Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга 2015 оны арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэдгийг хэллээ.
Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг ямар нэгэн улс төрийн нам хамааралгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог.
Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлж санамсаргүй байдлаар сонгогдсон 400 иргэн энэ чухал үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэллээ.
Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин “Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн 23 улсын 40 гаруй хотод амжилттай явуулж тухайн хотын багагүй асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөрт анх удаа иргэдийн саналыг авахаар болсон нь маш чухал алхам болж байна. Нийслэлийн иргэдийг санамсаргүй сонгогдсон 400 иргэн төлөөлөх бүрэн боломжтой бөгөөд тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэлээ.
Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төр нийгэм, иргэний нийгмийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд, бизнес, урлагийн төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ саналыг авч, зөвлөлдөхөөр ажиллаж буй тус үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Зөвлөх хорооны гишүүдээр:
“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга арванхоёрдугаар сарын 12-ны 09:00 цагаас Төрийн ордны Их танхимд эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!