Монгол-Солонгосын политехник коллеж авто кузов засварчин бэлтгэж эхэллээ
Авто кузов засварын үндэсний мэргэжилтнийг анх удаа мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлснийг албан ёсоор зарлах нээлтийн ёслол өнөөдөр Монгол-Солонгосын политехник коллежид боллоо.
Улсын хэмжээнд авто засварын үйлчилгээ эрхэлдэг том жижиг аж ахуйн нэгж 700 орчим байдаг ажээ. Тэдгээрийн кузов засвараар дагнасанд нь голдуу гадныхан ажилладаг нь манайх үндэсний мэргэжилтэн бэлтгэдэггүй байсантай холбоотой юм.
Монгол-Солонгосын политехник коллежийн захирал Г.Оюунбилэг “Дадлага голлосон сургалтаар ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байгаа. Дадлагыг авто завсарын үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг түшиглэн явуулж, улмаар төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтой.
Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж, суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгуулсан” гэлээ.
Дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс шинэ мэргэжлээр төгсөөн хүмүүст болон тэднийг ажлын байраар хангасан ажил олгогчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд хамруулах замаар дэмжлэг үзүүлэх ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

