Шар хөвийн хоолойд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хорооны 30.3 га талбайд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд болон орон сууцны хороолол зэрэгцэн оршиж, Харгиа цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр, хөрсний бохирдол нь гомдол, шүүмжлэлийг үргэлж дагуулж, хотын төвд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэхээр болоод буй.

Эх сурвалжийн мэдээлснээр Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулах бөгөөд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж НИТХ-аар 2024 онд батлуулж, газрын зөвшөөрлийг авчээ.

Паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон Бохир ус цэвэрлэх байгууламж”-ийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн ба барилга угсралтын ажлыг энэ сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөжээ. Дулааны цахилгаан станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулж, БОУАӨЯ-ны хурлаар дэмжүүлсэн ба Эрчим хүчний зохицуулах хорооноос ДЦС барих тусгай зөвшөөрлийг авахаар ажиллаж байгаа аж.

Дулааны цахилгаан станц нь 24 МВт хүчин чадалтай үйлдвэрүүдийг цахилгаан, дулаанаар хангаж, жилд 665 мянган тонн ус ашиглан 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж түгээх бол цэвэрлэх байгууламж нь ахуйн болон үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх 6,700м³ / хоног хүчин чадалтай бөгөөд 20,000 м³/хоног хүртэл өргөтгөх боломжтойгоор төлөвлөгджээ. Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаар ажилласнаар 5,600 ажлын байр шинээр бий болж, татварын орлогод 86.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа 6.7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолол гарчээ.

Тус паркийн дэд бүтцийн төслүүд болох дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийг барих тендерт БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэл шалгарсан байна.

Нийслэлийн 2026 оны төсвийн жагсаалтад тусгаснаар эко паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2025-2028 онд гүйцэтгэж дуусгах хугацаатай бол уг ажлын нийт төсөв 224.6 тэрбум төгрөг байна. Үүнээс энэ онд 50 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.