Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс хаягдал төмрийн цэг болжээ

Н.Пунцагболд
2015 оны 11 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Ганцхан жишээ татаад үзье. Монголоос дэлхийн бүхий л орны, аль ч цаг үед үйлдвэрлэсэн хуучин машиныг нэг дор үзэж болно гэсэн сонирхолтой мэдээлэл хэзээ ч билээ гарч байсан юм даг. За даа, бараг л 100 хувь үнэн байж болох л мэдээлэл шүү. Солонгост аль хэдийнэ үйлдвэрлэгдэхээ больсон Эксел Монголд явж л байна.

Японд үйлдвэрлэхээ больсон машинууд ч Монголд байгаа. Гэх мэтээр тоочоод, нэрлээд байвал цаг, цаасны гарз болно. Ингээд бодохоор Монгол Улс дэлхийн хаягдал төмрөө хаядаг цэг болчихсон байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Одоо ганц асуулт асууя. Өнөөдөр Монголд 2014, 2015 онд үйлдвэрлэсэн машин, мотоцикль унаж байгаа хүн хэд байгаа вэ. Албан ёсны тоон судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 600 мянга гарсан, 700 мянга шахсан автомашин байгаа юм билээ. Мэдээж автомашины тоо өдөр битгий хэл цагаар нэмэгдэж байхад 600 тэдэн мянга гэж нарийн хэлэх хэцүү л дээ.

Дээрээс нь өдөрт 200 орчим автомашин улсын дугаар авч байгаа. Энэ олон машины хэд нь шинэ вэ. За 2014, 2015 оны машин сураглахаа болъё. Ядаж л 2012, 2013 оны машин хэд байна гэж асууя л даа.

700 мянга шахсан олон машины ядаж 50 мянга нь 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин байж чадах уу. Бараг л үгүй болов уу даа. Ихэнх нь 2000-2008 оны машин л байгаа. Япон, Солонгостоо төмрийн хаягдал болох дөхсөн машинуудыг нааш нь оруулж ирдэг гэхэд нэг их хатуудсан болохгүй байх. Мэдээж олон хүн машин хуучиддаггүй юм. Мотор, хропыг солиод, засч янзлаад унаж болно. 

Гадаадад өнөөдрийг хүртэл аль 1970, 1980 оны машин явж л байна гэх мэтээр дайрч магадгүй. Гэхдээ манайд хуучин машинаа тултал нь засаад, хар утаа хаяж байгаа мотороо солиод, машины үйлдвэрлэсэн он бол зөвхөн тоо гэдэг утгаар нь унаж байгаа хэдэн хүн байна. Тун цөөн шүү дээ. Ихэнх нь л тосоо солиод, дугуйгаа хагарвал запасыг нь сольж тавиад л явж байгаа.

Зөвхөн машин гэлтгүй мотоцикль дээр ч энэ жишээг ярьж болно. Саяхан хөдөөгүүр хэд хоног яваад ирлээ. Гэтэл малчид, тэр дундаа настайчууд “Монгол дэлхий нийтийн төмрийн хаягдлыг цуглуулдаг цэг болж гүйцлээ” гэж хэлж байна билээ. Бараг л мотоцикль нэртэй хоёр дугуйтай ямбий төмөр байсан ч хамаагүй оруулж ирж байна.

Малчдын санаагаар бол энэ олон мотоцикль оруулж ирж байгаа компанийн эрхийг хязгаарлах хэрэгтэй.

Түүнийг нь малчид янз бүрээр нь авч унаад, эвдрэхээр нь өвөлжөөн дээрээ хаячихаад, дахиад нэг шинийг авдаг. Энэ мэтээр хөдөө, орон нутаг хятад мотоциклийн сэгээр дүүрч байгааг ч хэлж байсан юм. 

Нээрээ л өнөөдөр Хятадаас төрөл бүрийн нэртэй, эдэлгээ даахгүй, эвдрэл хурдантай, аюулгүй байдал гэдгийг ор тас мартсан мотоциклиудыг дуртай нь оруулж ирж байна. Малчдын санаагаар бол энэ олон мотоцикль оруулж ирж байгаа компанийн эрхийг хязгаарлах хэрэгтэй аж. Тэгэхдээ Монголын цаг агаар болоод газар нутгийн онцлогт тохирсон сайн унаа оруулж ирэх цөөн хэдэн компанид л эрх өгөөд, сайн хянаж байвал сайн гэдгийг хэлж байсан.

Тэгэхгүй бол хятад мотоциклиос болж залуучууд эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдаж байна. Ингээд л унаж яваа эзэн нь эрүүл мэндээрээ хохирч, унаа нь төмрийн хог болоод л энд тэнд хаягдаж байгаа юм. Монгол Улс нэг иймэрхүү маягаар л төмрийн хаягдлын цэг болж байна. Магадгүй 10 жилийн дараа сая давсан машинтай болж, хуучныг нь хаях цэг нээх гэж бөөн ажил болох вий дээ. 

Зураг