Хөдөлмөрийн Үндэсний Намаас “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх ард нийтийн хурал”-ыг зохион байгуулж байна.
ХҮН-ын дарга С.Боргил “1992 онд ард нийтээр хэлэлцэж баталсан Үндсэн хууль бол бидний ардчилсан нийгмийн хамгийн том бэлгэ тэмдэг. Тэр үед нийт хүн амын тоо 2.2 сая байсан тэгэхэд биднийг төлөөлж байсан парламентын төлөөлөл маань 400 гаруй байсан. Харин өнөөдөр төлөөлөл 76, хүн амын тоо гурван сая гаруй болсон байна.
Үндсэн хууль бол бидний ардчилсан нийгмийн хамгийн том бэлгэ тэмдэг.
Түүнчлэн тэр үеийн улс төрийн орчин цайлган, цэвэр мөнгөгүй байсан. Тийм учраас маш цэвэр орчинд Үндсэн хуулийг “Эх барьж авсан” гэж үзэж байгаа. Үүний дараа улс төрчид өөрчлөгдөж, туршлага, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй болоод 2000 онд ҮХ-д өөрчлөлт хийсэн. Үүнийг одоо “Дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэдэг. Энэ өөрчлөлт хуулийн чадамжийг алдагдуулсан. Харин одоо оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлт ҮХ-ийг дархлаагүй болгоно.
Гэтэл хэд хоногийн өмнө дахин ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь ҮХ-ийг өөрчлөх журмын тухай хуулиа зөрчиж байна.
Мөн нэмэлт өөрчлөлтөөр УИХ, ЗГ өөрийн үнэмлэхүй эрхээ нэмэгдүүлж байна. Ингэхдээ эрдэмтэн судлаачид, нам эвслүүд, ард иргэдээс санал авсангүй. Оролцуулсангүй. Энэ утгаараа ард нийтийн зөвшилцлийн гол бэлгэ тэмдэг болж чадсангүй” хэмээн ярилаа.
ХҮН-ын зүгээс 2015 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Үндсэн хуульд ард нийтийн саналыг тусгах зорилгоор тайван жагсаал зохион байгуулж, УИХ-д шаардлага хүргүүлж байжээ. Нэг сарын хугацаа өнгөрсөн ч тус шаардлагын хариу ирээгүй учраас дахин долоодугаар сарын 31-нд шаардлага хүргүүлсэн байна. Дээрх хоёр шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй төдийгүй 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нд хүргүүлсэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байгаа талаар” шаардлагын хариу ч мөн адил ирээгүй байгаа гэдгийг өнөөдрийн хурлын үеэр хэлж байлаа.
ХҮН-ын ЕНБД-ын зөвлөх, судлаач Д.Үүрцайх “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна. Тухайлбал,
Нэгдүгээрт, УИХ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 8 дугаар зүйл буюу “Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”-ыг бүхэлд нь санаатайгаар зөрчиж байна.
Уг хуулийн 8.1-д зааснаар Улсын Их Хурлын гишүүн нь нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд болон дор дурдсан асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй юм. Үүнд:
8.1.1.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах:
8 1.2 Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг, хариуцлагыг сулруулах;
8.1.3.гүйцэтгэх болон шуух эрх мэдлийг тодорхой бүрэн эрхийг олж авах” гэж заасан.
Гэтэл УИХ-ын байгуулсан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн:
3-р зүйлийн 2 дугаарт: Ерөнхийлөгчийг сонгох эрхийг УИХ-д шууд олгож, УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөсөн. (Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт)
З-р зүйлийн 6 дугаарт: Улсын Дээд Шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжлахаар зохицуулж, УИХ-ын бүрэн эрхийг мөн өргөтгөсөн.
3-р зүйлийн 7 дугаарт: Улсын Ерөнхий Прокурорыг УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжлахаар зохицуулж, УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөсөн.
4-р зүйлд: “далан зургаа гэснийг ерэн ес гэж” өөрчилсөн.
4-р зүйлд: “дөрвөн гэснийг таван гэж” өөрчилж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгасан (Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт) заалтуудыг тусгасан нь дээр дурдсан 8 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна.
Хоёрдугаарт, УИХ, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрийг шууд зөрчиж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэснийг зөрчиж УИХ өөрийн боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш бөгөөд УИХ-ын хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагааг Үндсэн хуулийн Цэцийн хяналтаас гаргах зорилготой, 1999 оны зөрчлийг давтсан явуургүй, уваагүй, хууль бус үйлдэл гэж бид үзэж эрс буруутгаж байна.
Гуравдугаарт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл хууль зөрчсөн агуулгатай байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн агуулга бүхий Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан өргөн барьсныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.
Хууль зөрчин нууц байдлаар хуулийн төслийг боловсруулж, гэнэт өргөн барьж, УИХ-аар маш хурдан хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна” гэлээ.
“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх ард нийтийн хурал”-д Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны Гүйцэтгэх захирал Д. Мандах оролцож санал бодлоо хуваалцаж байна.
Тэрбээр “2000 онд ҮХ-д хийсэн нэмэлт өөрчлөлт үндсэндээ хуулийг дордуулсан. Одоогийн улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн өөрчлөлт энэ өөрчлөлтөөс болсон. Харин одоо хийх гэж байгаа өөрчлөлт төрийг самарна. Гэхдээ энэ өөрчлөлтөд авах гээхийн ухаанаар хандах юм бий.
Манайх холбооны зүгээс юуны өмнө ҮХ-д хийсэн “Дордуулсан долоон өөрчлөлт”-өө залруулах шаардалгатай гэж үзэж байгаа. Үүний дараа бүх нийтийн саналыг тусгаж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн хүчнүүд оролцсоны үндсэн дээр шинжлэх ухааны үндэстэйгээр Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж байж л тогтвортой, урт настай хууль батлах шаардалагатай байна.
Одоо л өөрчлөхгүй бол найман жилээр хугацаа алдана гэж зарим хүмүүс ярьж байгаа. Бид үе үе цанга дугарч, байхын оронд бүгдээрээ урт хугацаанд зөвшилцөж, ухаанаа уралдуулаад цэгцтэй хуулийг батлах хэрэгтэй. Үүнд угаасаа урт хугацаа шаардагдана” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|