Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлээс өвлийн бэлтгэл ажлын асуудлаар мэдээлэл хийлээ.
Замын цас, мөсийг цэвэрлэх зорилгоор нөөцөлсөн бодисыг 20 гаруй удаагийн цас ороход хэрэглэх юм байна. Ингэхдээ 1 метр квадрат талбайд 200 грамм бодис цацахаар тооцож нөөцөлжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Улаанбаатар нэгтгэлийн Ерөнхий инженер бөгөөд Шуурхай удирдлагын төвийн дарга С.Баяр-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Нөөцөлсөн давс, бодис хүрэлцээтэй юу, хэд хоногийн өмнөх цаснаар бодис цацахгүй халтиргаа гулгаа үүслээ гэх шүүмжлэлүүд их гарсан?
-Нөөцөлсөн давс, бодис, элс хангалттай. 20 гаруй удаагийн цас ороход хэрэглэж хүрэлцэнэ гэж тооцож байгаа.
Бодисын талаар энд нэг зүйлийг тодруулж хэлж өгье. Манайд цас орохдоо ихэвчлэн шуурч, газарт буухаасаа өмнө хөлддөг учраас шууд мөстөлт үүсдэг. Тиймээс мөстөх явцыг удаашруулах зорилгоор давс, бодис элс зэргийг хэрэглэдэг. Цас хөлдөх явц удааширч нялцгар хэлбэртэй болсон үед нь шуурхай цэвэрлэх боломжтой байдаг. Түүнээс биш бодис цацаад л шууд хайлаад урсана гэж байхгүй.
Бодистой цас мөсийг хаяхгүй бол болдоггүй. Ногоон байгууламж руу хийвэл ургамлыг үхүүлэх аюултай. Тиймээс зөөж хаядаг машинуудаас гадна машинд ачдаг бага оврын олон үйлдэлт трактороос энэ жил зургааг нэмж авсан. Аль болох хурднаар цас, мөсийг цэвэрлэхээр зорьж ажиллаж байна.
Мөстөх явцыг удаашруулах зорилгоор давс, бодис элс зэргийг хэрэглэдэг.
Өнгөрсөн удаагийн цасны үеэр нийт машинуудын 90 орчим хувь нь зуны дугуйтай, иргэд ч өвлийн гутал, хувцсаа өмсөөгүй байсан. Тиймээс зориулалтын дугуй тавиагүй явж байгаад халтирч осолд орсон, гэмтсэн хүмүүсийн хохирлыг манай байгууллага хариуцахгүй.
Түүнчлэн цас мөс цэвэрлэх шуурхай баг гарган 24 цагаар дуудлагаар ажиллуулж байгаа.
Улаанбаатар нэгтгэл хотын бүх зам талбайг хариуцаж ажилладаг гэж ойлгож болохгүй. Энхтайваны өргөн чөлөө,Чингисийн өргөн чөлөө,Чингэлтэйн өргөн,Хувьсгалчдын гудамж, Нарны зам/гэх мэт гол магистраль замуудыг хариуцан ажилладаг. Бусад хороолол доторх гудамж зам талбайг зургаан дүүргийн тохижолт дэд бүтцийн хэлтэс болон түүний харьяа ТҮК хариуцан ажиллаж байна.
-Явган хүний зам дээр бодис цацдаг уу, иргэд унаж гэмтэх тохиолдол өвлийн улиралд эрс нэмэгддэг шүү дээ?
-Явган хүний замын цасыг ногоон байгууламж руу үлээх зориулалттай төхөөрөмжийг өнгөрсөн жил туршиж үзээд боломжтой юм байна гэж үзсэн учраас энэ жил тухайн төхөөрөмжөөс 10 ширхэгийг аваад байна. Энэ төхөөрөмж нь бензинээр ажилладаг бөгөөд хүн үүрч яваад цасыг ногоон байгууламж руу үлээлгэх зориулалттай.
-Шуурхай баг шинэ менежментээр ажиллана гэлээ. Хэрхэн ажиллахыг тодруулж өгөөч?
-Улаанбаатар нэгтгэлийн баруун зүүн хоёр салбарт хоёр шуурхай баг байдаг. Шуурхай багууд ихэвчлэн механизмаар цэвэрлэж болохгүй байгаа болон төв гудмаас салбарласан даваа гүвээтэй замуудыг шуурхай цэвэрлэж ажилладаг. Мөн жижиг дуудлагуудад явж байгаа. Үндсэн ажилчид маань том уулзвар замууд дээр ажиллаад ачаалал ихтэй байдаг учраас шуурхай баг бусад ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Шуурхай баг маань иргэдийн болон ЗЦГ-ын дуудлагаар ажиллаж байгаа бөгөөд ААН, байгууллагууд ч гэсэн дуудлага өгч давс, бодисын төлбөрийг төлөөд гадна орчиндоо цацуулах боломжтой болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!