Уншиж байна ...

Украинд зээлэх $106 тэрбумыг Европын эрх баригчид Оросын битүүмжилсэн хөрөнгөөс бус, өөрийн нөөцөөс гаргахаар боллоо

Т.Давааням, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны удирдагчид өчигдөр төсвийн алдагдлыг нь нөхөх зорилгоор Украин улсад 90 тэрбум евро ($106 тэрбум) зээлэх тохиролцоонд хүрчээ.

Гэхдээ уг зээлийг олгохдоо Европын банкуудад битүүмжлэгдсэн байгаа Оросын төв банкны хөрөнгийг ашиглах шийдэл дээр санал нэгдэж чадаагүй байна.

“Өнөөдрийн шийдвэр нь Украинд өөрийгөө хамгаалах, Украины ард түмнийг дэмжихэд шаардлагатай хөрөнгийг олгож байна” гэж Евро Зөвлөлийн тэргүүн Антонио Коста мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсандаа “бидний тэсвэр тэвчээрийг бэхжүүлэхэд үнэхээр чухал шийдвэр” гэж үүнийг сайшаагаад “Оросын хөрөнгийг хөдөлгөөнгүй байлгаж, Украины ойрын жилүүдийн санхүүгийн аюулгүй байдалд баталгаа авсан нь чухал” гэж бичсэн байна.

Кремлийн эдийн засгийн яриа хэлэлцээний гол төлөөлөгч Кирилл Дмитриев “Оросын хөрөнгийг Украины санхүүжүүлэлтэд хууль бусаар ашиглаагүй”-г сайшааж, “одоохондоо хууль дүрэм болон эрүүл ухаан яллаа” гэж Телеграм хуудсандаа бичжээ.

Брюссельд болсон уулзалтын үеэр Оросын төв банкны 200 орчим тэрбум еврогийн битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины тусын тулд ашиглах боломжийг нэлээд ширүүн хэлэлцсэн юм.

Гэвч энэ хөрөнгийн ихэнх хэсгийг хадгалж буй Бельги улсын эрх баригчид ирээдүйн хууль эрх зүйн үр дагавраас болгоомжилж, үүсэж болзошгүй хариуцлагыг Европын бусад улс орнуудтай хуваалцах баталгааг шаардсан байна.

Эцэст нь Европын Холбоо өөрийн нөөцөөс Украины ирэх хоёр жилийн төсвийн алдагдлыг нөхөхөөр болжээ.

Бельгийн ерөнхий сайд Барт Де Вевер “Энэ нь бүхэлдээ маш эрсдэлтэй, маш аюултай шийдэл байсан бөгөөд маш олон асуултыг бий болгож байлаа. Үүнийг живж буй Титаниктай зүйрлэж болохоор байв. Гэхдээ одоо асуудал шийдэгдэж, бүгд сэтгэл амарлаа” гэж мэдэгдсэн байна.

Германы канцлер Фридрих Мерц битүүмжлэгдсэн хөрөнгийг ашиглах санааг шаргуу дэмжиж, ингэвэл Оросын ерөнхийлөгч Путинд өгөх хатуу сануулга болно гэж үзэж байсан юм.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен зөвхөн Оросын эрх баригчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд Украин зээлээ буцааж төлөх боломжтойг мэдэгджээ.

Тиймээс энэ нь битүүмжлэгдсэн хөрөнгийг шууд ашиглаагүй ч тойруу замаар Оросоос хариуцлага нэхсэн хэвээр байгааг тэр тайлбарласан юм.

Ямартай ч Украинд зээл олгох шийдвэр гарсан нь дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох яриа хэлэлцээнд тодорхой хэмжээний “хөшүүрэг болно” гэж олон хүн үзэж байна.

 

Эх сурвалж: AFP