Эцсийн эцэст энэ нь үр дүнтэй зүйл болохгүй. Ийм үйлдэл ямар ч хангамжийг тасалдуулахгүй, зөвхөн аюул заналыг улам нэмэгдүүлнэ” гэж хариулжээ.
Украины аюулаас хамгаалах албаны (СБУ) эх сурвалж өчигдрийн халдлагыг “шинэ, урьд өмнө явуулж байгаагүй тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн байна.
Гэхдээ тэр дроныг Газрын дундад тэнгист яаж хүргэсэн, хаанаас хөөргөсөн, ямар улсын агаарын орон зайг ашигласан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Тээвэрлэгч хөлөг тухайн үед хоосон, ачаагүй байсан тул байгаль орчинд бохирдол үүсгээгүйг баталсан байна.
Ямартай ч “Qendil” нэртэй уг хөлөг ноцтой гэмтэж, дахин ашиглагдах боломжгүй болсныг мэдээлжээ.
“Украин улс сүүдрийн флотын хөлгүүдэд халдахаа зогсоохгүй бөгөөд дэлхийн хаанаас ч олж цохиж чадахыг дайсан ойлговол зохино” гэж СБУ-ийн эх сурвалж хэлсэн байна.
Далайн тээврийн эх сурвалжийн мэдээлснээр уг хөлөг арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Египетийн Суэцийн боомтоор нэвтэрсэн бөгөөд халдлагад өртөх үедээ Ливийн эрэгт байжээ.
Өмнө нь Украины тал Туркийн эргээс холгүй Хар тэнгисийн усанд Оросын сүүдрийн флотын хоёр хөлөгт дараалан халдаж байсан юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!