Ираны нутаг дэвсгэрт унасан АНУ-ын байлдааны онгоцны хоёр дахь нисгэгч аврагджээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Ираны зэвсэгт хүчин өөрийн нутаг дэвсгэрт АНУ-ын байлдааны нисэх онгоцыг анх удаа буудаж унагасан бөгөөд шүхрээр газардсан хоёр нисгэгчийн нэг нь аврагдаж, нөгөө нь сураггүй алга болсон билээ.

Тэгвэл сураггүй алга болсон нисгэгчийг эрэн хайх, аврах ажиллагаа Ням гарагт амжилттай өндөрлөжээ.

Ираны алслагдсан нутагт зохион байгуулагдсан энэхүү нарийн төвөгтэй ажиллагаанд АНУ-ын тусгай хүчний цэргүүд, байлдааны онгоц, нисдэг тэрэгнүүд, бас Тагнуулын Төв Газар (CIA) оролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бид F-15 онгоцны багийн хүнд шархадсан эрэлхэг зоригтой нисгэгчийг Ираны уулсын гүнээс аварлаа” гэж сошиал хуудсандаа бичсэн юм.

Баасан гарагт Ираны өмнөд нутагт унасан F-15E Strike Eagle нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд АНУ-ын сөнөөгч нисэх онгоц дайсны галд оногдож, унасан анхны тохиолдол болж байгаа.

Ираны тал ч бас сураггүй алга болсон нисгэгчийн эрэлд гарч, олсон хүнд 50,000 фунт стерлингийн ($66,100) шагнал амлаж байв.

Тиймээс орон нутгийн зэвсэглэсэн иргэд Америк нисгэгчийн эрэлд гараад байжээ.

Нисгэгчийг олоход тэр өөрийгөө хамгаалах гар буунаас өөр зэвсэггүй байсныг АНУ-ын албаныхан мэдээлсэн байна.

Нисгэгчид ийм зүйл тохиолдоход байрлалаа мэдэгдэх дохиог асаах, өндөрлөг газарт нуугдах зэрэг арга хэмжээ авахаар бэлтгэгдсэн байдаг.

Хэвлэлүүдийн мэдээлснээр нисгэгч уулын ан цавд нуугдаж, Ираны талд баригдахаас сэргийлэхийн тулд дохиогоо асаалгүй аврагчдыг хүлээж байсан гэнэ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Тагнуулын Төв Газар энэ ажиллагаанд чухал үүрэгтэй оролцжээ. Тэд нисгэгчийн байрлалыг олж тогтоосон мэдээллээ Пентагонд дамжуулсан гэнэ.

Трампын ярьснаар бол АНУ-ын армийнхан нисгэгчийн байрлалыг тогтоосноосоо хойш 24 цагийн турш хянаж байжээ.

“Дайснууд манай нисгэгчийг ангуучилж, байрлалд нь цаг цагаар улам ойртож байлаа” гэж тэр ярьсан байна.

Энэ үеэр CIA хоёр дахь нисгэгчээ АНУ аварсан тухай хуурамч мэдээллийг Ираны дотоодод тарааж, төөрөлдүүлэх арга хэмжээ авч байжээ.

Мөн тусгай хүчнийхэн нисгэгчийн байрлал руу явж байх үед Ираны цэргүүдийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд АНУ-ын онгоцнууд гал нээж, бөмбөг хаяж байсан байна.

Ажиллагаанд оролцсон хоёр тээврийн нисэх онгоц Ираны алслагдсан хэсгийн хаягдсан агаарын баазад газардаад хөөрч чадаагүй тул дайсныхаа гарт үлдээхгүйн тулд тэднийг устгажээ. Дараа нь өөр гурван нисэх онгоцыг нэмж илгээсэн байна. Харин Ираны тал тэдгээр онгоцнуудыг өөрөө устгасан мэтээр мэдээлсэн юм.

Тухайлбал Ираны зэвсэгт хүчний удирдлага уг ажиллагаанд оролцсон АНУ-ын хоёр C-130 тээврийн нисэх онгоц, хоёр Black Hawk нисдэг тэргийг устгаснаа Ням гарагт мэдээлжээ.

Аврагдсан нисгэгчийг эмчлүүлэхээр Кувейт руу авч явсан ч аюулгүй байдлын үүднээс нисгэгчийн нэр ус, хувийн мэдээллийг одоогоор зарлаагүй байна.

Трамп түүний талаар “хүнд шархадсан”, “гэхдээ айх аюулгүй” гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC