ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний мэдэхгүй Тайгын эзэд

Б.Халиун, iKon.mn
2015 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цаатан буюу Тайгын иргэдийн тухай Улаанбаатарынхан бид бараг сонирхдоггүй, мэддэггүй. Гэтэл  цаатангуудын өвөрмөц амьдрал ахуй нь гадны сэтгүүлчдийн мэдээний сонирхолтой сэдэв, кино бүтээгчдийн зохиолын чимэг санаа болж, олон зуун жуулчны  хувьд хүн очих бараг боломжгүй газар очиж чадсанаа харуулах том сорилт болж байна цаана чинь.

Монгол хэлээр цаатан гэж бичээд гүүглээр хайхад мэдээлэл хомс олдоно. Харин англиар Dukha, Tsaatan гээд хайвал хамаагүй их мэдээ, нийтлэл, гэрэл зургууд гарч ирдэг нь нь дээрхийн нотолгоо.

Улаанбаатарчууд бид цаатангуудын тухай “Содура” гэдэг киноноос л бүдэг бадаг ойлголттой болсон байж магадгүй ч түүн дээр гардаг шиг амьдрал одооны тайгад огт үгүй юм аа.

Цаа унасан Монгол хэлтнүүд

Тус кинон дээр гардаг шиг ангийн арьсаар хувцас хийж өмсөж, цаа бугынхаа арьсаар урцаа барьдаг айл одоо байхаа больсон. Урцанд амьдарч, цаа малладаг л болохоос биш морь унадаг, монголоор ярьж, монгол дээл өмсдөг, бас ангийн мах биш хонь ямааны мах иддэг монголжсон хүмүүс юм. Гэхдээ цаатангууд өмсөж хэрэглэж байгаадаа санаа зовдоггүй, харин эх хэлээ алдах вий гэдэгт их сэтгэл нь түгшдэг.

Одоо хүртэл тайгадаа амьдарч буй цаатангууд бүгд ойролцоох сумддаа дунд боловсрол эзэмшсэн учир монгол хэлээр хоорондоо чөлөөтэй ярьж, залуус нь эх болсон урианхай хэлээ ховор ашиглаж байна. Хүүхдүүд нь сургуульд монгол хэлээр хичээл заалгадаг учраас залуу хойч үе нь эх хэлээ бараг хэрэглэхгүй болж нэг л мэдэхэд уусан алга болох вий гэж хөгшчүүл нь санаа зовдог ажээ. 

“Цагаан нуур сумын сургуульд сурдаг цаатан хүүхдүүдэд төрөлх Урианхай хэл дээр нь хичээл заагаасай гэж хүсдэг” гэж таван хүүхдийн ээж Пунсулын Ганбат гуай ярьсан юм.

Түүний том охин Сарантуяа хотод их сургуульд сурдаг. Хотод дээд боловсрол эзэмшсэн болон эзэмшихээр сурч буй цаатан залуус олон ажээ. Мөн Оросын Тувагийн Бүгд найрамдах улсад сурч төгссөн залуус ч бий аж. Тэр залуусыг сумын сургуульд багш болгож цаатан хүүхдүүдийг эх хэл дээрээ хичээл үзэх, эх хэлээ бүрэн эзэмшүүлдэг болоосой гэж тэрээр хүүрнэсэн юм.

Талд бороо орж байхад тайгад цас орж байдаг. Цаатангууд өвөл, зун ялгаагүй нэг давхар брезентэн урцанд амьдрах нь үнэхээр гайхмаар бас бахархмаар.

Ерөнхийлөгчийн цалин

Цаатангууд цааныхаа махыг бараг идэхгүй, ангийн махаар хүнс хийдэг байсан ч 2012 онд Зүүн тайгийг Байгалийн цогцолбор Тусгай хамгаалттай газар нутаг болгон ан гөрөө хийхийг хоригложээ. Мөн Тусгай хамгаалттай газарт хэд хэдэн онцгой бүс байгуулж зөвхөн судалгаа шинжилгээний зорилгоор хүн орохыг зөвшөөрсөн нь цаа бугаа бэлчээдэг зарим бэлчээр нутаг нь хамрагдсанд сэтгэл гонсгор явдаг байна. Насаараа ан гөрөө хийж амьдралаа залгуулж ирсэн цаатан иргэдэд энэ өөрчлөлт хүнд тусдаг бололтой.

