Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Ханиад томуугаас хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнтэй хамгаалах арга бол амны хаалт" гэдгийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Н.Наранбаатар хэлэв.
Үргэлжлүүлэн ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан "Сургууль цэцэрлэг амарсантай холбогдуулан хүүхдүүдийг болзошгүй ахуйн эрсдэлээс сэргийлэх нь чухал байна. Ялангуяа гэртээ өдөржин байгаа тохиолдолд ахуйн осол гэмтэл нэмэгдэх эрсдэлтэй.
Мөн гэр хорооллын айлуудад угаартах эрсдэл нэмэгддэг тул эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүддээ онцгой анхаарахыг зөвлөе.
Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, маск тогтмол зүүлгэх, гар ариутгах зэрэг эрүүл ахуйн дадлуудыг хэвшүүлэх нь маш чухал.
Ханиад томуугаас сэргийлэхэд вакцинжуулалт маш үр дүнтэй байсан. Энэ жил бид 300 мянган хүн тун вакцин хийсний үр дүнд өвчлөл нэлээд буурсан. Эмнэлэгт хэвтэх хүндрэл бага байгаа учраас дараа жилээс вакцинаа яаралтай худалдан авах ажлыг шийдээд явж байгаа.
Дараа жилийн томуугийн дэгдэлт болохоос өмнө хүүхдүүдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахыг зөвлөе" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!