Камбож улс алдартай мина илрүүлэгч хархандаа зориулан хөшөө босгожээ
Камбож улс газрын мина илрүүлэх ажилд бүх амьдралаа зориулсан хархны дурсгалыг хүндэтгэн хөшөө босгожээ.
Магава нэртэй энэ харх найман жил наслахдаа 2016 оноос хойш таван жилийг нь 100 гаруй мина болон бусад тэсрэх бодис илрүүлэхэд зориулсан юм байна.
Дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр буюу олон улсын минатай тэмцэх өдрийг тохиолдуулан Камбожийн Сием Рийп хотод нутгийн чулуугаар бүтээсэн хархны хөшөөг нээжээ.
Газрын мина бол Камбожид томоохон аюул занал учруулагч бөгөөд одоо нэг сая гаруй хүн дэлбэрээгүй минатай газар нутагт ажиллаж, амьдардаг.
Африкийн уутат хархны төрөл зүйл Магаваг анх Бельгийн Апопо буяны байгууллага мина үнэрлэж илрүүлэх ажилд сургасны дараа 2016 онд Камбож руу илгээж байжээ.
Хархыг тэсрэх бодис дотор агуулагддаг химийн нэгдлийн хурц үнэрийг таниад хүмүүст мэдэгдэхэд сургадаг.
Магава ажиллах хугацаандаа 141,000 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай газрыг минанаас цэвэрлэсэн нь 20 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээ юм байна.
2020 онд Магавад амьтдын “Георгийн загалмай” гэгддэг PDSA буяны байгууллагын алтан медалийг “хүмүүсийн амийг аварсан” гавьяаны төлөө гардуулж байжээ.
Энэ нь тус байгууллагын 77 жилийн түүхэнд харх шагнуулсан анхны тохиолдол байв.
Өндөр настай холбоотой ажиллагаа нь удааширсны улмаас Магаваг 2021 онд “тэтгэвэрт” гаргаж байжээ. Тэрбээр 2022 онд үхсэн юм.
Камбож улс 2030 он гэхэд газрын минанаас бүрэн чөлөөлөгдөх зорилго тавиад байгаа. Апопо байгууллага 1990 оноос хойш хархнуудыг ийм ажилд сургах болжээ.
Харх нь мина дэлбэлэх хэмжээний том биетэй амьтан биш тул ийм ажилд тохиромжтой байдаг гэнэ. Сургасан хархнууд бас сүрьеэ өвчтэй хүний амьсгалыг үнэрлээд ямар ч техникээс илүү хурдан, найдвартай оношилж чаддаг байна.
Хархнуудыг мөн Танзани улсад ан амьтдын хууль бус наймааг илрүүлэхэд ашиглаж сургажээ.
Апопод бэлтгэгдсэн Ронин нэртэй өөр нэг харх 2021 оноос хойш Камбожид 109 мина, 15 дэлбэрээгүй сум илрүүлснээр шинэ дээд амжилт тогтоогоод байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