П. Ганбатын нөхрийг мөн Ц.Ганбат гэдэг. Цэндээгийн Ганбат “ерөнхийлөгчийн мөнгө гэж байхгүй, аялал жуулчлал хөгжөөгүй байхад энэ бөглүү тайгад таван хүүхдээ ан гөрөөгөөр л тэжээж хүн болгосон” гэж ярьсан юм.

2012 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаатан иргэд дээр ирж аж амьдралтай нь танилцахдаа ерөнхийлөгчийн мөнгө гэж сар бүр том хүнд 130 мянга, хүүхдэд 70 мянган төгрөг амжиргаагаа залгуулахад нь зориулж өгдөг болжээ. Энэ мөнгөний ачаар л цаатангууд Цагаан нуур сумын малчдаас хонь, ямааны мах, суурин газраас гурил гоймонгоо авч иддэг болжээ.

Тэдний хөршийг мөн Сандагийн Ганбат гэдэг, 57 настай эр бий. (надтай ярилцсан хүмүүс бүгд  Ганбат гэдэг нэртэй). “Ерөнхийлөгчийн мөнгө гэж байгаагүй бол тайгын эрчүүд мах олж идэхийн тулд ангаа үргэлжлүүлнэ. Аягүйтвэл баригдаад дээлээ нөмрөөд шоронд явах байлаа. Үлдсэн хүүхнүүд нь хүүхдүүдээ тэжээхийн тулд цаагаа идэж дуусаад, тал руу бууж ажилгүйчүүд болох байсан биз” гэж надад ярьсан юм.

Цаатангаас олон жуулчин
 

За тэгээд цаашилбал цаатангуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг бол жуулчдад зургаа авахуулах, яагаад тайгад одоо болтол амьдарч буйгаа, өвөл ямар аймаар хүйтэн байдаг тухай жуулчдын асуултад хариулж дахин дахин ярих.

Үнэхээр ч энэ цаатан иргэдийг зорих жуулчдын тоо үлэмж их юм аа. Цагаан нуур сумын нутагт орших Зүүн тайгад зургаан өрх айл байсан ба тэд нийлээд 15 хүрэхгүй цаатан хүн байхад очсон жуулчин нь 20-иос их байх жишээтэй. Хоноц хоноцдоо дургүй гэдгийг тэнд л үзлээ. Ер нь тэнд жуулчингүй улирал гэж алга. Зарим жуулчин дөрөв хононо, зарим нь хоёр долоо хоног, зарим нь бүр гурван сар. Бүтэн жил амьдардаг жуулчид ч байна.

Тэнд байгаа хэсэг жуулчидтай ярилцаж үзэхэд, ер нь л хүн дааж тэсэхээргүй хүнд аяллыг туулж, хүн болгон очиж чадахгүй хамгийн сонин содон амьдралтай хүмүүс дээр очдог өөр хүн гэдгээ харуулах гэж машинаар хорь гаруй цаг, мориор хагас өдөр яван байж тайгыг зорьдог бололтой. Зарим нь бол хөгжингүй орнуудад амьд харилцаа олж чадахгүй, хөгжил дэвшилгүй хүнхэр тайгын хүнээрээ байгаа улсуудыг харах гэж ирлээ ч гэх шиг.

Цаатан иргэд ирсэн жуулчдаа “урц-hotel”-д хонуулж, цаа бугаа унуулж, цаа бугын эврээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсээ зарж, баримтат болон уран сайхны киноны зураг авалтад нь оролцох зэргээр нэмэлт орлоготой сайхан амьдарч байна. Айл бүр сансрын утастай учраас Баруун Тайгын нөгөө цаатангуудтайгаа, хотод байгаа оюутнуудтайгаа, Цагаан нуурт сургуульд сурах хүүхдүүдтэйгээ дуртай цагтаа холбогдож, "Малчин” антенаараа зурагтаа үзэж хэнээс ч дутахгүй, хоцрохгүй сайхан амьдарч байна.

Цаатангууд дээр очих жуулчид мөн Хөвсгөл аймгийн болон, Цагаан нуур сумын малтай айлуудын амжиргаанд ч гэсэн маш их хувь нэмэр оруулдаг. Цагаан нуур, Ренчинлхүмбийн малтай айлууд морьдоо хоногийн 20-25 мянган төгрөгөөр унуулж Тайгад аваачиж өгнө. Гурван жуулчин цаатан очно гэж бодоход, ачаагаа ачих морих нэмээд таван морь авна. Хоёр юм уу гурван жуулчны дунд нэг хөтөч хэрэг болно. Тэгэхээр нэг айлаас хоёр хүн хөтөчөөр ажиллана гэсэн үг. Хөтөч нь гэсэн өдрийн хорин мянга, хөтөчийн унаж байгаа морийг бас түрээсэнд тооцдог учраас нийлээд дор хаяж долоон морь авах хэрэгтэй болно доо.

Цагаан нуур сумын 2-р багын малчин Б.Лхагвасүрэн гуай малаа маллахын хажуугаар жуулчдад морин хөтөч хийж, морио түрээслэдэг ажээ. Намаржаа нь Зүүн Тайгаас 10 гаруй километрийн зайтай учраас жуулчны компаниуд эднийхээс морь авч тайга гардаг. Б.Лхагвасүрэн гуайн хоёр хүүхэд оюутан учраас төлбөр, байр түрээслэх гээд байнга л хот руу мөнгө явуулах хэрэгтэй болдог ба цаатангуудын ачаар нэг юм болгоод байгаа ажээ. 

Ялангуяа сүүлийн үед махны үнэ буурч байгаа хүнд цагт цаатанг зорих жуулчдын цуваа түүн шиг малчдын аминд орж байна. Мөн Цагаан нуур, Улаан уул сумын төвд гэр-зочид буудал, дэлгүүрүүд жуулчдын ачаар орлого тасрана гэж үгүй ээ.

Цаатангууд өөрсдөө ч гэсэн адуутай, Цагаан нуурын төв дээр өөрсдийн гэсэн бяцхан зочид буудалтай. Жуулчид цаатангуудаас ч морь авч болно, нутгийн малчдаас ч морь авч болно.

Тайгад амьдрахад тэвчээр хэрэгтэй
 

 

Тайгын амьдралын хамгийн тайван, өнгөн хэсэг нэг иймэрхүү.

Чоно урцанд орж ирж хүн рүү дайрах, өвлийн хүйтэнд хүүхдүүд нь өвчин тусах, хүүхдүүдээсээ хол амьдрах гээд тэр болгон  хэлдэггүй л болохоос хүнд бэрх өдрүүд мундахгүй. Тийм ч учраас цаатан залуус тайгын амьдралаа орхиж, төв суурин газар бараадаж байна.

Сандагийн Ганбат гуай одоо нас өндөр болсон, эхнэр Пүрэвээ нь үе мөч нь өвддөг болж Тайгадаа амьдарч дийлэхээ больж Цагаан нуурт байшин барьж, сургуульд сурч байгаа хүүхдүүдтэйгээ ойр амьдрахаар шийджээ.

Саяхан Монголчууд Оросод нэг сар визгүй зорчих боломжтой болсны дараахан Пүрэвээ гуай Тува улсад очиж төрсөн эгчтэйгээ уулзаад иржээ. 58 жил уулзаагүй эгчийнхээ зүс царайг харж зөндөө их уйлсан бас хичнээн их баярлан хөөрч, элэг нь дэвтсэн тухайгаа нүдэндээ гэрэл цацруулан ярьж байлаа. 

Цаатангууд бол Түрэг гаралтай, Урианхай буюу Туваа үндэстэн. Тува болон Монгол улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласан. Харин Тува 1944 онд Зөвлөлтийн холбоонд нэгдэж, Оросын нэг хэсэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайн болж их өлсгөлөнгөөс дүрвэсэн Тува, Буриад үндэстнүүд Хөвсгөлийн Тайга, Цагаан нуурт орж ирж түр хугацаагаар суурьшиж байхад хил татаж, ах дүү амраг садангууд хоёр талд тусгаарлагдсан байна. Одоо ч эдгээр Цаатан ардын ойрын садан төрлүүд нь Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тува улсад амьдарч байгаа ажээ. Цаатангууд Оросын Тува нартайгаа холбоо харилцаа сайтай амьдрахыг хүсдэг ч хилээр чөлөөтэй зорчих асуудал саяхан шийдэгдэж одоо л боломжтой болсон болно. Ийм өдрийг цаатангууд тэвчээртэй хүлээжээ.

Түүнчлэн Оросын цаатангууд яг орос хүн шиг, Монголын цаатангууд яг Монгол хүн шиг болж хоёр өөр соёл, сэтгэлгээнд ууссан учраас одоохондоо дотно харилцаа тогтоох мөч хараахан бүрэлдээгүй аж. Цаатангууд өөрсдөө ч цус ойртолтыг шийдэх гол гарц нь Оросод амьдардаг Тува нартайгаа найрсаг дотно харилцаатай байх гэж үздэг байна.

Нийт 300 гаруй цаатан үндэстэн одоо Монголд аж төрж буйгаас өдгөө 40 хүрэхгүй өрх айл Тайгадаа үлджээ.

Гэхдээ л онгон зэрлэг тайгадаа эзэн нь хэвээрээ үлдэх үү, эсвэл хүүхдүүдээ соёлтой боловсролтой хүн болгож хот бараадах уу, аль хүртэл бөглүү Тайгад харанхуй бүдүүлэг амьдруулах вэ гэдгээ удаан бясалгаж байгаа аж. Эхнэр нөхөр хоёр Ганбатын хувьд хүүхдүүд нь хот явна гэвэл явуулна, цаагаа маллана гэвэл дэмжинэ, - амьдралаа яаж ч сонгосон ойлгож хүндэтгэнэ гэж ярьсан юм. Гэхдээ л аль нэг хүүхэд нь цаагаа маллаад тайгадаа үлдэх байх гэж найддаг байна. 

Гэрэл зургийг Мадока Икегами


 

Өгүүллийг Баярцогтын Халиун

 
 
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.64] 2015/12/2
ЭНЭ ТАЙГА ЧИНЬ СОДУРА КИНО ДЭЭР ГАРДАГ Ш ДЭЭ
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.53] 2015/12/3
Тэрнээс бараг л тэс ондоо гэсэн санаатай юм яваад байна ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.64] 2015/12/2
ЗӨВ ШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.212] 2015/12/2
Tsaatanguud gej Tuva ugsaanii, Tuva heltei ard tumen shuu. Tuva Urianhai 2 ch bas l tus buriin ugsaa garaltai. Nariin sudalgaan deer tulguurlaj baij bichij baihgui bol olon huniig toorogdold oruulj bolohgui shuu dee!
7 | 0 Хариулах
ners [59.153.115.229] 2015/12/2
ангийн мах гэдэг юм шүү дээ. Анга гэдэг ямар үг байдаг юм бэ. Нөхрийн гэхэд ө гээгдэнэ. Үг үсгийн алдаа арай л их байна. Гоё сэдэв барьж аваад ийм алдаатай бичнэ гэдэг тоогүй. Икон үг үсэг хянадаггүй юм уу?
7 | 1 Хариулах
Зочин [49.0.162.230] 2015/12/2
Хэн, хаана төрнө хэрэг зорилгоо тэндээ гаргана гэдэг шиг энэ хэдэн хүнийг тайван байлгаасай.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.7.196] 2015/12/2
tsaatangaaraa baisan n deer biz dee
2 | 0 Хариулах