Японы хөвгүүдийн мөрөөдлийн ажил цагдаа бол охидынх бялууны дэлгүүрийн ажилчин

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы сурагчдын үүргэвчний хиймэл арьсан материалыг нийлүүлдэг Kuraray Co компани жил бүр бага ангид элссэн шинэ сурагчдаас ирээдүйн мэргэжлийнх нь талаар судалгаа авдаг уламжлалтай.

Тэгвэл тус компани энэ оны судалгааны тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Судалгаанд оролцсон хөвгүүдийн ихэнх нь сүүлийн хоёр жил дараалан өөрийн мөрөөдлийн ажил мэргэжлийг цагдаагийн албан хаагч гэж хариулсан бол охидын хувьд бялуу, нарийн боовны дэлгүүрийн ажилчин болох хүсэл 28 жил дараалан тэргүүлсэн байна.

Судалгаанд үүргэвч худалдаж авсан 2,000 эрэгтэй, 2,000 эмэгтэй хүүхэд болон тэдний эцэг эхийг хамруулжээ.

Хөвгүүдийн дараагийн сонголтууд тамирчин болон гал сөнөөгч буюу аврах албаны ажилтан байсан бол охидын хувьд дуучин, загвар өмсөгч, жүжигчин зэрэг соёл урлагийн ажил мэргэжлүүд хоёрт, зайрмагийн дэлгүүрийн ажилчин гуравт орсон байна.

Гэхдээ охидын дунд гал сөнөөгч, аврах албаны ажилтан болох мөрөөдөл 12 дугаарт эрэмбэлэгдсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

Тамирчин болох мөрөөдөлтэй хөвгүүдийн 52.2 хувь нь хөлмбөмбөгийг сонгосон нь тус төрлийн 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Харин бэйсбол 21.2 хувьтай байсан нь 20 жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар унасан үр дүн болжээ. Сүүлийн жилүүдэд хамгийн эрэлттэй ажил мэргэжлүүдийн нэгд тооцогдох болсон YouTuber энэ жил хөвгүүдийн долоо дахь, охидын 17 дахь сонголт болж, аль алиных нь хувьд өнгөрсөн оныхоос буурсан байна.

Эцэг эхчүүдийн хувьд хүү, охиноо төрийн албан хаагч болгох хүсэл хамгийн өндөр хувьтай байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News