Цэцэрлэгийн тогооч "О"-д зодуулсан хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар түүний аав, ээжээс нь мэдээлэл авах гэсэн боловч холбогдох боломжгүй байсан тул Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Л.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр "Хүүхэд зодсон хэрэг аравдугаар сарын 19-ний өдөр гарсан юм билээ. Хэргийн талаар мэдээлэл манай байгууллагад энэ сарын 2-ны өдөр ирсэн.
Аав ээжийнх нь гаргасан өргөдөлд дурдсанаар бол хүү арван сартай бөгөөд зодуулснаас хойш айж цочдог, гар нь татдаг, хоол өгөхөөр дургүйцдэг, гадны хүнээс айж уйлдаг болсон гэсэн байна. Тиймээс хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэхээр өнөөдөр гэр бүлээрээ шууданд суулаа.
Аав ээжийнх нь ажлын газраас хоёуланд нь нэг сарын цалинтай чөлөө өгсөн. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс замын зардалд нь дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаад байна" гэсэн мэдээлэл өглөө.
Хүүг зодсон эмэгтэй "Оюуны хөгжил" цэцэрлэгийн багш биш тогооч нь байсан гэдгийг мөн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!