Цагдаагийн 319 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шинэ нэгж буюу Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газрыг байгуулжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Тээврийн Цагдаагийн Албаны дэргэд шинээр байгуулагдсан Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газар давхар ажиллаж байна. Алба хаагч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих, хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоосон, үргэлжилсэн шугам давж эргэх зэрэг зөрчил гаргаж байгаа жолооч нарт дүрмээ сахихыг шаардах буюу эргүүлийн үүрэгтэй. Тус газраас гудамж, талбайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ачихгүй, зөрчил гаргасан жолоочид сануулна. Гаргасан зөрчлөө шийдэхгүй бол тээврийн хэрэгслийг журамлана. Харин тээврийн хэрэгслийг ачих ажлыг гэрээт хувийн байгууллагууд гүйцэтгэнэ.
Цагдаагийн байгууллагын 360 камертай автомашин нь зам тээврийн зөрчлөөс гадна бусад эрэн сурвалжилж байгаа тээврийн хэрэгсэл, гудамж талбайд гарч байгаа хэргийг илрүүлнэ. Ингэснээр амар тайван, аюулгүй Улаанбаатарыг бий болгох юм. Хэн нэг хүний мөрдөх, тагнах гээд байгаа хэрэг биш.
Авто замын түгжрэлийн шалтгааны 20 орчим хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болдог. Тухайлбал эргэхгүй газраар эргэж уулзварын хөдөлгөөнийг хаадаг, хоёрдугаар эгнээнээс эргэж нэгдүгээр эгнээг хаагаад зогсдог, уулзварын гол руу чихэж ордог, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг гаргадаг байна.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хиймэл оюун ухаанд суурилсан камерын системүүдээр шууд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдах учраас жолооч нар дүрмээ зөрчихгүй байгаарай. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байвал хэн ч торгохгүй, хөдөлгөөний эрчим сайжирч түгжрэлгүй байх боломж бүрдэнэ.
2028 он гэхэд авто замын түгжрэлийг 40 хувиар бууруулахын төлөө хичээж ажиллана" гэж мэдээллээ.
319 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шинэ нэгж буюу Нийслэлийн Замын Хөдөлгөөний Хяналтын Газарт өнөөдөр 360 камерын системтэй автомашин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгслийг авч өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!