Пентагоны хиймэл оюуны технологид суурилсан “Project Maven” хөтөлбөрийн тухай
Ираны эсрэг дайнд Пентагон хиймэл оюуны технологид суурилсан “Project Maven” нэртэй хөтөлбөрийг ашиглаж байгаа гэсэн мэдээлэл бий. Судлаачид үүнийг орчин үеийн дайны үндсэн арга технологи гэж үзэж байна.
Уг хөтөлбөрийн талаар зарим мэдээллийг товчлон хүргэлээ.
“Project Maven” гэж юу вэ?
2017 онд уг төслийг дайн мөргөлдөөний талбарт нисгэгчгүй онгоцноос авсан асар их зураг, бичлэгүүдийг ойлгоход нь цэргийн шинжээчдэд туслах зорилгоор эхлүүлж байжээ.
Өөрөөр хэлбэл Maven нь сонирхолтой объектуудыг олж илрүүлэхэд буюу “өвсөн дотроос зүү олоход” зориулагдан анх бүтээгдсэн юм.
Харин найман жилийн хугацаанд уг төсөл илүү өргөн хүрээтэй болж, тулааны талбарт объектыг олж илрүүлэхээс эхлээд устгах хүртэл үйл явцыг хиймэл оюуны технологийн тусламжтай удирддаг систем болжээ.
Хэрхэн ажилладаг вэ?
Maven одоо тулааны талбарыг агаараас бүхэлд нь хянах болон агаарт нисэж буй онгоцны бүхээгийн үүргийн аль алийг гүйцэтгэдэг.
Тухайлбал хиймэл дагуулаас авсан зургийг шуурхай шинжилж, байг тодорхойлох, мөн тодорхой байг хамгийн оновчтой цохих үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог байна.
Саяхан Пентагоны албан тушаалтан Maven хэрхэн байг илрүүлж, түүнд цохилт өгөх боломжит хувилбаруудыг байгаа зэвсгийн нөөцөд тулгуурлан боловсруулснаа командлагчид танилцуулж байгааг харуулсан юм.
ChatGPT-тэй адилхан технологийн хэрэглээ хүмүүсийг Maven-тай хүний хэлээр чөлөөтэй харилцах боломжийг олгожээ.
Одоогоор энэ боломжийг Anthropic компанийн Claude платформ хангаж байгаа ч тус компани бүтээгдэхүүнийг нь бүрэн автомат цохилт болон АНУ-ын иргэдийг мөрдөхөд ашиглахгүй байхыг шаардсаны улмаас хамтын ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа.
Google-ийн татгалзсан шалтгаан
Maven төслийн анхны хиймэл оюуны технологийн хамтрагч Google компани байсан юм. Гэхдээ тэдний хамтын ажиллагаанд ёс зүйн асуудал тулгарч байв.
Энэ маргааны улмаас 2018 онд Google-ийн 3,000 гаруй ажилтан эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурж, зарим инженерүүд нь ажлаасаа гарсан юм.
Үүний дараа Google гэрээгээ сунгалгүй төслөөс гарч, бүтээгдэхүүнийг нь зэвсгийн зорилгоор ашиглахыг хориглосон журамтай болж байжээ.
Гэхдээ саяхан тус компани энэ хоригоо цуцалж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой төслүүдэд оролцож эхэлсэн юм.
Claude платформыг Google, xAI, OpenAI зэрэг бусад платформуудаар орлуулахаар ажиллаж байгаагаа Пентагон мэдэгдээд байна.
Palantir компанийн оролцоо
Анхнаасаа CIA-ийн санхүүжилттэй, засгийн газрын дэмжлэгтэй байгуулагдсан программ хангамжийн Palantir компани 2024 оноос Google-ийн орон зайг эзлэхээр ажиллаж эхэлжээ.
Одоо тус компани Maven төслийн технологийн гол гэрээт гүйцэтгэгч болсон гэдэг.
Дайснаа устгах ажлыг хэдэн цагаас хэдхэн секунд хүртэл хурдасгах систем орчин үеийн дайнд маш чухал болж буйг Palantir компанийн гүйцэтгэх захирал Алекс Карп нэг удаа хэлж байв.
Өнөөдөр ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?
Одоогоор Пентагон болон Palantir компанийн аль аль нь Ираны дайнд Maven ямар үр дүнтэй ажиллаж байгаа талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын агаарын цохилтууд тогтмол хурдтай явагдаж байгаагаас харвал Maven-ий байг илрүүлэх, онилох, цохих үйл явцыг хурдасгах чадвар гол үүрэг гүйцэтгэж байгаа бололтой.
Дайн эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа АНУ-ын агаарын цохилт өдөрт 300-500 ээлжээр явагдаж байгааг Center for Strategic and International Studies хүрээлэн мэдээлж байв.
“Operation Epic Fury” ажиллагаа эхэлсэн эхний 24 цагийн дотор АНУ-ын агаарын хүчин нийт 1,000 гаруй байд цохилт өгсөн юм. Ингэхдээ өмнө нь цэргийн байгууламжаар ашиглагдаж байсан сургуулийн байрыг андуурч устгасны улмаас долоогоос 12 насны 168 сурагч алагдсаныг Ираны эрх баригчид мэдээлж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
