Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд зодсон багшид ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэж, цэцэрлэгийг нь хаажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 4
iKon.MN

Дундговь Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Фэйсбүүк хуудсан дээр нэгэн цэцэрлэгийн багшийн ёс бус үйлдлийг дэлгэсэн талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэхүү цэцэрлэг болон багшид ямар арга хэмжээ авсныг аймгийн удирдлагууд, цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

 

 ИТХ-ын дарга С.Буджав:

Өчигдөр манай ИТХ-ын ээлжит хурал болсон. Энэ үеэр тус цэцэрлэгийн талаар ярьсан. ИТХ-ын зүгээс аймгийн Засаг даргад “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ авах чиглэл өгсөн байгаа. 

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс арга хэмжээ аваад эхэлсэн гэсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан цэцэрлэгүүдийг камержуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүүхэд хамгааллын асуудлыг ярилцах хэрэгтэй болж байна. 

 

Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ:

Хүүхэдтэй зүй бусаар харьцаж байгаа багш эмэгтэйн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараах нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хэргийг битгий давтагдаасай гэдэг үүднээс олон хүнд хүргэх хэрэгтэй. 

“Оюуны хөгжил” бол хувийн цэцэрлэг. Тиймээс аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас юуны өмнө үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг өчигдөр аваад байна. Цаашлаад хүний эрхийн болон хүүхэд хамгааллын байгууллагууд өөрсдийн чиглэлээр ажиллаж дүгнэлт гаргах байх. 

Энэ хувийн цэцэрлэг учраас шат дараалсан арга хэмжээ авах боломжгүй байна. Улсын цэцэрлэг байсан бол цэцэрлэгийн багш, удирдлагуудад захиргааны арга хэмжээ авахаас эхлээд хариуцлага тооцох байсан. Гэхдээ эхний ээлжинд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхэд зодсон багш эмэгтэйг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

Аймгийн Боловсролын газар, Хүний эрх, Хүүхэд хамгааллын байгууллагууд болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсний дараа нэгдсэн дүгнэлт гаргаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

 

Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Л.Гүндсүрэн: 

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн. Ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг одоогоор хэлэх боломжгүй байна. Прокурорын байгууллагаас хэргийн дугаар одоогоор ирээгүй байгаа юм.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн:

Багш хүүхэд зодсон хэргийг Дундговь аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цагдаагийн Ерөнхий Газарт гомдол нь өчигдөр ирсэн. Хэргийг шалгаж эхлээд мэдүүлэг авч байгаа. Уг хэрэг намар болсон. Цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байгаа гэв.