Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт хүчний байгууллага оролцсон эсэхийг АТГ шалгах хэрэгтэй”

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 1 сарын 11
iKon.MN

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү Ирвэс хамгаалах сангийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тус газрыг нэн даруй улсын хамгаалалтад авах нь шаардлагатай. Дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс амьдарч буй Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулна гэж байсан ч одоог болтол энэ асуудал шийдэгдээгүй байна. Тус газарт 21 лиценз олгосон бөгөөд бид эрх мэдэл мөнгөний эсрэг тэмцэж байгаа тул энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй болов уу.

Харин тусгай хэрэгцээнд авах тухай асуудал яригдаж байна. Тусгай хэрэгцээнд авна гэдэг бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж явна гэсэн үг. Харин тусгай хамгаалалтад авбал тэр газарт олгосон бүхий л лицензийг хүчингүй болгох юм.

Мөн ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан асуудлыг АТГ болон Тагнуулийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарган шалгуулах хэрэгтэй. Тус асуудалд цагдаа хүчний байгууллага оролцсон эсэхийг АТГ шалгаж, алттай холбоотой асуудлыг чиг үүргийн дагуу Тагнуулын байгууллага шалгах ёстой. Хэдийгээр Өргөдлийн Байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хугацаа болоогүй байгаа ч би удахгүй чөлөөлөгдөх бололтой. Гэхдээ энэ асуудалд цаашид анхаарлаа хандуулан ажиллана” гэсэн юм. 
 

2016.01.11 Гэрэл зургийг mpa.mn


Үүний хариуд Олон улсын ирвэс хамгаалах сангийн судалгаа хамгаалал хариуцсан захирал Чару Мишра “Ирвэс бүртгэгдсэн 12 орноос Монгол Улс хамгийн их анхаарч ажиллаж байгаад талархаж байна.

Гэсэн хэдий ч ирвэс хамгаалах асуудалд анхаарч ажиллаж байсан Сүмбээ найз маань тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдсанд бид туйлын харамсч байна. Түүний энэхүү үхэл Монгол Улсад төдийгүй дэлхийд тооцогдох гарз хохирол байлаа. Манай сангийнхан энэ асуудлаар Т.Лхагвасүмбэрэлтэй хэдэнтээ уулзаж хамтран ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авахад анхаарч ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн юм.