Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт ирц хүрэлгүй хойшилсон Өршөөл үзүүлэх тухай хуулийг ажлын хэсгийг комиссын тайлан болон албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд мөн л ирц бүрдээгүй бөгөөд өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээс болж хуралдаагүй бол энэ долоо хоногт ч мөн МАН-ынхан хэлэлцэх асуудлаас завсарлага авах тухай хүсэлт гаргасан юм. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй. Ингэснээр хуралдаан МАН-ын гишүүдгүйгээр ирцээ бүрдүүлэн хуралдаж Өршөөлийн хуулийн тайланг сонслоо.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж мэдээллийг хаалттай сонсох хүсэлт гаргасан ч байнгын хорооны гишүүд хүлээж авсангүй. УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 13.8-д байгаа заалтыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уях шаардлага үүсэж буй аж.
Түүгээр дамжиж нууцын зэрэглэлд байх ёстой мэдээлэл нь ил болох нөхцөл үүсээд байгаа аж. Мөн сахилгын хариуцлага хүлээлгэх заалт дээр нэр дурьдсан хуульд туссан байгаа нь төрийн албаныхны дунд хүлээлт үүсгэжээ.
Нөгөө талаас хуулийн хэрэгжиж дуусах хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хязгаарлагдаж байгаа тул татвар, нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсч, ажлаа дийлэхгүйд хүрсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч ажлын ачаалал үүсчээ.
Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр бол арванхоёрдугаар сарын 07-ний байдлаар 3.5 их наяд, харин энэ сарын 15-ны урьдчилсан байдлаар тав орчим их наяд төгрөгтэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болсон байна. Нийтдээ 5,789 хуулийн этгээд тайлангаа ирүүлжээ.
Нийгмийн даатгалын байгууллагын хувьд гол ажлууд нь гараар хийгддэг, мөн гурван хүний асуудлыг шийдүүлэхийн тулд нэг компани таван өдөр зарцуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай нь харагдаж байгаа гэдгийг энэ үеэр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал хэллээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Хууль хугацаандаа буюу ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Татварын байгууллагууд татвараа төвлөрүүлэхийн тулд амралтын өдөр, шинэ жилийн баярыг нэг удаадаа тэмдэглэхгүй тэсээд ажлаа хий” гэж үүрэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!