Худалдан авсан барааны баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй
УИХ-аар энэ оны долдугаар сард шинэчлэгдсэн найруулгаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль батлагдсан. Тус хуулиар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бараа, ажил, үйлчилгээ борлуулж буй хувь хүн, хуулийн этгээд нь Татварын албаны цахим системтэй холбогдон бүртгүүлж албан татвар төлөгчид НӨАТ-ын хасалт хийлгэх, буцаан олголт авах болон урамшууллын сугалаанд оролцоход “Төлбөрийн баримт”-ын хэвлэн олгохоор болж байгаа билээ. Энэ талаар НӨАТ-ын урамшууллын системийн технологийн албаны дарга Т.Батбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх сарын 1-нээс НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар яриагаа эхэлье?
-Татварын ерөнхий газар дээрх НӨАТ-ыг цуглуулах системийг бүрэн хийж, НӨАТ-ын паданыг цахим хувилбар руу шилжүүлэх ажлын гүйцэтгэл ч бас дууссан. Хуулийн шинэчилсэн найруулга дээр аж ахуйн нэгж, иргэн гэсэн хоёр гол субьектийг оруулж ирсэн. Иймээс тус хуулийн дагуу манай улс анх удаа иргэдийн төлсөн татварын хоёр хувийг эргүүлэн өгөх гэж байна.
Өөрөөр хэлбэл, иргэд бизнес эрхлэгчдээс худалдаж авч буй бараа, үйлчилгээндээ татварын албан ёсны төлбөрийн баримт авах эрхтэй болж байгаа гэсэн үг юм. Энэхүү баримт нь аж ахуй нэгжүүдээс тодорхойлж байгаа баримтаас арай өөр, татварын албан ёсны тэмдэглэгээ, сугалааны дугаар, нууцлалын кодтой байх юм.
-Одоогоор хэдэн аж ахуй нэгж татварын нэгдсэн системд бүртгэгдсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар 61 аж ахуй нэгжийн 285 гаруй кассын төхөөрөмж холбогдчихсон. Татварын хэлтсийн нэгдсэн системд цахим хэлбэрээр 1,300 орчим аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Ингэхээр нийт 1,400 орчим аж ахуй нэгж мэдээллийг илүү сайн авч, төсөлтөд ажилд хамрагдаад явж байгаа гэсэн үг.
-Уг бүртгэлд нийт хэдэн аж ахуй нэгж хамрагдах ёстой вэ?
-Монгол Улсын хэмжээнд 27 мянган аж ахуй нэгж бүртгүүлэх ёстой. Ирэх оны эхнээс энэ хууль хэрэгжиж эхлэхээр НӨАТ төлөгч бүхэн ebarimt.mn сайт руу орж өөрийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа баталгаажуулах юм.
-Иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувиа яаж буцааж авах вэ?
-Юун түрүүнд худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд баримтаа хэвлэнэ. Энэ нь албан ёсны логотой, татварын бодолт хийсэн байх ёстой.
Тухайлбал, нийслэл хотын татвар, НӨАТ төлөх дүн зэрэг байна. Ийм баримтыг албан ёсоор хэвлэж аж ахуйн нэгжүүд танд өгөх ёстой. Таны төлж байгаа татвар аж ахуйн нэгжүүдээрээ дамжаад улс руу төвлөрдөг. Харин төлсөн татвараасаа хоёр хувийг нь буцаагаад авах боломж бий болж байгаа юм.
-НӨАТ төлөгч, сайн дурын аж ахуй нэгж гэсэн тусдаа ойлголтууд яваад байх шиг байна. Энэ талаар?
-Хэрвээ иргэд маань НӨАТ төлөгч аж ахуй нэгжээс худалдан авалт хийвэл, тухайн барааныхаа хоёр хувийн татварыг буцаан олголтыг авна. Харин НӨАТ төлөгч биш бол сугалаанд оролцох эрх бүхий баримтаа авах юм. Сугалаа нь сардаа нэг удаа явагдана. Ингэхдээ өмнөх сарын худалдан авалт хийсэн баримтын тань дугаарлалтаар автоматаар гаргаж ирэх юм.
-Тэгвэл гэр хорооллын хүнсний мухлагууд, найман нэрийн жижиг дэлгүүрүүд баримт өгдөг байх боломжоор нь яаж хангах вэ?
-Хүн болгон гар утастай, интернэт ашиглах боломжтой болсон. Тэгэхээр www.ebarimt.mn сайт руу ороод аж ахуйн нэгжийнхээ дугаарыг бичээд, нууц үгээрээ нэвтэрч үйлчлүүлэгчдээ баримт хэвлэж өгч болно.
Хэрэв интернэтгүй бол кассын машин ашиглаж болно. Энэ үйлчилгээг авахын тулд иргэн аж ахуй нэгж баримт хэвлэж өгөх, иргэн тухайн баримтаа сайтар цуглуулж хадгалдаг байхад болох юм.
-Худалдан авсан барааны баримтыг хуурамчаар хэвлэх, шинээр үүсгэх зэрэг асуудал үүсэхгүй гэсэн баталгаа бий юу?
-Технологи дээр суурилж байгаа болохоор QRQ кодын системээр албажуулж байна. Дуурайж хийх ямар ч боломжгүй. Иргэд худалдан авсан барааныхаа талон дээрх дугаарыг татварын вэб сайт руу шивж оруулах ёстой. Тэгэнгүүт ийм мөнгөн дүнтэй та оны эцэст ийм хэмжээний татвараа буцаан авах боллоо гэж танд мэдэгдэнэ. Тиймээс хуурамчаар үйлдэх, шинээр үүсгэх гэсэн булхиа илрэхгүй гэж ойлгож болно.
-Хэрэв хэрэглэгч авсан бараагаа буцаах тохиолдол гарвал яах вэ?
-Баримт дээрх кодыг кассан дээр уншуулчихна. Төв системээс ийм борлуулалт хийгдээгүй гэсэн хариу өгнө. Иргэд хэдэн төгрөгөөр юу авч, хэдийг нь татварт төлж байгаагаа хянана. Энэ бүхнийг систем харуулах юм. Аж ахуй нэгжийнхэн заавал татварын албанд бүртгүүлэх ёстойг анхаарах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
