ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ресторанууд үнээ буулгаач

О.Уянга
2015 оны 12 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ жил махны үнэ хямдраад, хотын бид харин ч нэг гялайж байна аа. Харин малчдын хувьд мал нь үнэ хүрэхгүй жаахан хэцүүхэн байх шиг байна. Гэхдээ зах зээлийн хуулийг яалтай билээ.

Нийлүүлэлт нь эрс нэмэгдээд ирэхээр үнэ буурдаг нь зах зээлийн хууль. Тийм болохоор малчид хэчнээн ч бухимдаад яах ч билээ. Нэг хэсэг өнчин төлөг 150 мянган төгрөгт хүрч, төв суурингийнхан махыг кг-аар нь биш хэрчмээр нь авах дээрээ тулж байсан. 

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг ч ёстой л үнэн юм. Яах вэ, ганц жил ч болов хотынхон хямдхан мах идэж, гялайг. Гэхдээ зах зээлийн хууль үйлчилдэггүй газрууд бас байна.

Өнөөдөр ямааны мах 1,000 төгрөг болох шахаж байхад хуушуур, буузны үнэ 800-гаас буухгүй байна. Гэхдээ яах вэ, ойрын өдрүүдэд зоогийн болон цайны газрын хоолны үнэ буураад байгаа.

Нийлүүлэлт нь эрс нэмэгдээд ирэхээр үнэ буурдаг нь зах зээлийн хууль.

Зарим газар бууз, хуушуураа 600 төгрөгөөр зарж байна. Харин ресторанууд хоолныхоо үнийг бууруулах янз алга аа. Өнөөдөр зах дээр ямааны мах гулуузаараа 1,500 төгрөг л байгаа. Гэтэл ресторанд хуушуур 1,000 төгрөг байна. Ийм байж болох уу даа. Уг нь махны үнэ шалан дээр уначихаад байхад хоолны үнэ дагадаггүй юм аа гэхэд, тэнгэрээсээ буугаад ирмээр байгаа юм.  

Энэ чинь л зах зээлийн хууль. Гэтэл манайхан болохоор илүү их ашиг олохын төлөө л зүтгээд байна уу гэхээс махны үнэ буурчихлаа, хоолныхоо үнийг бага ч болов бууруулчихъя гэж бодохгүй байна. Энэ янзаараа байвал хавраас махны үнэ жаахан өсвөл хоолныхоо үнийг дахиад хэдэн ч төгрөгөөр нэмж магадгүй юм байна л даа. Тийм болохоор хүчээр ч хамаагүй рестораны болоод зарим зоогийн газрын  хоолны үнийг буулгамаар байгаа юм. Юун төлөө ШӨХТГ гэж байгаа билээ. Ажлаа хийчихмээр юм. 

Уг нь хоолны үнэ зах зээлийнхээ хуулийн дагуу л буурах ёстой л доо. Үүнд төрийн байгууллага оролцоод байх нь утгагүй. Гэхдээ манайд зах зээлийн хууль гэдгийг сайн дураараа дагаж, мөрдөөд, нэгийгээ бодоод явдаг хүн алга.

Хэдийгээр махны үнэ буурсан ч гурилынх 50 төгрөгөөр нэмэгдчихсэн, тийм болохоор хоолны үнэ бууруулна гэдэг хэцүү гэх маягийн юм яриад л дайраад байна. Хуушуурны гуанз ажиллуулдаг хүмүүс гэхэд л махны үнэ буурсан нь хамаагүй. Гурил, тосноос эхлээд хуушуур хийхэд өөр олон материал ордог. Тэр бүхний үнэ буураагүй байна гээд л дайрах жишээтэй. Яг ийм зарчмаар хандаад байна, манайхан. 

Гэтэл өнөөдөр хоол хийж байгаа гол материал нь мах шүү дээ. Өнгөрсөн жил нэг кг хонины мах 8,000-аас буурсан бил үү. Гэтэл өнөөдөр 4,000 төгрөг л байна. Тэгэхэд 8,000-1,000 төгрөг байсан хуушуур, 7,000-9,000, цаашлаад 10 мянга давж байсан хоолны үнэ 50 хувиар биш юм аа гэхэд ядаж 20-30 хувь буурч болно доо. Яг яс юман дээрээ гурил, тосны үнэ ч өнгөрсөн жилийнхээс нэмэгдээд алсан юм байхгүй.

Хэвээрээ л байгаа. Тийм болохоор ресторан, зоогийн газрууд хоолныхоо үнийг буулгах хэрэгтэй гэж үглээд байгаа нь энэ. Бүр аргаа барвал, ШӨХТГ жаахан далайлгасан ч буруудах юм байхгүй л байна. Зарим зүйлд оролцохгүй бол зах зээлийн хууль нь хүч хүрэхгүй л байгаа шүү дээ.

Зураг