Иранд өгсөн хугацаагаа Трамп 24 цагаар сунгаж буй бололтой

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох гэрээ байгуулах, эсвэл Ормузын хоолойг нээх 10 хоногийн хугацааг Ираны талд өгч байгаагаа гуравдугаар сарын 26-ны өдөр зарлаж байсан билээ.

Хэрвээ өгсөн хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтцүүдийг устахаар сүрдүүлсэн юм.

Өгсөн хугацаа нь АНУ-ын зүүн эргийн цагаар Даваа гарагийн 20:00 цагт (Улаанбаатарын цагаар Мягмар гарагийн өглөөний 08:00 цаг) дуусаж байгаа.

Тэгвэл Ням гарагт Трамп өгсөн хугацаагаа 24 цагаар сунгасан байж болзошгүй утгатай мэдэгдлийг сошиал хуудсандаа нийтэлжээ.

“Зүүн эргийн цагаар Мягмар гарагийн 20:00 цаг!” гэсэн товч өгүүлбэрийг тэр ямар нэг тайлбаргүйгээр нийтэлсэн байна.

Эсвэл энэ нь тулган шаардалтыг хүлээж аваагүй тохиолдолд Иран улсын эрчим хүчний дэд бүтцүүдийг АНУ бөмбөгдөж эхлэх хугацаа ч байж болох юм.

АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны эсрэг байлдааны ажиллагааг хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн. Үүний дараахан Ираны тал дэлхийн эрчим хүч тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан нь зах зээлд газрын тосны үнийг хөрөгдөөд байгаа.

Лхагва гарагт ард түмэндээ хандаж Цагаан ордонд мэдэгдэл хийснээсээ хойш олны өмнө ил гараагүй байсан Трамп өчигдөр The Wall Street Journal сонинд ярилцлага өгөхдөө дээр дурдсан хугацааны сунгалтаа баталсан байж магадгүй байна.

“Хэрвээ тэд Мягмар гарагийн орой гэхэд ямар нэг зүйл хийхгүй бол тус улс цахилгаан станцгүй, гүүргүй болно” гэж Трамп энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: AFP